Үерийг гэр бүлүүд хохирол багатай даван туулах 4 БАГЦ ЗӨВЛӨМЖ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийг гэр бүлүүд хохирол багатай даван туулах 4 БАГЦ ЗӨВЛӨМЖ

/2023.8.7/ Уулын үер ямар аюултай, хурдан болдгийг бид хэдхэн хоногийн өмнөх үерийн аюулаас харлаа.

Энэ жил бороо хур элбэгтэй байгаа бөгөөд хур тунадас дахиад ч их хэмжээгээр орох төлөвтэй байна. Тэгвэл үер усны аюулыг гэр бүлүүд хэрхэн хохирол багатайгаар гэтэлгэх вэ. Энэ талаар АНУ-ын Аюулгүйн албанаас хэрэгжүүлдэг зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

ҮЕРЭЭС ӨМНӨ

1. Аюултай бүсээс аль болох хурдан нүүх
Таны амьдарч байгаа орчин үерийн аюултай бүсэд оршдог уу? Тийм бол тухайн газраас боломжтой бол нүүх нь таны болоод танай гэр бүлийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам болох юм.

2. Гэр бүлээрээ сууж төлөвлөгөө зохио
Харин нүүх боломжгүй байвал яах вэ? Энэ тохиолдолд үер болоход хэрхэх талаар гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа ширээний ард суугаад ярилцаж, гэр бүлийнхээ төлөвлөгөөг зохио. Гэр байшингаа орхин явах шаардлагатай болсон тохиолдолд танай гэр бүлийн гишүүд эргээд хаана уулзах вэ? Тэрхүү аюулгүй цэгийг тодорхойлж, нэн түрүүнд уулзах газар хэмээн тохир. Гэр бүлийн чинь бүх гишүүн буюу хүүхдүүд чинь хүртэл тухайн газарт хаанаас, яаж очих талаар бүрэн мэдэж байх ёстой, мэдэж байгаа эсэхийг нь заавал лавла.

3. Бичиг баримтууд, яаралтай холбоо барих дугааруудыг хадгал
Бичиг баримтуудаа хувилан, ус нэвтрэхгүй цүнх саванд хадгал. Тэдгээрт мөн аюул тулгарсан үед яаралтай холбогдох байгууллага, хүмүүсийн утасны дугаарын жагсаалтыг багтаа.

4. Анхан шатны тусламжийн цүнх байгаа юу?
Танай гэрт анхан шатны тусламжийн цүнх байх ёстой. Аюул тулгарахад үлдсэн бүхнийг орхиод гагцхүү тэр цүнхийг л шүүрээд гарахад хэсэгтээ танай гэр бүл "амь зууж" болох нөхцлийг тэнд багтаана. Дээр дурьдсан чухал бичиг баримтууд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай зүйлс, бэлэн мөнгө гэх зэрэг. Эдгээрийг мөн л ус нэвтэрдэггүй цүнхэнд хадгална. (Сурв: АНУ-ын зөвлөмжинд хоол хүнс, цэвэр ус хадгалахыг дурьдсан байх бөгөөд тэдгээрийг жил бүр шалгаж, хугацаа нь дууссан бол сольж хийж байх ёстой гэжээ)

ҮЕР БОЛЛОО, ЯАХ ВЭ?

1. Зугт
Үер болж байгаа гэдгийг мэдсэн даруйдаа зугт. Хэрэв албаныхан зөвлөмж өгч байгаа бол үг дуугүй тэдний хэлснийг дага. Анхан шатны тусламжийн цүнхээ (түүн дотор бичиг баримтууд чинь байх ёстой) аваад, бусад бүх эд зүйлсийг орхиод аль болох хурдан аюулгүй бүс рүү зугтана. Зугтахдаа уснаас холдож аль болох өндөрлөг газар руу явна. Ойролцоо өндөр байшин байвал түүн рүү орж шатаар дээш өгсөнө, лифт хэрэглэхийг хориглоно.

