Н.Учрал: И-Монголиа системээр төлбөр тооцоо хийдэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: И-Монголиа системээр төлбөр тооцоо хийдэг болно

/2023.11.08/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр, Өнөөдрийн хуралдаанаар Их өгөгдлийн санг байгуулах тухай асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед их өгөгдөл дээр шийдвэр гаргах буюу өгөгдлөө цуглуулах нь маш чухал болж байна. Их өгөгдөл дээр гаргасан шийдвэр амьдрал дээр биеллээ олдог. Их өгөгдлийг олон нийтэд ил болгосноор бизнес эрхлэгчдэд том түлхэц болдог. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ гэдэг стратегийг боловсруулж байгаа ийм цаг үед манай Засгийн газар ч гэсэн хоцрохгүй байх ёстой. Бид их өгөгдлийг шийдвэр гаргалтад ашиглах үүднээс МҮСТХ, ЦХХХЯ хамтран их өгөдлийг бүрдүүлэх Засгийн газрын чиглэл гарлаа.

Их өгөгдөл гэдэг нь тухайн эзэн холбогдогчийнх нь нэр тогтоогдоогүй мөртлөө машинд уншигдаж болдог мэдээллийг хэлж байгаа юм. Ийнхүү уншигдсанаар төрийн шийдвэрүүдийг уг өгөгдөл дээр суурилж гаргана.

Өнөөдрийн шийдвэрийн дагуу Төрийн бүх байгууллагууд буюу 125 төрлийн мэдээллүүдийг эзэн холбогдогчгүйгээр нэгтгэх ажлыг зохион байгуулагх чиглэлээр Засгийн газрын тогтоолыг баталсан. Цаашдаа их өгөгдлийг сэтгүүлчид, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудад хэрэглэх боломжийг бүрдүүлнэ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх ажлын бэлтгэл ажлыг хангуулж байгаа талаарх танилцуулыг хийж Ерөнхий сайдын зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгсөн. И-монголиа цахим системийн 4.0 үйлчилгээ болгон шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангуулж байна. Үүнд цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр 2024 оны нэгдүгээр сарын 1 гэхэд И-монголиа системд иргэн нэвтрэн ороод, камераа гаргаад QR кодоор нь тооцоо хийдэг болно.

Үүнд дэд бүтцийн хувьд болон бусад хамтын ажиллагааны түвшинд арилжааны банкууд болон хувийн хэвшлүүдэд ямар нэгэн өрсөлдөөн үүсгэлгүй хамтран ажиллана. Бид зөвхөн холболтуудыг хийж иргэдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр далд эдийн засгийг ил болгох Засгийн газрын бодлого шийдвэрийг илүү амилуулна. Дээрээс нь төрийн үйлчилгээтэй холбоотой орлого, зарлагын бүртгэл, тендер, худалдан авах ажиллагаа, халамжийн мөнгө гэх мэт төрөөс олгогдож байгаа тусламж үйлчилгээ, бүх төрлийн дэмжлэгүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбож хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ гэв.

Д.Амарбаясгалан: МҮХАҮТ-ын танхимууд буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болно
Д.Амарбаясгалан: МҮХАҮТ-ын танхимууд буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.