Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдрийн үдээс хойно болж, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын Ш.Адьшаа, мэдээлэлгүй, хөрөнгө мөнгөний дутагдалтай иргэдийн хувьцааг төрөөс өмнөх сонгуулиудын үеэр мөнгөжүүлж авсныг ногдол ашгаас нь суутган буцааж өгөх тухай, Улсын Их Хурлын Б.Пүрэвдорж, Нийгмийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын дагуу тэтгэврийн хэмжээг долоон жилийн цалингийн дунджаар тогтоохоор заасныг Засгийн газар буруу хэрэгжүүлж буй тухай, Улсын Их Хурлын Ж.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгох тухай асуудлуудыг ярьж, эдгээрийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.
““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хорооноос тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газраас тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Д.Батлут нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ногдол ашиг тараах эсэх, тус компанийн өр төлбөрийн талаар асууж, тус тогтоолоор зохицуулагдах боломжгүй зарим асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн байна.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.0 их наяд төгрөгийн ашигтай ажиллахын 2.0 их наяд төгрөгийг 3.5 сая иргэндээ ногдол ашиг болгож өгвөл нэг хүнд 580 000 төгрөг ногдоно гэж одоогоос сарын өмнө Байнгын хорооны хурал дээр хэлж байсан хэмээгээд, үүнийг цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцүүлэн олговол эдийн засагт доргилт өгөх магадлалтай тул цагаан сарын өмнө өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагаа дурав.
Тэрбээр, 2022 оны ашиг 120 000 гаруй төгрөгийг цагаан сарын өмнө, 2023 оны ашиг 450 000 гаруй төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгөх нь зүйтэй гэж үзэж байна гээд ногдол ашгийг дутуу олговол үлдэх хэсгийг хэн хулгайлж, луйвардаж байгаа тухай асуудлыг ярина гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төрийн өмчит компаниуд, байгалийн баялагт хулгай, луйвар нүүрлэж, ашиг, орлогыг үр ашиггүй зарцуулж байгааг дурдаад, иргэдийн хувьцааны ногдол ашгийг олгох, хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уул уурхайн салбар биднийг тэжээж байгаа тухай дурдаад, байгалийн баялгийн өгөөж, орлогыг үр ашиггүй, хууль бус, луйврын төслүүд рүү оруулж, хулгайлсны нэг хэсэг нь “нүүрсний хулгай” шүү гэсэн юм. Тэрбээр 1072 ширхэг хувьцаа хэзээ бодитой хувьцаа болох вэ гэсэн асуулт тавьж, компанийн өр шир ямар байгаа болон цаашид тогтвортой авч явах талаар ямар анхаарал тавьж байгааг асууж хариулт авсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал С.Наранцогт үүнд, компани жилдээ 1.0 их наяд орчим төгрөгийн өр барагдуулж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 4.0 их наяд төгрөгийн өр төлбөртэй хэмээн хариулсан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд авлага боловч бусад төрийн өмчит компаниудад өр төлбөр болсон 4.9 их наяд төгрөгийн асуудал байгааг дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, тогтоолын төсөлд туссан энгийн хувьцааны асуудал нь уг хувьцааг захиран зарцуулах иргэдийн эрхийг агуулж байгаа эсэхийг асуугаад “нүүрсний хулгай”-д алдсан 5.2 сая тонн нүүрс, төмөр замын төслийг санхүүжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагын асуудлыг хөндөж, төрийн өмчит компанийн орлогыг нээлттэй, хяналттай захиран зарцуулах талаар саналаа хэлсэн юм.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “нүүрсний сонсгол”-ын шинжээчид ташаа мэдээлэл өгсөн талаар ярьсныг мөн тодруулж асуув. Үүнд Сангийн яамны Төрий нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа, сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс дутсан гэх мэдээлэл гарсан, харин дараа нь тулгалт хийж үзэхэд зөрүү гараагүй байж болзошгүй байгаа тул нягталж байгаа гэсэн хариултыг өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа халамжийн данс болсон, сонгуулийн дөхөхөөр халамжийн дансандаа мөнгө хийдэг болсон хэмээн шүүмжлээд, Үндэсний баялгийн сангийн хуулиар энэ алдаа завхралыг засаж залруулах асуудал яагаад орж ирэхгүй байгааг асуусан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой гэсэн юм.
1072 ширхэг хувьцааны асуудал эмх замбараагүй болж, ойлгомжгүй олон асуудал хуримтлагдсаныг энэ тогтоолоор шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тодруулан тайлбарлаад, цаашид өмчийн харилцаанд орох боломжтой болж байгааг онцлов. Ногдол ашиг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнийг компанийн ТУЗ зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, нүүрсний хулгайн хохирлоо барагдуулах талаар өөрсдөө хөөцөлдөж, идэвхтэй ажиллах хэрэгтэйг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мөн тогтоолын ач холбогдлыг онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид тогтвортой, үр ашигтай ажиллахын тулд эхний ээлжинд захиргаадалтаар бий болсон өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, тогтоолын төсөл харьцангуй хожуу буюу Засгийн газарт чиглэл болгосон хугацаанаас хоцорч орж ирж буйг анхааруулаад, Улсын Их Хурлаас өгсөн чиглэлүүдээс ард иргэдэд ногдол ашиг олгох асуудлыг орхигдуулсны үндэслэлийг асууж хариулт авсан юм.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан тул Улсын Их Хурлын тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэж, Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа.
Санал хураалтын үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, урьд өмнөх сонгуулиудын үед 1.0 сая гаруй иргэдийн хувьцааг мөнгөжүүлж, худалдан авсан, ахмад настны тэтгэвэр, сургалтын төлбөр зэрэгт суутгасныг буцаан олгох асуудлыг тогтоолтой хамтатган шийдвэрлэх санал дэвшүүлсэн юм. Гэвч энэ нь тогтоолын төсөлд тусгагдсан асуудалтай хамаарахгүй гэж үзэн хэлэлцсэнгүй. Мөн зарчмын зөрүүтэй саналын зургаа дахь “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал эрх зүйн үр дагавартай тул хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Эх сурвалж: УИХ