/2022.09.06/: БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж энэ сарын 5-7-ны өдрүүдэд БНСУ-ын Сувон хотноо Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан форум (APCAP 4)-д оролцож байна.
Энэхүү форумын хүрээнд оролцогч талууд бүс нутгийн агаарын чанар, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар ярилцах, агаарын бохирдлын хяналт, мониторингийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цэвэр агаарын төлөөх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьдог.
Уг форумд оролцож буй БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндоржийн тухайд нээлтийн илтгэлийг тавьж, Монгол Улсын агаарын чанарын төлөв байдал, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах цаашдын боломжуудын талаар танилцууллаа.
Тэрбээр, илтгэлдээ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шийдлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэв.
Манай улсын хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалтыг улсын болон орон нутгийн төсөв, агаар, ус бохирдуулсны төлбөр, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж зэргээс бүрдүүлнэ гэж заасан байдаг. Гэвч улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийн хүрэлцээнээс хамаарч агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, арга хэмжээг хангалттай үр дүн гарахуйц хэмжээнд санхүүжүүлэх боломжгүй явж иржээ.
Нөгөө талаар агаар, ус бохирдуулсны төлбөрийн орлогыг тухайн бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулахгүй байгаа нь хүндрэл дагуулсаар байна. Тиймээс Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн боломжийг судалж байгааг БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж илтгэлдээ онцоллоо.
Тухайлбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан үндэсний ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилт тусгагдсаны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган”-ныг зохион байгуулсан. Энэ үеэр “Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг”-ыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан байдаг аж.
Мөн Монгол Улсын Сангийн яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний Санхүүжилтийн нэгдсэн стратеги (Integrated National Financing Framework-INFF)” -ийн төслийг боловсруулан Тогтвортой хөгжлийн үндэсний хороогоор 2022 оны наймдугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлж, тус хорооны шийдвэрийн дагуу Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд нар хамтран батлахаар ажиллаж байна.
Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгосноор агаарын бохирдлыг бууруулах, цэвэр агаарын төлөөх арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Тогтвортой хөгжлийн зорилт/ТХЗ/-ын 3.9.1 Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт, өвчлөлийг бууруулах, 7.1.2 Айл өрхүүдийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг хангах, 11.6.2 Агаарын чанарыг сайжруулах замаар хотуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зэрэг заалтад нийцүүлэн баталж, агаарын чанарыг сайжруулах механизм бий болох юм.
Манай улсын хувьд ТХЗ-уудад хүрэхэд 2021-2030 ДНБ-ний 14-28%-тай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарчээ. Тиймээс гадаад зах зээлээс тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татахын зэрэгцээ дотоодын нөөц бололцоог ч мөн адил тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан ашиглах шаардлагатай.
Түүнчлэн агаарын бохирдолтой тэмцэхэд Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээс гадна агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоог бууруулах, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн зуух, яндангийн хэрэглээнд инновацын шийдлийг нэвтрүүлэх гэх мэт томоохон үр дүн бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улс агаар, ус бохирдуулсны төлбөр, хог хаягдлын төлбөр зэрэг төсвийн орлогын тодорхой хувь хэмжээг агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэхэд ч мөн анхаарч ажиллаж байгааг дурдав. Энэ жилийн Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан форум (APCAP 4)-д Монгол Улсаас гадна бүс нутгийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон улсын байгууллагууд, бүс нутгийн хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна. Форум маргааш буюу энэ сарын 7-нд өндөрлөнө.
Эх сурвалж: БОАЖЯ