www.mpress.mn сайтаас Боловсролын тэгш бус байдал цувралыг хийж байгаа билээ.
Эцэг, эхчүүд яагаад хүүхдүүдээ хотын захаас хотын төв рүү өдөр бүр 1-2 цаг түгжирч сургуульд сургаж байна вэ? Үүний шалтгаан нь хотын захын сургуулиуд чанар муутай юу?
Хэрвээ чанар муутай гэж үзвэл Ерөнхий боловсролын сургуулиуд бүгд нэг стандартаар хичээллэж байгаагийн утга учир юу болох билээ?
Яагаад зарим улсын сургууль усан бассейнтай, зарим нь төлбөртэй байхад харин зарим нь заалаа ч засварлах мөнгөгүй байна вэ?
Эдгээрийн цаад шалтгаан төсөвтэй холбоотой юу?
Эдгээр асуултын хариуг авахаар бид судлаач С.Баттулгатай ярилцсан юм. Тэрээр “Боловсрол эвсэл”-ийн захиалгаар Ерөнхий боловсролын сургуулиудын төсвийн талаарх судалгааг хийжээ.
Энэхүү мониторинг 2020 оны 6-9 сард Улаанбаатар хотын Чингэлтэй, Багануур дүүрэгт, 2020 оны 10-2021 оны 3 сард Хөвсгөл, Булган, Завхан, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн төвийн 6 дүүрэгт хийгдсэн юм.
-Судалгааныхаа талаар ярихгүй юу?
-2019 онд бид анх удаа сургуулийн төсөвт мониторинг хийж үзлээ. Бидний судалгааны гол зорилго нь сургуулийн төсөв яг чиглэгдэх ёстой үйл ажиллагаандаа зарцуулагддаг эсэхийг мэдэх байсан. Гэтэл Ерөнхий боловсролын сургуулиуд тайлангаа өгдөггүй нэг асуудалтай.
Сургуулийн төсөв гэдэг чинь захирал юм уу эрхлэгчийн халаасны мөнгө биш шүү дээ. Хэрэв төсөв нь хүрдэггүй бол яаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулаад байдаг юм бэ гэдгийг тодорхойлох нь бидний хувьд чухал байсан.
Бид эдийн засагчид учир сургуулиуд нэг зардлынх нь төсөв хүрэхгүй бол нөгөө зардлынхаа төсвөөс аваад зарцуулаад байгаа гэдгийг нь ерөнхийдөө мэддэг. Тиймээс үүнийгээ ил гаргаад хэлээд өгөөч л гэж тэднээс хүссэн. Үүнийг мэдсэнээрээ бодлого боловсруулж байгаа хүмүүст “Энэ төсөв нь хүрэхгүй байна. Үүнийг нь нэмээд өгөөч” гэж хэлэх гээд л судалгаа хийсэн юм.
-Яагаад ийм судалгаа хийх болсон юм бэ?
-Манай судалгаа анх эхэлсэн шалтгаан нь сургуулиудад хуваарилсан төсөв яг тухайн сургуульдаа зарцуулагдахгүй байна гэсэн гомдол гарч эхэлсэн.
Тухайлбал, нэг аймаг ЕБС-ийн 4 сургуультай гэж бодъё. Гэтэл нэг сургуулийнх нь төсөв 1 тэрбум, нөгөө сургуулийнх нь 2.2 тэрбум төгрөгөөр батлагдчихдаг. Хэрэв 1 тэрбум төгрөгийн төсөвтэй сургуулийн төсөв хүрэхгүй бол 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэй сургуулийнхаа төсвөөс авч зарцуулаад байна гэсэн хэд хэдэн гомдол бидэнд ирсэн.
Энэ чиглэлээр бид судалгаагаа үргэлжлүүлэн хийж дараа жил нь буюу 2020 онд орон нутгийн төсөв хэрхэн хуваарилагдаж, яаж зарцуулагдаж байна гэдгийг судлах зорилгоор аргачлал боловсруулж хүмүүсээ дуудаад Чингэлтэй, Багануур дүүрэгт анх туршилтын судалгаа хийсэн.
Дараа нь 2020 оны аравдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл Хөвсгөл, Булган, Завхан, Дархан-Уул, Өмнөговь зэрэг хэд хэдэн аймаг болон нийслэлийн 6 дүүрэгт судалгаа явуулахаар болсон.
