/2022.4.25/ Tesla компани өнгөрсөн 7 хоногт 1-р улирлын тайлангаа танилцуулж, санхүүгийн үзүүлэлтүүд нь мэргэжилтнүүдийн таамаглалыг эвдсэн нь онцлох үйл явдал байлаа. Тухайлбал,
- Тус компанийн нэгж хувьцаанд оногдох орлогыг мэргэжилтнүүд 2,26 ам.доллар байна гэж таамаглаж байсан ч тайлангаас харвал энэ үзүүлэлт 3,22 ам.доллар байна.
- Мөн нийт орлогыг 17,8 тэрбум байна гэж төсөөлж байсан бол компани 1-р улиралд 18,76 тэрбум долларын орлого олжээ.
Энэ мэдээ нийтлэгдсэн даруйд компанийн хувьцааны ханш 6 хувиар нэмэгдсэн байна.
Автомашин борлуулалтын орлого 16,86 тэрбум хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээ даруй 87%-иар өссөн үзүүлэлт юм. Харин автомашин борлуулалтаас олсон ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 32,9%-иар өсч, 5,54 тэрбум доллар болжээ. Улирлын орлого дээр засгийн газрын ногоон санхүүжилтийн дэмжлэг болох 679 сая ам.доллар мөн нэмэгдсэн.
Компанийн хувьцаа эзэмшигчидийн хурал дээр мэдэгдсэнээр Tesla энэ жил үйлдвэрлэн гаргасан автомашины тоо өссөнөөс гадна автомашины дундаж үнэ өссөн нь ийнхүү ашиг орлого нэмэгдэхэд нөлөөлсөн гэж мэдэгдээд байгаа билээ.
Тухайлбал, энэ сарын эхээр компанийн нийт үйлдвэрлэсэн машины тоо 310 мянга давсан бөгөөд нийт үйлдвэрлэлийн 95% нь Model 3 болон Model Y загварууд байв.
Санхүүгийн тайлан танилцуулах үеэрээ тус компанийн санхүү эрхэлсэн захирал Закэри Киркхорн болон ерөнхий захирал Элон Маск нар Tesla компани энэ жил 2021 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг даруй 50 хувиар өсгөж чадна гэсэн бүрэн итгэлтэй байгаа талаар дурдсан.
Гэсэн ч COVID-ийн нөхцөл байдлын улмаас Шанхай хотод бий болоод байгаа хөл хорионоос болоод бараг бүтэн сарын үйлдвэрлэл тасалдахад хүрээд байгаа талаар ярив.
“Үйлдвэрлэл маш хязгаарлагдмал хүчин чадлаар ажиллаж байгаа, бид аль болох бүрэн хүчин чадлаараа ажиллуулах талаар хичээн ажиллаж байна” гэж Киркхорн хэлсэн. Элон Маск:
“Хэдий энэ мэт саатал тасалдал үүсч байгаа ч бид энэ жилдээ 1,5 сая автомашин үйлдвэрлэх бүрэн боломжтой” гэсэн байна. Гэхдээ одоо худалдан авалтын захиалга хийж байгаа хэрэглэгчид урт хүлээлгийн жагсаалтанд орохоос өөр аргагүй бөгөөд ирэх жилээс нааш машинаа гар дээрээ хүлээн авах боломжгүй байх магадлалтайг ч мөн сануулжээ.
Мөн энэ үеэр компанийн удирдлагууд автомат жолоодлогын хөгжүүлэлт, туршилтын ажил нь төсөөлнөөс урт хугацаа шаардаж байгаа талаар ч мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр Элон Маск Tesla компани робот такси хөгжүүлж байгаа талаар ам алдсан ч энэ удаа тэр талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзав. Түүний өмнөх мэдэгдэлд дурдагдсанаар компани ирэх жил робот такси танилцуулах арга хэмжээгээ зохиож, улмаар 2024 онд үйлдвэрлэлд шилжүүлнэ гэсэн билээ.
Инфляцийн дарамт, ОХУ-ын Украинд хийж буй түрэмгий дайнаас үүдэлтэй хагас дамжуулагч, чипний хомсдол нүүрлээд байгаа ч Tesla компанийн дэлхий даяарх үйлдвэрүүд 2022 оны 1-р улиралд үйлдвэрлэлийн түүхий эдийн 3 хоногийн нөөцтэй ажиллаж ирсэн байна. 2021 оны 4-р улиралд үйлдвэрүүд нь 4 өдрийн үйлдвэрлэлийн нөөцтэй байсан бол жилийн өмнө энэ үзүүлэлт 8 өдрөөр хэмжигдэж байв.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр дээр үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллалгүй хэдэн улирал дамнаад байгаа талаар дурдагдаж байв.
Хэдий 2022 он нийлүүлэлтийн сүлжээний хувьд хүндхэн жил байх төлөвтэй байгаа ч компани энэ жил 50% өсөлттэй ажиллана гэсэн өөдрөг таамаглалтай байгаа юм. Тайлангийн мэдэгдлийн үеэр харин Элон Маскийн сүүлийн үеийн дэгдээгээд байгаа шуугиант сэдэв болох Twitter компанийг худалдан авах эсэх асуудал яригдаагүй байна.
Эх сурвалж: https://www.cnbc.com