Р.Нарангэрэл: Иргэний нийгэмгүйгээр Ардчилал оршин тогтнох боломжгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Нарангэрэл: Иргэний нийгэмгүйгээр Ардчилал оршин тогтнох боломжгүй

Гэрэл зургийг: Б.Саруул

/2023.12.05/: Ардчиллын төлөөх хувьсгалд бие, сэтгэлээрээ оролцож явсан Р.Нарангэрэлтэй ярилцлаа. Тухайн үед Их сургуулийн багш байсан тэрээр ажлаасаа гарч, сайхан нийгмийн төлөөх үйл хэрэгт орсон байдаг.

Хувьсгалын үеийн гэрэл зургийг хараад цээжин дээрээ гараа тавиад “Энийг хараад л огшчихно шүү дээ” гэлээ. Энэ л оч одоог хүртэл ассаар буй. Идэвхитэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны иргэний нийгмийн байгууллагуудын нэг болох “Иргэний боловсролын төв” ийн захирлаар ажилласаар 32 жилийг ардаа үджээ. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан нийгэмд иргэний нийгмийн оролцоо хамгийн чухал гэлээ.

-Та 1990 оны ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан. Таны ардчилалтай холбогдох болсон шалгаан юу байсан бэ?

Би Орос улсад суралцаж ирээд Монгол Улсын Их Сургуульд багшилдаг байлаа. Надад хуучин нийгмийн “хүн”-д хандах хандлага нь таалагддаггүй байсан. Хүний эрх гэсэн ойлголт байхгүй бүр дээд зэргээр зөрчинө. Бүх юм л хүний удирдлагаар явна, өөрийн хүссэн сонирхсон зүйлээ хийж болохгүй, сургуулиа ч сонгох эрхгүй. Би багаасаа л юманд захирагдах дургүй, эрх чөлөөтэй байхыг хүсдэг хүүхэд байсан. Бид нар ганцхан эх үүсвэрээс мэдээлэл авдаг, олон төрлийн хэвлэл мэдээлэл байхгүй, ардчиллын тухай ойлголт хомс байлаа шүү дээ. Гэхдээ л энэ нийгэм болохгүй байна, өөрчлөх хэрэгтэй гэсэн бодол дотор байсан л байгаа юм. Яг ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөх үед би Москвад докторын зэрэг хамгаалж байсан. Энэ тухай сонсоод Монгол руугаа буцаж энэ хөдөлгөөнд оролцож байлаа. Надтай нийлээд Их Сургуулийн таван залуу багш нар өргөдлөө өгч ажлаасаа гараад улам идэвхтэй тэмцсэн. Үүний дараа “Монголын социал демократ” намаа байгуулж ажиллаж эхэлсэн.

-Ардчиллын төлөөх хөдөлгөөний үед өрнөсөн үйл явдлуудаас юу танд хамгийн онцлог санагдаж байна?

Тухайн үед над шиг өөрчлөлтийг хүссэн хүмүүс маш олон байсан. Нийгмийг өөрчлөх тухай бодол байсан болохоор тийм идэвхтэй оролцож байсан болов уу. Бараг хүн бүр ажил сургуулиа тараад талбай дээр ирдэг байж дээ. Аймгаас, сумаас хүмүүс их ирж жагсаал цуглаанд оролцоно. Гэхдээ ганц телевизийн суваг ганц радиогоос өөр мэдээллийн хэрэгсэл байхгүй болохоор мэдээлэл тараахад хүндрэлтэй байлаа. Манай “Социал демократ” сониноос ардчилал гэж юу юм, чөлөөт эдийн засгийн талаар, яагаад бид энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй байна вэ гэх мэт мэдээлэл тараадаг байсан. Сонингоо бараг гараараа хэвлээд “Үнэн” сонинг 15 мөнгө байхад бид 2 төгрөгөөр зараад л “Уучлаарай, бид нар намаа санхүүжүүлэх гэж байгаа юм” гэхэд булаацалдаад л авдаг байлаа. Хот хөдөөгүй хөгшин залуугүй өөрчлөлтийг дэмжиж байсан нь хамгийн тод, онцгой санагдаж байна. Ардчилсан хөдөлгөөн бол бүх ард түмний хөдөлгөөн байсан юм. Сүүлд төслийн ажлаар явж байх үедээ хөдөө сумын хүүхдүүд ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан хүмүүсээс ярилцлага авдаг төсөл хэрэгжүүлсэн. Тэгэхэд тэр сумын 13 залуу сумынхаа урд талын жалганд уулзаж, нууц хурал хийж байсан байгаа юм. Орон нутагт хараа хяналт улам чанга байсан, хөдөлгөөнд оролцож яваад үхсэн ч ар гэрийхэн нь гомдолгүй гэж гарын үсэг зурж байсан үе.

