/2022.6.6/ Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
Юун түрүүнд “Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд үрийн сувгийг нь бүрмөсөн боохыг хуулиар зохицуулна” гэсэн гарчиг бүхий эмэгтэй гишүүдийн хэвлэлийн хурлын үеэрх зураг сошиал орчинд тараад буй нь ЭВЛҮҮЛЭГ буюу ХУУРАМЧ гэдгийг сануулъя.
Мөн УИХ-ын 12 эмэгтэй гишүүний өргөн барьсан хуулийн төслөөс гадна Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар боловсруулж байгаа ажээ. Энэ удаад бид зөвхөн хариуцлагын асуудлыг хөндсөн эмэгтэй гишүүдийн өргөн барьсан хуультай холбоотой дараах ярилцлагыг хүргэж байна.
-“Хувь хүний албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээгээр” хүүхдийн тэтгэмжийг тогтоохоор төсөлд тусгасан нь иргэдийн дунд томоохон хэлэлцүүлгийг өрнүүллээ. Зарим хүн, ер нь энэ хуулийн төслийг шүүмжилж байгаа иргэдийн дийлэнх нь эрчүүд байгаа нь анзаарагдсан. Тэдний шүүмжлэлээр “Залилан гарах юм байна. Нэг баян хүнтэй сууж хүүхэд төрүүлж, хөрөнгийнх нь 50 хувийг авчихаад, дараагийн хүнтэй нь суугаад гэх зэргээр явах юм байна” гэсэн байсан. Та ямар хариу өгөх вэ?
-Хүн залилахын тулд бүхэл бүтэн хүүхэд төрүүлнэ гэж юу гэсэн үг вэ? Монгол эмэгтэй хүнийг тийм дорд үзэж болохгүй.
Энэ хууль бол хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хөндөж, гэр бүл салсан ч тэр гэр бүлд төрсөн үр хүүхдүүд нь хохирч болохгүйг анхааруулж, хүүхдийн эрхийг хамгаалсан үндсэн зарчимтай. Хүүхэд гэдэг бүтэн хүн, бүтэн амь биз дээ.
Энэ хуулийн төслийг эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнд үүнийг хамаатуулж ойлгох хэрэггүй. Сайн, муу ямар ч бай тухайн хоёр хүний дундаас төрсөн хүүхдийн асуудлыг бид ярьж байна. “Хүүхдэд тэтгэлэг төлөгч” гэж бүр заачихсан. Харин ямар ч хүйс заагаагүй. Тэр “Тэтгэлэг төлөгч” нь ХАОАТ-т заасан орлогынхоо 50-иас доошгүй хувийг өгнө гэж байгаа юм. Хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь, бусад тохиолдолд 16 нас хүртэл нь энэ хэмжээний тэтгэлэгийг л олгоно.
Хамгийн гол асуудал нь одоо үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хуулиар гэр бүл саллаа гэхэд хүүхдэд олгох тэтгэлэг нь сард ердөө 120 мянган төгрөг л байна. Энэ мөнгөөр боловсрол эзэмшиж, хоол хүнсний шим тэжээлээ бүрэн авч, орон байраар хангагдаж, эмнэлэгийн тусламж авч чадах уу?
Манай улсад энэ нь ямар ч боломжгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Долоо хоног ч 120 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Хүүхдийн тэтгэлэгийг ингэж тогтоочихсон хуультай байж бид яаж зүгээр сууж чадаж байна аа?
-Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Салж, нийлэх нь гаралгүй л. Хэрвээ тухайн хүн дараагийн амьдралаа зохиолоо гэж бодоход орлогынхоо 50 хувийг өмнөх амьдралдаа зарцуулчихвал, шинэ амьдралдаа хэрхэн амьдрах болж байна гэх асуудлыг дэвшүүлсэн байсан?
-“Ийм хэмжээний хариуцлага ноогдуулах тул гэр бүл болохоосоо өмнө сайн бод" гэж байгаа юм. “Гэр бүл болоход би бэлэн үү, энэ хүн бэлэн үү, суулаа гэхэд ажил мэргэжил, тогтвортой орлоготой болсон уу” гэдгээ эргэцүүлж, тунгаах нь байна. Энэ бол хувь хүний хариуцлагын асуудал. Мэдээж хүмүүс таарч тохирохгүй болоод салалгүй яахав. Тэр тохиолдолд хүүхдээ нэг номерт байлгана гэдгээ бодох ёстой. Юу юугүй дараагийн хүнтэйгээ суугаад, хоёр гурван хүүхэд төрүүлэх үү. Өмнөх хүүхдийнхээ тэтгэлэгийг өгөөд дээр нь шинэ амьдралд төрүүлсэн хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой гэдгээ ойлгох ёстой. Одоо бол ямар ч хариуцлагагүй байгаа учраас өмнөх амьдралынхаа 120 мянга төгрөгийн тэтгэлэгийг ч өгдөггүй, дараа дараагийнхаа хүүхдүүдийг гаргаад л явж байна. Хүүхэд гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Дараагийнхаа амьдралыг зохиохынхоо өмнө бодох л ёстой. Суух гэж байгаа хүн нь ч энэ талаар бодох нь зүйтэй.
