С.Лавровын айлчлал: 2016 ба 2022 он
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Лавровын айлчлал: 2016 ба 2022 он

/2022.7.5/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчилж байна. Айлчлалтай холбоотойгоор түүний өмнөх 2016 оны айлчлалыг эргэн сануулъя. Түүнээс өмнөх гэвэл 2006 онд тэрээр мөн айлчлал хийж байлаа.

2016 ОНЫ АЙЛЧЛАЛ

Тэрээр өмнө нь 2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд айлчилж байсан юм. Энэ айлчлал нь ОХУ-ын Холбооны зөвлөл Монгол Улсын төлөх нийт 174.2 сая ам.долларын өрийн 97.8 хувийг цайруулах хуулийн төслийг баталж, Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаас хойш ердөө хоёр сар гаруйн дараа хийгдсэнээрээ онцлогтой байлаа.

Өөр нэг зүйл нь, айлчлалаас хойш гурван сар гаруйн хугацааны дараа АСЕМ-ыг Улаанбаатарт зохиохоор болсон байв.

Мөн энэ он нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойтой давцхсан юм.

Тиймээс айлчлалын үеэр С.Лавров хоёр улсын эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарах ёстойг сануулсан. Мөн “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг энэ үеэр эцэслэн, талууд гарын үсэг зурцгаасан юм.

С.Лавров хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан. Хэвлэлийн хурлын үеэр онцлох нэг зүйл хэлсэн нь "Хамтын ажиллагаагаа олон талт байгууллагууд тухайлбал НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази номхон далайн бүс нутгийн, Зүүн хойд азийн олон талт байгууллагуудын шугамаар зохицуулан уялдуулах болон аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо" хэмээн тодотгосон явдал байв.

Айлчлалын үеэр Монгол Улс болон ОХУ, БНХАУ-ын сэтгүүлчидтэй С.Лавров уулзсан. Энэ уулзалтаар "Аливаа улс орны тогтвортой хөгжлийг хангахад дотоод асуудлаа зөвхөн өөрийн дүрэм журам, үндсэн хуулийн хүрээнд, улс төрийн бүх талуудын оролцоотой шийдвэрлэдэг байх, хэн ч гаднаас дотоод хэрэгт нь оролцдоггүй байх ёстой. Харамсалтай нь олон улсын практикт бусдын дотоод хэрэгт нөлөөлөх гэсэн оролдлого арилахгүй байна. Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ (хятад нөхдийнхөө өмнөөс хэлэхэд болох байх) улсууд бүгдийг хийх болно” хэмээн хариулж байв.

2022 ОНЫ АЙЛЧЛАЛ

Энэ удаагийн айлчлал ОХУ-аас Украин улс руу түрэмгийлэн дайрсан хоёрдугаар сарын 24-нөөс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа болж байгаагаараа онцлог.

Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ОХУ-тай хэлэлцээр хийснээр АИ92 шатахууны үнийг литр тутамд нь 800-1200 төгрөгөөр нэмэгдэх байснаас сэргийлж чадсан. Өөрөөр хэлбэл, үнийг өсгөхгүй байх тал дээр тохиролцож чадсан гэсэн үг. Гэвч энэ хэлэлцээрийн хугацаа долоодугаар сарын 1-ний өдөр дууссан. Тиймээс энэ айлчлалаар энэ асуудлыг хөндөх нь дамжиггүй.

Мөн хоёрдугаар сарын 28-нд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурсан. Энэ төслийн асуудлыг ч мөн хэлэлцэх болов уу.

Манай улсын хувьд ирэх өвлөөс эрчим хүчний салбар ачааллаа даахаа болих тул, цахилгааны хязгаарлалт хийхээр болсон талаар албаныхан мэдээлэх болсон. Айлчлалын хүрээнд эрчим хүчний асуудлыг хөндөхөөр мөн тусгажээ.

С.В.Лавров онгоцноос хослолтой буулаа
С.В.Лавров онгоцноос хослолтой буулаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.