-Иргэний нийгмийн тухай ярьвал?

Иргэний нийгэмгүйгээр “ардчилсан нийгэм” оршин тогтнох боломжгүй. Ардчилал нь “Иргэний нийгэм, Төр, Хувийн хэвшил” гэсэн гурван тулгуур баганатай байдаг. Иргэний нийгмээ тоохгүй, шахаж боодог манайх шиг улсад ардчилал гажууддаг. Өнөөдрийн авлигал, хулгай гэх мэт хэргүүд яагаад гарч байна гэхээр иргэний нийгэм сул байгаатай холбоотой. Хэрвээ иргэний нийгэм нь хүчтэй байвал төрд ч, хувийн хэвшилд ч ашигтай. Иргэний нийгэм төрийн үйл ажиллагааг хянаснаар шударга ёс тогтох юм.

-Иргэний нийгмийн байгууллагууд байснаар нийгэмд ямар нөлөөтэй вэ?

Сонгодог, сайн засаглалтай газар иргэний нийгэм нэгдүгээрт байдаг. Манай улсын Үндсэн хуульд Хүмүүнлэг, Иргэний, Ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн байдаг. Ардчилсан нийгэм гэдэг маань иргэн хүн нэгдүгээрт, энэ нь социализмын яг эсрэг ойлголт. Социализмын үед чи бол юу ч биш гэж байсан бол ардчилсан нийгэмд нэгдүгээрт хүн дараа дараачаар нь төр ордог. Тэгэхэд энэ шилжилтийг одоо хүртэл хийж чадаагүй болохоор энэ гажуудлууд гарч байгаа юм. Иргэний нийгэм ямар үүрэгтэй юм гэхээр баг, хорооноос эхлээд төрийн үйл ажиллагааг хянах ёстой. Зөвхөн хянаад зогсохгүй “төлөвлөхөд хэрэгжүүлэхэд, үнэлэхэд нь” оролцох ёстой. Гэтэл иргэний нийгмээ оролцуулахгүй байснаар битүү хатуу ажил хийж шүүмжлүүлээд байна. Жишээлбэл, төрийн байгууллага нь иргэний нийгмийн байгууллагуудаар зарим ажлуудыг гүйцэтгүүлэх хэрэгтэй байна. Иргэний нийгмийг оролцуулж байна гээд, суулгачихаад өөрсдөө илтгэл тавьж байгаад явуулчихдаг. Харин эсрэгээрээ иргэд юу хиймээр байна, тэрийг менежмент хийгээд оролцуулах ёстой. Ганц ганцаараа хийж чадахгүй учраас хоршоо, төрийн бус байгууллага гэх мэтээр сонирхлоороо эвлэлдэн нэгддэг. Яам бол бодлогоо боловсруулахдаа иргэний нийгмээ оролцуулаад юу хиймээр байна саналыг нь авна. Дараа иргэний нийгмийн байгууллагаараа гүйцэтгүүлэн, үүний дараа хянах ёстой, төлөвлөгөөгөө биелүүлсэн байна уу, дутуу юм үлдсэн байна уу гээд бүх шатанд хамт хийвэл маргаан гарахгүй. Энэ схемийг одоо хүртэл сурахгүй болохоор ардчилал ажиллахгүй байна.

-Иргэний боловсролын төв ямар үнэт зүйлтэй юуг зорьж ажилладаг вэ?

Манай төв бол дөнгөж ардчилал гэж юу байдгийг ч мэддэггүй байсан үеэс бий болсон. Тиймээс “Ардчилал гэж юу вэ?” “Ардчилсан нийгмийн иргэд юуг мэдэж байх ёстой,” “Төр нь иргэдтэйгээ яаж харилцах ёстой вэ?” гэдэг талаар хүүхэд багаасаа хууль дүрмийг сахьдаг, өөрөө дүрэм журам боловсруулахад оролцдог иргэн болох хэрэгтэйг бид заадаг. Манай байгууллагын гол зорилго нь гэхээр мэдээлэлтэй, мэдлэгтэй, чадвартай, зөв хандлагатай иргэдийг болгох юм.