-Ерөнхий боловсролын нэг сургуулийн жилийн төсөв дунджаар хэд байдаг юм бэ?
-Тэрбум орчим төгрөг л байдаг. Өөрөөр хэлбэл, 3-4 давхар сургуулийн барилгатай, 600 хүүхдийн багтаамжтай жирийн нэг дундаж сургуулийн жилийн төсөв 1 орчим тэрбум төгрөг байдаг. Тэр нь ерөнхийдөө урсгал зардалдаа зарцуулагддаг.
Мэдээж сургуулийн хэмжээнээс л төсөв нь хамаарна. Олон хүүхэдтэй, цогцолбор сургууль бол 2 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй байна.
-Тэгвэл дээр дурдсан шиг хүүхдийн багтаамжтай дундаж хувийн сургуулийн жилийн урсгал зардал хэд байх вэ?
-Логикоор бодоод үзвэл бараг тэнцүү шахуу. Гэхдээ багш ажилчдынх нь цалин арай өндөр болов уу. Ер нь хувийн сургуулиудын цалингийн мэдээллийг олоход их хэцүү юм билээ. Багш нараас нь ч гэсэн асуухад тоймтой тоо хэлэхгүй. Ер нь хувийн сургуулиуд нэлээд ашигтай ажилладаг юм байна гэсэн бодол бас төрсөн.
-Сургуулийн захирлыг хэн томилдог вэ?
-Орон нутгийн удирдлага томилдог. Өөрөөр хэлбэл тухайн аймаг, сумын засаг дарга томилдог гэсэн үг.
-Сургуулийн төсвийг хэрхэн хуваарилдаг вэ?
-Сургуулиудаас өөрсдөөс нь “Ирэх жил манай сургууль ийм хэмжээний төсөв хэрэгтэй” гэж харъяа боловсролынхоо хэлтэс рүү хүсэлтээ илгээдэг. Тус хэлтэс сургуулиудаас төсвүүдийг нэгтгэж аваад БШУЯ-руу илгээдэг. Харин Боловсролын яамнаас Сангийн яаманд илгээснээр, УИХ-д өргөн барьж чуулганаар хэлэлцүүлж баталдаг.
Буцаад төсөв хуваарилагддаг шугам нь харин жаахан өөр.
-Яагаад Улаанбаатар хотын сургууль бүр хоорондоо өөр өөр байна вэ. Тухайлбал, Нийслэлийн 33-р сургууль бассейнтай байхад, Дарь эхийн сургууль биеийн тамирын заалаа ч засварлах мөнгөгүй байна. Эндээс харахад зарим сургуулийн удирдлагууд шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг гаргаж өгөхгүй байна гэж байх уу?
-Ер нь бол гаргаж өгдөггүй. Шалтгаан нь сургуулийн удирдлага, нягтлантай холбоотой.
Яагаад гэвэл тэд сургуулийнхаа төсвийг хийхдээ маш хайнга, өөриймсөг бус ханддаг. Мэдээж хэрэг бүх захирал тийм байна гэж байхгүй. Гэхдээ ихэвчлэн өмнөх жилийнхээ төсвийг багцаалдаад тэр хэмжээний дүнгээр л явуулчихдаг.
Гэтэл БШУЯ тухайн сургуульд яг юу хэрэгтэй байгааг мэдэхгүй шүү дээ. Тухайн сургууль өөрөө л яг хэрэгтэй байгаа зүйлийнхээ жагсаалтыг гаргаад ирэх юм бол тэр болгон хасаад байхгүй.
Гэхдээ мэдээж зарим нэг тохиолдолд хасах шаардлагатай бол хасна. Тухайлбал, бассейн барих бол урсгал зардал биш хөрөнгө оруулалтын зардалдаа орно. Хэрэв аль нэг хороо сургуульгүй бол бассейн барьж яах юм гээд л хасчихдаг.
Сургуульд шаардлагатай төсвийн хуваарилалтыг тухайн аймаг сумын ЗДТГ-ын дэргэдэх Төрийн сангийн хэлтсийнхэн мэддэг. Энэ сангаар бүх мөнгө дамждаг. Ер нь Төрийн сан боловсролын байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнг харгалздаггүй.