-“Ийм их хэмжээний тэтгэлэг өгөх юм бол ер нь айгаад гэр бүл болохоо больчих юм байна. Ингэхээр нөгөө цөөхөн монголчууд маань үржихээ больчих юм биш үү” гэх нэг тал бас байна лээ?
-Замбараагүй үржих нь сайн хэрэг үү? Энд, тэнд орхигдсон хүүхдүүд байх нь сайн биш биз дээ. Монгол Улсад 80 мянга гаруй өрх толгойлсон ээж, аав байна. Үүний 81,4 хувь нь өрх толгойлсон ээжүүд. Энэ тийм сайхан гэж үү?
-Энэ албан ёсны тоо байх тийм үү? Гэрлэлтээ батлуулаагүй хүүхэдтэй болчихоод, салж байгаа гэр бүлүүд энд орох уу?
-Энэ бол албан ёсоор улсад “Өрх толгойлсон” гэж бүртгүүлээд, тэтгэмж авдаг хүмүүсийн тоо.
-Хүүхдийн тоо заасан уу?
-Заагаагүй. Хэд ч байсан орлогынх нь 50 хувиас доошгүй хэмжээгээр авах санал юм. Энэ бол төсөл буюу одоо санал авч байгаа хэрэг шүү дээ. Мэдээж УИХ-ын чуулганаар хэлэлцээд явах үед өөрчлөгдөж болзошгүй.
-“Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол тэтгэлэг төлөгчийн бусад банканд дахь данснаас хүүхдийн тэтгэлгийг үл маргах журмаар суутган авна” гэж заасан. Энэ нь тухайн хүн дансандаа мөнгөө хийхгүй байх нэг нөхцлийг бүрдүүлэх үү?
-Төлөхгүй бол үл маргах журмаар авна гэж байгаа. Бүх мөнгийг чинь авна гэсэн үг биш, төлөх ёстой мөнгийг чинь л авна гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тэтгэлэг тогтоолгосон хүмүүсийн зөвхөн 20 хувь нь л төлдөг, 80 хувь нь төлдөггүй. Энэ аймаар тоо шүү. Ядаж 50 хувь нь төлдөг баймаар.
-Гэхдээ тэр хүмүүс төлөх санхүүгийн боломжгүй байвал яах уу?
-80 хувь нь боломжгүй байдаг гэж бодохгүй байна. Яагаад гэхээр, зарим нэг эцэг, эх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж, дансыг нь хаалгаж байгаад эсвэл хилээр гарах эрхийг нь хасуулж байж төлүүлж авдаг. Ингэж “шантаажилж” байж төлөх ёстой мөнгийг нь авч байгаа юм. Ингэхээр төлчихөж байна гэдэг чинь тэр хүн зүгээр байгаад байвал төлмөөргүй л байгаа хэрэг. Төлөх боломж байсаар байтал төлөхийг хүсэхгүй байгаа нь олонх нь гэсэн үг.
Ер нь хүүхдийн тэтгэлэгийг шууд суутгаж л авахгүй бол тэр хүүхэд төлөх хүртэл нь хоол хүнс идэхгүй, сургуульдаа явахгүй, амьсгалахгүй, өвдөхгүй байна гэж байхгүй. Тэр хүүхэд чинь өдөр бүр амьдарч байна. Тиймээс бушуухан төлүүлэх ёстой юм. Мэдээж ажил, орлогогүй нэг хэсэг хүмүүс байлгүй яахав. Тэр хүмүүсийг ажил олтол нь хүлээцтэй байж болно.
-Манайхан баримт бичигт хөнгөн хуумгай ханддаг зангаараа гэр бүлээ бүртгүүлдэггүй. Хамтран амьдардаг хүмүүсийг яаж тооцох вэ?
-Хамтран амьдрагчийн статус манай ямар ч хууль эрхзүйн орчинд тусгагдаагүй. Гэр бүлийн хуульд хамтран амьдрагчийн асуудлыг оруулах ёстой. Гадны хуулийг судалж байхад “Нэг хаягт 5-10 жил хамт амьдарсан бол гэр бүлд тооцно” гэж байдаг юм билээ. Энэ удаад хуулийн өөрчлөлтдөө оруулаагүй. Яагаад гэвэл Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн өөрчлөлтөд орно гэж ойлгосон. Засгийн газрын оруулаагүй гол заалтуудыг энэ төсөлд багтаасан.
-Тэгэхээр хамтран амьдрагч байгаад салсан тохиолдолд хүүхдийн тэтгэлэг авах уу?
-Одоо байгаа хуулиар ч авах боломжтой.
-Энэ хуулийн төсөл иргэдийн халаастай нэлээд гүн орж ярьж байгаа учир магадгүй ингэж олон хүний анхаарлыг татаж байгаа болов уу. Гэтэл яг үнэндээ гэр бүлийн асуудал манай нийгэмд үнэхээр тулгамдсан уу гэвэл тийм гэж хариулах байх.