-Өнгөрсөн хугацаанд Иргэний боловсрол төвийн хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээс онцлолбол?

Манайх маш олон төсөл хөтөлбөр, сургалт явуулсан байдаг. Үүнээс иргэн төслийг онцолж хэлмээр байна. Энэ төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд идэвхтэй иргэн болоход нь бодит дадлага туршлагаар зааварчилдаг. Ангиараа нийлээд өөрсөддөө тулгарч байгаа нэг асуудлыг сонгоод төрийн байгууллагаар шийдүүлэх гэж ажилладаг юм. Жишээ дурдвал, манай сургуулийн биеийн тамирын заалны шал нь эвдэрхий цөмөрсөн гэх асуудал байвал үүнийг төрийн ямар байгууллага хариуцдаг юм, ямар стандарттай байх ёстой юм гэх мэт судалдаг. Энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргадаг хүн, байгууллагатай очиж уулзаад хэрэгтэй байвал төсөв мөнгө босгох гэхчлэн бүтэн жил ажилладаг. Энэ төслийг бид олон жил хэрэгжүүлж, маш их сайн олон үр дүн гарсан.

-Энэ төсөл, сургалтуудад оролцсон иргэд ямар талаараа өөрчлөгдсөн бэ?

Хандлага нь маш өөр болдог. Манай сургалтад оролцож байсан хүүхдүүд энд тэнд очоод заавал юм санаачилна, заавал шинэ юм хийнэ. Жишээлбэл, Сэлэнгийн Сайханы хөтөл бол гурван гол нийлсэн, Оросын хилийн наан байдаг байгалийн үзэсгэлэнтэй газар. Хүмүүс очиж харчихаад л явдаг байсан. Тэгтэл манай байгууллагын үйл ажиллагаанд 6-р ангиасаа идэвхтэй оролцдог байсан нэг залуу, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болоод Сайханы хөтөлийг тохижуулаад маш гоё болгосон гэх мэтчилэн үлгэр дуурайл болдог жишээ олон. Бид зөвхөн онол заадаггүй, хүний хэрэгцээг нь гаргаж ирээд шийдвэрлэх арга замыг нь алхам алхмаар зааж өгдөг. Тэр хүнийг мэдлэгтэй, оролцоод байвал асуудал шийдэгдэнэ гэсэн итгэлийг өгдөг.

-Иргэд идэвхтэй оролцоход төрийн зүгээс ямар хүндрэлүүд байдаг вэ?

Хуулийн дагуу аймгийн засаг дарга нь залуучуудын зөвлөлийн дарга байдаг. Манайхаас дөрвөн аймаг Улаанбаатарт одоо яг хэрэгжээд явж байгаа “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл байгаа юм. Үүнд Баянхонгор аймгийн засаг дарга баяртай хүлээж аваад хамтран хэргжүүлэхэд, бусад аймгийн засаг дарга “Юу яриад байгаа юм” гээд өөрсдийн хийх үүрэгтэй ажлаа ч мэдэхгүй явж байгаа жишээ байна. Тэгвэл дэмжихгүй байгаа дарга нарыг яаж дийлэх вэ гэвэл холбогдолтой хуулийг гаргаж үзүүлэх юм. Та “Залуучуудын хөгжлийн тухай хууль” аар бол залуучуудын зөвлөлийн дарга учраас ийм, ийм юм хийх ёстой гээд хэлэхэд дагахаас өөр аргагүй болж байгаа юм. Бидний үйл ажиллагаа бүгд хуулийн дагуу явдаг. Хуулийн дагуу оролцоход ямар ч төрийн байгууллага нээлттэй л байх хэрэгтэй. Дэмжихгүй мэддэггүй хүмүүс одоо хүртэл байгаа нь харамсалтай байдаг.

Сэтгүүлч: Н.Халиунаа

ЭМЧ: Үс уналтын шалтгаан болон эмчилгээ
ЭМЧ: Үс уналтын шалтгаан болон эмчилгээ
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.