/2024.04.02/: “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
НҮБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улс үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. 2023 оны үерт зөвхөн Улаанбаатар хотод 2000 гаруй иргэн өртсөн гэсэн судалгаа гарчээ.
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засч шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Яг энэ үед уг төсөлийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил юм.
Ингэснээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох нийгмийн чухал ач холбогдолтой.
Үүний хүрээнд гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-т өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр төрийн алба хаагчид болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж дадлагажуулах юм.
Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын арга туршлага, чанар, стандартыг нэвтрүүлэх нь хамгийн чухал.
Эх сурвалж: ШСАА