-Халаастай нь л ярьж байж хариуцлага болдог. Гэр бүлээсээ саллаа гээд шоронд хийлтэй нь биш дээ. Гэр бүлээсээ салж, хүүхдүүдийг өнчрүүлэх юм бол ийм хэмжээний томоохон хариуцлага байдаг юм шүү гэдгийг ойлгуулсан хуулийн төсөл учир хүмүүс ингэж ярилцаж байна. Ярилцах нь зөв. Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан буюу 23 жилийн өмнөх хууль. Тэр үеийн монголын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр маш их өөрчлөгдсөн. Гэр бүл салалт ч хамаагүй өндөр болсон.
Өнөөгийн нийгэмд гэр бүлээ бүртгүүлээгүй атлаа хүүхэдтэй болсон маш олон гэр бүл бий. Өрх толгойлсон ээж, аавууд маш их бий. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс зөвхөн орчин тойрныхоо ийм хүмүүс, хүүхдүүдийг тоолоод л үз. Тэгээд бод л доо.
Бидний үр хүүхдүүд амьдрах нийгэм ийм байж болох уу? Яагаад байдал ийм болчихоод байхад хариуцлагаас айгаад байгаа юм бэ? Ийм алдаа хийнэ гэж өөртөө итгэлтэй байна гэж үү?
-Шүүмжилж байгаа хүмүүсийн олонх нь бас шинээр гэр бүлтэй болчихсон, хууль эргэж үйлчлээд, орлогынхоо 50 хувийг “алдана” гэж бодож байгаатай холбоотой байх?
-Өг л дөө, хүүхдүүддээ. Хүүхдүүд чинь амьдрах эрхтэй шүү дээ. Хүүхдийн эрхзүйн байдлыг дээрдүүлэхийн тулд хэрэгтэй гэж үзвэл эцэг, эхчүүд дахин асуудлыг сөхөж болно.
-Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүнд өвчтэй болохоор салаад явчихдаг хүмүүс олон байдаг юм билээ. Энэ тохиолдолд тэтгэлэг дээр нэмээд эмчилгээнийх нь зардлыг олгохоор тусгасан, тийм үү?
-Тэгж оруулсан.
-Та бүхнийг судалгаагаа сайн хийлгүйгээр, хөрсөө мэдэхгүйгээр ийм төсөл боловсруулсан байж болзошгүй гэх хардлага явж байна лээ. Хэдий хэмжээний судалгаа хийсэн бэ?
-Хийлгүй яахав. Хууль тогтоомжийн тухай хуулиар судалгаа хийж байж хуулийн төсөл боловсруулдаг. Хуулийн үзэл баримтлал, судалгаа нь parliament.mn сайтад орсон байгаа.
-Хаврын чуулганаар хэлэлцэх үү?
-Намрын чуулганаар.
-Та бүхний судалгаагаар гэр бүл салах шалтгаанд юу ордог юм бэ?
-Гэр бүл салах үндсэн гурван шалтгаан байна.
1. Архины хамаарал
2. Эхнэр, нөхрийн үл ойлголцол, хардалт
3. Гэр бүлийн бусад гишүүд буюу аав, ээж, ах дүү хамаатан садангийн оролцоо. Нэгдүгээрт орж байгаа архины хэрэглээг бууруулах нь бас чухал асуудал. Архины хэрэглээний талаарх хуулийн төслийг боловсруулах хуулийн төслийг Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд боловсруулж байгаа. Тэнд бусад орны хуулиудыг ч судалж байгаа. Ерөнхийлөгч мөн архины хэрэглээг бууруулах аяныг санаачилсан. Энэ бүхний үр дүнд архидалт буурах юм бол олон асуудалд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
-Жилд хэчнээн гэр бүл салдаг юм бэ?
-Өнгөрөгч 2021 онд 3391 гэр бүл албан ёсоор салсан байна. Дунджаар нэг гэр бүл 2,5 хүүхэдтэй гэж тооцвол 8000 гаруй хүүхэд жил бүр эцэг, эхээсээ салж байна гэсэн үг.
-Талуудаас ямар санал бодол илэрхийлж байна?
-Энэ бол хүүхдэд зориулсан хуулийн өөрчлөлт гэдгийг би дахин, дахин хэлмээр байна. Хүүхдийн эрхийг хамгаалсан төсөл. Мэдээж, эцэг эхийн хайрыг юугаар ч нөхөж чадахгүй. Гэхдээ хүн болоод явахад нь шаардлагатай санхүүгийн хариуцлагыг эцэг, эх хүлээдэг байгаасай гэж байгаа юм.
Маш олон хүн дэмжиж байна. Эмэгтэйчүүд утсаар яриад уйлж байна, амьдралаа ярьж ярилцлага өгөх үү, хаана яаж санал өгөх вэ гэж байна. Зарим хэсэг нь маш их уурлаж, харааж, бүдүүлгээр доромжилж байна. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс. Би бол юу ч болсон хүүхдийн эрхийг хамгаалсан энэ хуулиасаа буцахгүй.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.