ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлийн тухай хуулийн ШИНЭ заалтууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлийн тухай хуулийн ШИНЭ заалтууд

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Хувийн эрхзүйн харилцааны гурван том суурь хуулийн нэг Гэр бүлийн тухай хуулийг манай улс 1999 онд баталж байсан.

Түүнээс хойш томоохон шинэчлэл хийгдээгүй өнөөдрийг хүрээд байна. Гэтэл улс орнууд харилцааны шинэ хэв маягууд болох тээгч эхээр хүүхэд төрүүлэх, хүйс солиулах гэх мэт нарийн зохицуулалтыг хийж эхлээд байна. 20 гаруй жилийн дараа хийж байгаа томоохон өөрчлөлт шинэ зохицуулалт хуулийн төсөл, үзэл баримтлалд дараах байдлаар тусгагдсан байна.

1.ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ АСУУДЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОНО.

2022 онд 17694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4515 гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулжээ. Шүүхээс гэрлэлт болон гэрлэлт цуцалсныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр 2016 онд 47, 2017 онд 50, 2018 онд 64, 2019 онд 27, 2020 онд 25 бүртгэгдсэн байна. Иймээс гэрлэгчдийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалах гэрлэлтийн гэрээний зохицуулалтыг хуульд тодорхой тусгана.

2. ГЭР БҮЛ САЛСАН ТОХИОЛДОЛД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХҮҮХДИЙН ӨМЧ

Гэрлэлт дуусгавар болох үед хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хүүхдийн өмч байхаар хуульчилж, түүнийг захиран зарцуулах харилцааг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзжээ.

3.УРАГ ТӨРЛИЙН ХАРИЛЦААГАА ТОДРУУЛЖ БАЙЖ ГЭРЛЭНЭ

Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн амын 6.1 хувь нь цус ойртсон байх магадлалтай гэсэн судалгаа гарсан нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал тулгамдаж байгааг харуулж байна. Энэ нь гэрлэхийг хүсэгчид хоорондоо садан төрлийн холбоотой эсэхээ мэдэх боломжийг хангах зохицуулалт бүрдээгүйгээс тодорхой хэмжээнд шалтгаалж байна гэж үзэн энэ асуудлыг хуулийн төсөлд тусгуулахаар үзэл баримтлалд заасан байна.

4.ТЭТГЭЛЭГИЙГ ТУХАЙН ИРГЭНИЙ ОРЛОГО ХҮҮХДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ УЯЛДУУЛАН ТОГТООНО

Эцэг тогтоолгохоор жилд дунджаар 400 орчим нэхэмжлэл шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээс үзэхэд, 2022 оны 12 дугаар сарын байдлаар 14885 тэжээн тэтгүүлэгч хүүхдэд холбогдох 12184 гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Мөн хүүхдийн тэтгэлгийн 60 гаруй хувь нь огт төлөгддөггүй бөгөөд үүнд ажилгүйдэл, ядуурал, иргэдийн төлбөрийн чадваргүй байдал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Иймд тэтгэлгийн хэмжээг тэтгэлэг авагчийн нөхцөл, тэтгэлэг төлөгчийн орлого зэрэгтэй уялдуулж, эрх бүхий байгууллагаас батлах аргачлалаар шүүх тогтоох шинэлэг зохицуулалт бий болгох шаардлагатай гэж үзжээ.

5. ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХАСУУЛАХААС ГАДНА БУЦААН СЭРГЭЭХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТОДОРХОЙ БОЛГОНО

Сүүлийн 5 жилд эцэг, эх байх эрхийг хассан 81 шүүхийн шийдвэр гарсан нь харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд шүүхийн шийдвэрийн үр дүнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсч байна. Иймд үүнээс үүсэх үр дагаврыг тооцоолох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эцэг, эх байх эрхийг хассан тохиолдолд түүнийг буцаан сэргээх, эсхүл эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг оновчтой зохицуулалтууд хангалтгүй байна.

6. ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЗӨВХӨН ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛДЭГ БОЛГОНО

Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээр 2017 оноос 2022 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 7596 хүүхэд дотоодод үрчлүүлсэн бол Монгол Улсын харьяат нийт 274 хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдсэн байна.

Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд хүүхэд үрчлэлтийн асуудалд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гадаад, дотоод үрчлэлтийн асуудлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж байгаа нь цаашид хүүхдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэлтэй байна. Бусад улс орны жишгээс үзэхэд хүүхдийг үрчлэх эсэх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэдэг байна. Иймд хүүхдийн аливаа эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үрчлэх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

7. ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛОХ, ЦУЦЛАХ АСУУДЛЫГ ОУ-ЫН ГЭРЭЭ КОНВЕНЦИД НИЙЦҮҮЛНЭ

2022 онд 367 иргэн гадаадын иргэнтэй Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэр бүлийн асуудлаар явуулсан судалгаанд оролцогчдын 46.2 хувь нь даяаршсан нийгэмд гадаад хүнтэй гэрлэхийг байх л асуудал гэж үзэж байгаа нь цаашид гадаадын иргэнтэй гэрлэх тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Гэтэл практикт гадаадын иргэнтэй гэр бүл болох, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд олон улсын чиг хандлага, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцсэн эрх зүйн оновчтой зохицуулалт шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар н.Энхбаатарыг томилжээ
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар н.Энхбаатарыг томилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.