С.Чинзориг: Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлж байж иргэдийн эрүүл мэндийг сайжруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлж байж иргэдийн эрүүл мэндийг сайжруулна

/2024.01.17/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт” бодлогын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, АНУ-ын Эрүүл мэндийн хэмжил зүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагавинар үг хэлж уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зөвлөлдөх уулзалтын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан ч энэ тухай хэн ч ярьдаггүй, иргэний эрүүл мэндийн асуудал эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт хамаатай мэт явж ирснийг онцлоод энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хийж буй ажлынхаа талаар товч дурдсан юм.

Тэрбээр “Хүн амыг өвчнөөс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийг тодорхой болгох нэн шаардлагатай гэж үзэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг УИХ-аар батлуулаад байна.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 38,6 хувь буюу 1,3 сая гаруй иргэнийг хамруулаад байна.

Энэхүү арга хэмжээтэй уялдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам” болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 6 дугаар тогтоолд зарим шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулан багц үнийн тарифийг дунджаар 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцад цуглуулсан эрүүл мэндийн их өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилготой салбар эрдэмтэд, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн судалгаа, шинжилгээний 7 баг ажиллаж байна.

Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан насанд хүрэгсдийн өвчин үүсгэх эрсдэлд нөлөөлөх зарим хүчин зүйлийн хамааралд дүн шинжилгээ хийхэд манай орны 18-аас дээш насны хүн амын дунд зүрх судасны өвчин, чихрийн шинжин, бодисын солилцооны хам шинж өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байна.
Тухайлбал, бодисын солилцооны хам шинж өвчний хувьд тамхи, архи хэрэглэдэг хүн 1.2 дахин, дасгал хөдөлгөөний дутагдалтай бол 1.1 дахин, илүүдэл жин таргалалттай хүмүүс 2.6 дахин их өртөх эрсдэлтэй байгаа нь тогтоогдсон.

Хүний өвчлөл, эрсдэлт зан үйл нь хүний амьдарч байгаа хэв маяг, өөрийн зан үйлээс 55% нь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25% нь, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15% нь, удамшлын хүчин зүйлээс 5% нь хамаардаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томьёолсон.

Манай Улсад хорт хавдрын тохиолдол эрт үе шатандаа буюу 2 дугаар үедээ 25.7 хувь нь, хожуу үе шатанд буюу 3-4 дүгээр үедээ 74.3 хувь нь оношлогдоод байна.

Хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт болон халдварт бус өвчний шалтгаант өвчлөл, нас баралт жилээс жилд нэмэгдэж байгаа нь эрчимтэй хотжилт, шилжилт хөдөлгөөн, орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн бусад хүчин зүйлсээс хамаарч байдаг.

Эдгээр эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлж, тархалтыг бууруулснаар аливаа өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архины хэрэглээг багасган, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал зүрх судасны өвчин, тархины харвалт, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинг 80 хувь, хорт хавдрыг 40 хувиар бууруулах боломжтой юм.

Эрт илрүүлэх үзлэгээр манай улсын 3 хүүхэд тутмын 2 нь шүдний цооролттой болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл шүд” арга хэмжээ, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлд салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан Эрүүл мэндийн сайд, Нийтийн биеийн тамир, спортын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран 2024-2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр болсон.

Монгол Улсын хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 4 дүгээр судалгаагаар 15-69 насны 4 хүн тутмын нэгд нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 байгаа нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байгаа юм.

Цаашид бид шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэд бүхий улс орон болон хөгжих боломжтой.
Өнөөдрийн энэхүү “Хүн амын эрүүл мэндийн талаарх шинжлэх ухааны судалгаа” зөвлөлдөх уулзалтаар энэ талаар ярилцаж байгаад талархаж байна” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар отрын бүсэд өвөлжиж буй малчидтай уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар отрын бүсэд өвөлжиж буй малчидтай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.