/2022.07.25/: Чихрийн шижин нь өнөө цаг үед хамгийн их тархсан хөнөөлт өвчнүүдийн нэг бөгөөд дэлхий даяар 422 сая хүн энэ өвчинөөр шаналж байна.
Монгол Улсад насанд хүрсэн 20 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй байна гэсэн судалгааг манай улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байв.
Уг өвчнөөр өвдсөн бол цусан дахь сахарын түвшингээ тогтмол хянах шаардлагатай байдаг ба үүний тулд өдөрт хэд хэдэн удаа шинжлэх, ихэнх тохиолдолд, хурууны өндөгийг хатгаж, цусанд шинжилгээ хийхээс өөр аргагүй болдог.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд арьсыг нэвт хатгалгүйгээр сахарын түвшинг хэмжих багажууд зах зээлд нэвтэрч байгаа ч үнэ өртөг хэтэрхий өндөр, мөн заавал цуснаас шинжилгээ авдаг хэвээрээ байгаа тул төдийлөн сайн дэлгэрч чадалгүй, өвчтөнүүд уламжлалт аргаар сахарын түвшингээ шалгасаар байгаа юм. Харин IEEE Sensors Journal сэтгүүлийн зургаадугаар сарын 7-ны дугаарт нийтлэгдсэн судалгаанд нэгэн шинэ төхөөрөмжийн талаар дурдагдсан нь хүний амьсгалаас хэмжилт хийж, сахарын түвшин тодорхойлох боломжтой “электрон – хамар” хэмээх шинэ төхөөрөмж юм. Хэрэв энэ төрлийн арга технологи хэрэглээнд өргөнөөр нэвтэрвэл чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хувьд үнэ хямд, зовуурь шаналгаа багатай аргаар сахарын түвшингээ тодорхойлох боломж бүрдэх ажээ.
“Электрон – хамар” гэж нэрлэгдээд байгаа энэ төрлийн төхөөрөмжүүд нь орчны агаар дахь химийн бодисуудыг илрүүлж, шинжлэх замаар тодорхой химийн нэгдлүүдийг тодорхойлох чадвартай. Эрдэмтэд уг төхөөрөмжийг олон зориулалтаар хөгжүүлж байгаагийн заримаас дурдвал, сайн чанарын виски шалгах, үр тарианы болц, чанар шалгах, уушигны хорт хавдар илрүүлэх зэрэг юм.
George Mason Их сургуулийн Цахилгаан ба Компьютер инженерчлэлийн тэнхимийн профессор Чилиан Ли харин хүний амьсгалыг шинжилж, цусан дахь сахарын түвшин тодорхойлох чиглэлээр энэ технологийг сонирхогч юм. Глюкоз нь хүний амьсгалаар шууд гадагшилдаггүй боловч хүний биеийн бодисын солилцооны өөрчлөлт, ялангуяа чихрийн шижингийн үед амьсгалд илрэх ацетон болон кетонуудын агууламж өөрчлөгддөг нь энэхүү технологийг хөгжүүлэх суурь болж байна.
Бид энэ төхөөрөмжийг бүтээснээр чихрийн шижин өвчтэй хүмүүст өдөр бүр арьсандаа хатгалт хийлгүй, хямд зардлаар, ойр ойрхон сахарын түвшингээ үзэх боломж олгох болно. Амьсгал дахь ацетон болон бусад кетонуудын агууламжаас хамаарч, амьсгал өөр өөр үнэртэй байдаг тул электрон – хамар нь энэхүү үнэрийг илүү их чухалчлан судлах болно гэж профессор Ли өгүүлжээ.
Тэдний багийнхны хөгжүүлж буй электрон – хамар нь химийн бодис мэдрэх 12 төрлийн мэдрэгч болон бичил процессороос бүтэж байгаа юм. Амьсгал дахь агаарыг электрон – хамар “үнэрлэх” үед мэдрэгчүүд бичил процессорт дохио илгээж, процессор нь энэ дохиог тоон мэдээлэлд хувиргах юм. Улмаар мэдээллийн санд суулгаж өгсөн өгөгдөлтэй харьцуулан шинжлэх замаар электрон – хамар нь цусан дахь сахарын хэмжээг үнэн зөв тодорхойлж өгнө хэмээн уг судалгаанд гар бие оролцсон БНХАУ-ын Нанжин хотын Анагаахын их сургуулийн профессор Шиандонг Жоу тайлбарлаж байна.
Судалгааны явцад дээрх багийнхан цусан дахь сахарын хэмжээ нь харилцан адилгүй нийт 41 өвчтөний амьсгалаас дээж авч, цуглуулсан өгөгдлөө ашиглан, электрон хамарт зориулсан машин сургалтын алгоритм зохиож өгснөөр цусан дахь сахарын хэмжээг 90,4 хувийн нарийвчлалтайгаар, литр цусанд 0.69 ммоль/Л зөвшөөрөгдөх алдаатайгаар тодорхойлох загварчлалыг боловсруулж чаджээ.
Хэдийгээр өнөөг хүртэл сахарыг хэмжих шалгарсан арга нь өндөгний цуснаас шинжилгээ авах хэвээрээ байгаа боловч амьсгалд шинжилгээ хийх нь хатгалт хийхгүй, өвдөлт учруулахгүй, хямд өртөгтэй гэсэн давуу талууд үүсгэж байгааг профессор Ли онцлон тэмдэглэж байна. Энэхүү шинэ технологи нь цусан дахь сахарын түвшин өндөртэй, 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст илүү зориулагдсан болохыг ч мөн дурдсан байна.
Судалгааны багийнхан цаашид “электрон хамар” төхөөрөмжийн бичил процессорыг илүү сайжруулах хүсэлтэй байгаа бөгөөд тодорхойлох үзүүлэлтийг илүү нарийвчлалтай болгох зорилго тээж байгаа аж. Мөн өмнөхөөс илүү олон төрлийн биеийн жингийн индекстэй, өөр өөр амьдралын хэв маяг, хоолны дэглэм баримталдаг өвчтөнүүд шаардлагатай байгаа талаар ч тэд ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Эх сурвалж: spectrum