/2023.06.07/: Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулдаг “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын 9 дэх удаагийн хөтөлбөр”-ийг Жендэрийн үндэсний хороо хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрт 26 улсын 200 гаруй шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөрийг 2019 оноос тухайн сонгогдсон улсад мастер сургагч багшийг бэлтгэх замаар хөтөлбөрийг нутагшуулж эхэлсэн бөгөөд Индонез, Камбож, Монгол гурван улсад хэрэгжүүлээд байна.
Энэхүү хөтөлбөр нь эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултанд бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчид өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлага сургамжаас хуваалцаж, бие биендээ урам зориг өгөх агуулга бүхий юм.
Хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулга, арга зүйгээр мэргэшсэн багш зөвлөхүүд зааж байна:
- Тулин Акин Пулли, Жендэр ба Хөгжлийн чадавх бэхжүүлэх багийн ахлах мэргэжилтэн, АХБ
- Тереса Эриксон, Intermedia Communications Training-ийн зөвлөх багш
- Тим Уард, Intermedia Communications Training-ийн зөвлөх багш
- Мил Нийполд, Mara Partners Үүсгэн байгуулагч,
Тус хөтөлбөр нь 2023 оны тавдугаар сарын 29-31, зургаадугаар сарын 5-7-ны өдрүүдэд 2 удаагийн сургалтаар нийт 50 оролцогчийг бэлтгэж байгаа бөгөөд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгж байгууллага, судалгаа шинжилгээ, боловсролын байгууллагын төлөөллийг хамруулсан болно.
Мөн Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Удирдлагын академи, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, төрийн бус байгууллагын оролцоог хангасан 6 мастер сургагч багшийг бэлтгээд байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцож буй эмэгтэйчүүдэд урам зориг өгөх илтгэгчийг урьж оролцуулдаг уламжлалын дагуу салбар бүрд манлайлан ажиллаж буй эмэгтэйчүүдийг оролцуулж, тэдний амжилт, сургамж, зөвлөмжийг хуваалцлаа:
- С.Оюун, Уур амьсгалын ногоон сангийн гадаад хэрэг хариуцсан захирал, Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлал болон Гадаад хэргийн сайд асан
- Ч.Ганцэцэг, Ханбогд Кашимер ХХК ерөнхий захирал
- Г.Болор, Бригадын генерал, Монгол Улсын Зэвсэгт хүчин жанжин штабын сургалт, бэлтгэлийн газрын дарга
- Д.Энхжаргал, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зохицуулагч, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал асан
- А.Ундармаа, Ногоон Барилгын Хүрээлэнгийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан
- Элейн Конкевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч
- Д.Хулан, ЛХАМУР ХХК Үүсгэн байгуулагч
- Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- Л.Эрдэнэчимэг, Моносфарм Трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан
- Х.Номингэрэл, “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, жендэрийн асуудлаарх салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөр хувь нэмрээ оруулахын сацуу сургалтад оролцогч манлайлагч эмэгтэйчүүдийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн талаарх ойлголт мэдлэг нэмэгдэж, хамтын ажиллагааны платформыг хөгжүүлэх ач холбогдолтой болно.
Эх сурвалж: ЖҮХ