/2023.08.22/: Хөрш зэргэлдээх олон орны иргэдийн эсэргүүцлийг үл тоож Япон улс пүрэв гарагаас эхлэн Фүкүшимагаас цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг далайд гаргаж эхэлнэ гэж албаныхан мягмар гарагт мэдэгдэв.
Ерөнхий сайд Фумио Кишида эрх баригчид “хэрэв ямар нэгэн саад тотгор учруулахгүй бол наймдугаар сарын 24-нд суллах ажлыг эхлүүлнэ” гэж мэдэгдэв. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын хуралдааны дараа ийм шийдвэр гаргасан байна.
2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас Фукушимагийн атомын станцын ус цацраг идэвхт бодисоор бохирдсон. Түүнээс хойш реакторууд дахь түлшний хог хаягдлыг хөргөхийн тулд шинэ ус шахаж, газрын доорх болон борооны ус нэмэгдсэнээс, цацраг идэвхт бохир ус ихээр бий болсон.
Энэ бүх бохир усыг өнөөг хүртэл цэвэрлэж, асар том саванд хадгалсаар ирсэн. Гэвч цаашид хадгалах зай дуусч байгаа тул эрх баригчид станцыг аюулгүйгээр татан буулгахын тулд усыг асгах хэрэгтэй гэж мэдэгджээ.
Долоодугаар сард НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) Японы төлөвлөгөө нь олон улсын аюулгүй байдлын стандарттай нийцэж байгаа бөгөөд "хүмүүс болон хүрээлэн буй орчинд цацрагийн нөлөө багатай" гэж дүгнэсэн юм.
Гэвч энэ нь Японы хөрш орнуудыг тайвшруулаагүй бөгөөд Хятад болон Номхон далайн арлуудын албаны хүмүүс төлөвлөгөөг эсэргүүцэж, түгшүүртэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Өмнөд Солонгосын иргэд усыг далайд цутгахыг эсэргүүцэн олон удаа жагсаал зохион байгуулсан ч тус улсын удирдагчид Японыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Бүс нутгийн хэрэглэгчид Япон болон түүний ойролцоох уснаас барьдаг далайн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн бөгөөд зарим засгийн газрууд Японы зарим хэсгээс импортын хүнсний бүтээгдэхүүнийг хориглож эхэлжээ.
Эх сурвалж: CNN