2. Ус туулахаас зайлсхий
Ус туулах нь аюултай. Түүний гүнийг та нүдээрээ хараад баримжаалж чадахгүй бөгөөд усан дотор юу байгааг мөн мэдэх аргагүй. Хэрэв орохоос өөр зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол усны гүнийг хэмжих мод зэрэг урт нарийхан зүйлийг гартаа барьж, түүгээр хэмжигчийг орлуул. Мөн ус нь маш бохир байх нөхцөл үүссэн гэдгийг санаарай.

3. Усны урсгалын эсрэг сэлэх гэж оролдох хэрэггүй
Хэрэв үерийн усанд нэгэнт урссан бол түүнийг сөрж сэлэх гэж тамираа барах хэрэггүй. Харин урсгал дагаж, нуруугаараа харан сэлэхийг оролд.

ГЭР ОРНОО ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

1. Даатгуул
Хэрэв танай гэр үерийн бүсэд байдаг бол даатгалд хамрагдах нь хамгийн ухаалаг алхам болно.

2. Битүүмжил, эрсдлийг тооц
Байшингийнхаа суурийг, зоорийн давхрын хана дагуу ус нэвтрэх боломжгүй болтол битүүмжил. Ус танай гэрт нэвтэрсэн тохиолдолд учирч болох эрсдлийг тооцоол. Ингээд цахилгааны залгуурууд чинь шаланд ойр байвал түүнийг дээшлүүлэх, чухал баримт бичиг зэрэг эд зүйлсээ усанд автахааргүй газар байрлуул.

3. Мэдээлэлд ойр бай
Мэдээллийн хэрэгслээр үер, усны аюулын талаарх мэдээлэл гарч байгаа эсэхийг байнга мэдэж бай. Цаг агаарын мэдээнээс хоцорч болохгүй.

ҮЕРИЙН ДАРАА ЯАХ ВЭ?

1. Гүүрэн байгууламжаас хол бай
Гүүрэн байгууламжийн даац муудсан байдаг тул түүнээс аль болох хол байгаарай.

2. Цахилгаанаас хол бай
Орчноо сайтар ажигла. Хаа нэгтээ цахилгааны утас газардсан байгаа юм биш биз? Таны гишгэх газар үнэхээр аюулгүй гэдэгт итгэлтэй байна уу? Үерт өртсөн байшинд мэргэжлийн хүнгүйгээр орохоос татгалз. Орсон тохиолдолд хамгийн түрүүнд цахилгааны шитийг буулгаж, аюулгүй болго. Үнэртээд үз. Хэрэв гааз үнэртэж байвал яаралтай холд. Гааз (хий) үнэртээгүй гэдгийг баттай мэдээгүй бол лаа, шүдэнз асаах гэж оролдох хэрэггүй.

3. Аюултай амьтад ороод ирсэн юм биш биз?
Үерийн ус ихэвчлэн гол мөрний эх, уулын амнаас буудаг. Тиймээс тэнд байсан амьтад урсан орж ирэх нь элбэг. Гэр орны чинь хаа нэгтээ хортой могой ч юм уу, урсан орж ирээд нуугдсан байгаа юм биш биз? Тэдгээрийг нуугдсан байж болзошгүй газруудыг эхлээд шалга.

4. Эхлээд зураг ав
Гэртээ оронгуутаа засаж сэлбэж, цэвэрлэж янзлахаасаа өмнө эхлээд зургийг нь ав. Даатгал зэрэг олон зүйлд хэрэг болж болзошгүй. Гэрийнхээ зураг, видеог бүхэлд нь авч, эвдэрч хэмхэрсэн зүйлсийнхээ зургийг ав.

5. Гэрээ ариутга
Гэрээ цэвэрлэж, агаарын солилцоог сайтар хий. Цонх, хаалгаа онгойлго. Энэ үед сэнс агаарын солилцоог хийхэд чухал үр дүнтэй байдаг.

Эвдэрсэн 110 метр далан, сувгийг сэргээжээ
Эвдэрсэн 110 метр далан, сувгийг сэргээжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.