2023.10.12/: Израил, Газаас яг одоо маш олон аймшигтай мэдээлэл, зураг, видео сошиал орчинд тавигдаж байна. Манай улсад дайн болоогүй ч хүчин, аллага, бага насны хүүхдүүдтэй тохиолдсон аймшигт мэдээллүүд ар араасаа гарсаар л байна.
Тэгвэл энэ бүхнийг өөртөө нааж стресс бухимдал, сэтгэл зовнилд автсаар байх уу эсвэл ямар нэгэн аргаар өөрийгөө энэхүү хар бараан мэдээллүүдээс тусгаарлах арга хэмжээ авах уу?
Бид танд энэхүү хар бараан мэдээллүүдээс хэрхэн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах талаар SBSNews агентлагаас гаргасан зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
Та сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийж чадахаа эндээс мэдэж аваарай.
Сүүлийн хэдэн өдрийн турш Израил-ХАМАС-ын мөргөлдөөн хурцдаж байгаа тул та ер бусын стресс эсвэл түгшүүртэй байж магадгүй юм.
Beyond Blue-ийн эмнэлзүйн зөвлөх, доктор Грант Блашки:
-Бид урьд өмнө нь харж байгаагүй хүмүүсийн айдас, цочролд орсон хүмүүс, дайны нөхцөл байдал зэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд хүлээн авч байна. Бичлэгүүд нь ихэвчлэн тухайн үйл явдал болсон газар ойр явж байсан хүний шууд авсан бичлэг, зураг байдаг бөгөөд энэ нь иргэний нийгмийн ямар ч шүүлтүүрээр шүүгдээгүй, тухайлбал та сонин, телевизээс харж болох сэтгүүлзүйн болон редакцийн стандартуудыг хангаагүй мэдээллийг шууд үзэж байна гэсэн үг. Энэ бичлэг, зургууд нь гэр бүл эсвэл насанд хүрээгүй үзэгчид эсвэл эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх нөлөөллийг тооцохгүйгээр гаргаж байгаа тул хүмүүс үнэхээр аймшигт дүрс бичлэгийг үзэж, маш их бухимдалд автдаг.
Та энэхүү үйл явдлуудаас сэтгэл санаагаа хэрхэн хамгаалах вэ?
Блашкигийн хэлснээр цахим орчинд тавигдаж буй олон үйл явдал хэдий сэтгэл түгшээдэгч "бид тэрхүү үйл явдлыг харахыг хүсдэг. Учр нь бидэнд иймэрхүү зүйлсийг харахыг хүсдэг далд сонирхол байх боломжтой" аж.
Хэрэв та онлайнаар золгүй үйл явдлын тухай видео үзэж байгаа бол өөрөөсөө асуух ёстой таван асуулт байна.
- Үүнийг үзэх нь миний оюун санааны хувьд хэвийн үзэгдэл үү?
- Энэ үед би хохирогчдод туслахын тулд ямар нэгэн зүйл хийж чадах уу?
- Би зүгээр л суртал ухуулгын кампанит ажилд өөрийн мэдэлгүй оролцоод байна уу?
- Технологийн платформын хүмүүсийг донтуулах гэсэн арга, хэрэгслүүд намайг удирдаж байна уу?
- Надад хэвлэл мэдээллийн үйл явдлын оролцоог хянах төлөвлөгөө бий юу?
Олон нийтийн цахим сүлжээн дэх маргаанд бүү оролц
Үйл явдлуудыг тойрсон хэт сэтгэл хөдлөл нь ихэвчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маргаан үүсгэдэг. Тэгвэл мэргэжилтнүүд ийм зүйлээс зайлсхийхийг зөвлөж байна.
"Онлайн орчинд сэтгэл хөдлөлийн мэтгэлцээн өрнүүлэх нь маш амархан. Гэвч үнэндээ хэчнээн маргаж мэтгэсэн ч бусдын санаа бодлыг өөрчлөх нь маш хэцүү. Учир нь зарим хүмүүс ойлголцох маргаан дэгдээдэггүй. Тэд чамайг өдөөн хатгаж, ялж, стрессдүүлэхийг л хүсэж байдаг.
"Тиймээс ийм хэлэлцүүлэг, маргаанд ямар үед оролцохгүй байхаа л мэдэх хэрэгтэй."
Цаг хугацааны эрхэнд зовлон болгон дуусдаг гэдэгт итгэ
Блашки, Карбон хоёрын хэлснээр хар бараан мэдээний үеэр оюун санааны эрүүл мэндээ хамгаалах өөр нэг арга бол аливаа зүйл хэтдээ сайхан болно гэдэгт итгэх явдал юм.
"Сүүлийн 3-4 жилийн хугацаанд бид Австралид маш их уй гашууг амссан. Гэхдээ бид сөрөг зүйлд анхаарлаа хандуулалгүй аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд байх ёстой. Амьдралд муу бүхэн байгаа хэдий ч түүний хажуугаар сайн сайхан зүйл тэрнээс их байгааг санах хэрэгтэй.
Өөртөө анхаарал тавь
Өөртөө анхаарал тавих нь өөрийнхөө гэгээлэг байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой.
Ингэхийн тулд:
- Идэвхтэй байх
- Сайн хооллох
- Хангалттай унтах
- Нийгэмших
- Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах шаардлагатай.
Мэргэжлийн тусламж хүс
Хэрэв эдгээр аргуудын аль нь ч тус болохгүй бол энэ нь танд мэргэжлийн тусламж хэрэгтэй байгаагийн дохио байж болно.
Эцэст нь хэлэхэд та нийгэм дэх хар бараан зүйлсийн талаарх мэдээллийг үзэж, болж буй үйл явдалд шаналсаар байвал таны өөрийн л эрүүл мэнд муудаж улмаар өдөр тутмын ажил амьдралд тань нөлөөлнө гэдгийг санаж явах хэрэгтэй.
Эх сурвалж: SBSNews