Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын нэг бол оршуулгын газар юм. 10 гаруй жилийн өмнөөс уг асуудлыг хөндөж, цэгцлэх шаардлагай үүсээд байгааг ярьж, хэлж байсан ч нэгдсэн нэг шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Энэ хугацаанд нийслэлийн хүн ам тэлсээр сүүлийн хэдэн жил оршуулгын газартайгаа зэрэгцэн амьдарч байна. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.
Үүний хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаагаас буяны үйл ажиллагаа явуулдаг компани болон тулгамдаж буй асуудлын талаар асууж лавлалаа.
М.Чинсанаа: Олон хүн амтай Улаанбаатар хотод хүн оршуулах үйл ажиллагаа хийх нь зохимжгүй асуудал
-Өнөөдрийн байдлаар нийслэлд буяны үйл ажиллагаа эрхэлдэг хэдэн компани байна вэ?
-Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компани байгаа.
-Эдгээрээс хэд нь стандартын шаардлага хангасан компани байна вэ?
-Стандарт гэсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл одоогоор манайд бурхан бологчдын асуудлыг зохицуулдаг хуулийн зохицуулалт байхгүй. Өнөөдөр энэ асуудлыг яг аль яам хариуцах нь тодорхойгүй байсаар байна. Оршуулгын газар бол зөвхөн Улаанбаатар хотын бус Монгол Улсын хэмжээнд яригдах асуудал юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлсэн. Үүнтэй уялдуулан буяны үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийг тодорхой стандарт дагаж мөрдүүлэхээр ИТХ-аар оруулж 86-р тогтоолыг баталсан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам үүнийг бүртгээгүй. Учир нь хуульд үндэслэж байж журам гаргах ёстой гэдэг асуудал яригдсан. Тэгэхээр энэ үйл ажиллагааг зохицуулдаг хууль байхгүй болчхоод байгаа юм. Хэрэв хуультай болчихвол нийслэлийн 9 дүүрэг юмуу төвд төвлөрсөн 6 дүүргийн асуудлыг цэгцлэх боломжтой.
-Улаанбаатар хотын ойр орчимд хэчнээн оршуулгын газар байдаг вэ?
-Яг одоогийн байдлаар 4 газар хүн тавьж болж байгаа. Гэхдээ зарим багтаамж нь дүүрчихсэн, дахин хүн тавих боломжгүй зөвшөөрөлгүй оршуулгын газруудад хүн тавих тохиолдол гардаг.
Цаашид нийслэлд хүн оршуулах газаргүй болж байна. Улаанбаатар бол өөрөө жижигхэн хот. Төв аймгийн газар нутагт 470 мянган га газарт л оршдог шүү дээ. Гэтэл оршуулгын газрууд жилээс жилд 10 га газраар тэлж байна. Одоо айл өрхүүд нь оршуулгын газартайгаа зэрэгцээд амьдардаг болчихсон.
Нэг газар ихээр хүн оршуулах нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлнө. Үүнээс үүдэж ямар өвчин гарч, ямар сөрөг үр дагаварт хүрэхийг хэлж мэдэхгүй байна. Нөгөө талаар хөдөө орон нутагт амьдардаг өвчтэй иргэн хотод ирж эмчлүүлээд өөд болбол нийслэлд оршуулж байна. Энэ нь өөрөө төвлөрлийг бий болгож байгаа хэрэг. Мөн тухайн хүмүүс ямар эм, тариа хэрэглэж байсан нь тодорхойгүй учир дээр хэлсэнчлэн хөрсөнд ямар урвал явагдах нь ч бас тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл олон хүн амтай Улаанбаатарт газар байхгүй байхад нэг дор энэ мэтчилэн хүн оршуулж байгаа нь өөрөө зохимжгүй асуудал юм.
-Оршуулгын газрууд хэчнээн га талбайг эзэлж байгаа вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын газрууд нэлээд том га талбайг эзэлдэг. Харин энэ жилээс зарим оршуулгын газруудыг /Далан давхар/ цэцэрлэгт хүрээлэн болгох ажлуудыг хийж эхэлж байна гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 18-19 мянган хүн нас бардаг гэсэн Үндэсний статистикийн хорооны судалгаа байна. Харин үүний 7-8 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг ажээ.
Нийслэлд шинээр газар өгөх боломжгүй
Бид цаашид нийслэлд хүн оршоох үйл ажиллагаа явуулах эсэхийг Нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтсээс тодруулахад дараах хариуг өгсөн юм. Тодруулбал,
-Тусгай зориулалттай олгодог газруудыг суурьшлын бүсээс гаргах бодлого барьж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл суурьшлын бүсэд оршуулгын газар олгохгүй. Учир нь нэгдүгээрт, Улаанбаатар хот хүн амаа дийлэхгүй байна. Хоёрдугаарт, гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэх, дэд бүтцийг нь сайжруулах зэргээр ногоон байгууламж бий болгохыг зорьж байгаа.
Тиймээс төвийн бүсэд байрлах "Далан давхар"-ын оршуулгын газарт байгаа шарилуудад хүндэтгэл үзүүлэн, чандарлах үйл ажиллагааг хийж, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлчихсэн явж байна. Цаашид газрыг нь цэвэрлэж, нөхөн сэргээгээд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгох асуудал төлөвлөгөөнд тусгагдсан.
-Тэгэхээр одоо Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлдэг буяны байгууллагууд хүмүүсээ хаана оршуулж байгаа гэсэн үг вэ?
-Ихэнх нь Төв аймаг руу гаргаж байгаа. Төвлөрлийг сааруулах бодлого барьж байгаа учраас.
-Тэгвэл цаашид нийслэлийн бүсэд оршуулгын газар олгохгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Угаасаа нийслэлд шинээр өгөх газар байхгүй. Хэрэв стратегийн ч юм уу зайлшгүй шаардлагатай тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр газар олгоно. Улаанбаатар хотын хөрс маш бохирдолтой учир хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах шаардлага тулгарч байна.
-Шинээр барих оршуулгын газрын байршил тодорхой болсон уу?
-Одоогоор тодорхой болоогүй байна. Нарийвчилсан үнэлгээ хийж байж байршлыг нь тогтооно.