/2022.08.16/: Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яам болон Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейгээс жил бүр зохион байгуулдаг “Шинжлэх ухаан, технологийн яармаг”-т Монголын үндэсний оньсон тоглоомын үзүүлэнг дэлгэв.
“Тайландын шинжлэх ухаан, технологийн яармаг” нь тус улсын оюутан, сурагчид болон шинжлэх ухаан, боловсролын байгууллагын дунд өргөн дэлгэрсэн, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм.
Энэ жилийн яармаг нь “Урлаг, шинжлэх ухаан, инноваци ба тогтвортой нийгэм” сэдвээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тайландын боловсрол, судалгааны байгууллага болон гадаадын зарим улсын боловсролын байгууллагаас оролцож байна. Энэ сарын 13-наас 21-ний өдөр үргэлжлэх яармагийг цар тахлын улмаас ойролцоогоор 200,000 гаруй оюутан, сурагч үзэж сонирхоно гэсэн тооцоо гарсан байна.
Яармагт тавигдсан олон төрлийн оньсон тоглоомыг “Оюун ухааны олон улсын музей”-г үндэслэгч, соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий урласан бөгөөд эдгээр тоглоомыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд өнгөрөгч зургаадугаар сард зочлох үеэрээ хандивласан юм.
Эх сурвалж: БЕГ