Зөвхөн төсөв санхүү талаас нь харж “Аль нэг сургууль нь өртэй гарч болохгүй” гэсэн бодлого л барьдаг. Ингэхээр төрийн сангийнхан өртэй гарах гээд байгаа сургуулиудын төсвийг нь өргүй сургуулиудынхаас өөрчилж, шилжүүлдэг. Төсвийг нь өөрчлөхөөр эргээд боловсролын байгууллагад ямар үр нөлөөтэй вэ гэдгийг харгалзаж үздэггүй. Тэд боловсролын салбарын хүмүүс биш учраас мөн мэддэггүй.
-Тэгвэл төрийн сангийн бодлого салбар салбарт өөр байх ёстой гэсэн үг үү?
-Ер нь бол тийм. Боловсролын төсвийн эрх мэдлийг мэддэг газар нь өгөхгүй бол зөвхөн өр авлага үүсгэхгүй гэсэн нэрийдлээр үйл ажиллагаа нь доголдоод байхад санхүүжилт гаргахгүй байдаг байжболохгүй. Манай судалгаанд үүнтэй ижил нэг жишээ дурдагдсан байгаа. Тодруулбал, 2019 онд Завхан аймгийн 5 дугаар сургуулийн хичээл үйлдвэрлэлийн дадлагад 34,2 сая төгрөгийн төсөв тавигдсан байсан. Гүйцэтгэлийг нь харсан чинь 2,2 сая төгрөгийг нь л зарцуулсан, үлдсэн мөнгө нь байсаар. Яагаад гэвэл Санхүү төрийн сангийн хэлтсийнхэн тухайн төсвийг зарцуулах эрхийг нь нээж өгөөгүй байсан. Шалтгаан нь, тэр мөнгийг өөр сургуулийн төсөв хүрэхгүй бол тийш нь шилжүүлэх гээд хадгалсан гэсэн үг. Бодит байдал дээр ийм маягаар л ажилладаг.
Жилийн эцэст Завхан аймгийн сургуулиуд өр авлагагүй гарсан уу л гэж харахаас биш 5 дугаар сургуулийн хичээл үйлдвэрлэлийн дадлагын төсөв бүрэн зарцуулагдаж уу, үгүй юу гэдгийг хардаггүй.
-Тэгвэл үүн дээр нэг ийм хардлага байж болох уу. Хотын зах юм уу, алслагдмал сумын сургуулийн төсвийг “дээрэлхээд” төвийн сургуулиуд руу шилжүүлээд байдаг зүйл байж болох уу?
-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ байж болно.
Сая Завхан аймгийн 5 дугаар сургуулийг жишээг татаж ярилаа шүү дээ. Тус аймгийн 3 дугаар сургууль хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхэд 11,5 сая төгрөгийн төсөв батлуулаад бүгдийг нь зарцуулчихсан байсан. Тэгэхээр ямар сургууль нь тавигдсан төсвөө бүгдийг нь зарцуулаад ямар нь болдоггүй юм гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
-Компани бол тухайн жилийнхээ төсвийг тооцоолоод ямар хэлтэст хэдэн төгрөг зарцуулахаа бодчихоод, ажилчдадаа танилцуулдаг. Үүн шиг сургуулийн захирал, нягтлан хоёр багш нартаа төсвөө танилцуулдаг уу?
-Уг нь бол танилцуулах ёстой. Гэвч ийм практик манайд огт байдаггүй. Хуулиараа сургуулийн төсөв олон нийтэд ил тод байх ёстой гэж заасан байдаг. Нэн ялангуяа урсгал засварт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ гэдгээ ил байлгах ёстой. Аав ээж нар хүүхдийнхээ ангийг засна гэж мөнгө хураалгадаг. Гэтэл эцэг эхчүүд сургууль үнэхээр мөнгөгүй болчихоод эцэг эхээс татсан юм уу, үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ.
Харамсалтай нь, багш нар хүртэл төсөв, түүний зарцуулалтыг сонирхдоггүй байхад эцэг, эхчүүд яаж сонирхох вэ дээ. “Засварын мөнгө гэж угаасаа өгдөггүй юм болов уу” гэж боддог байх.
-Нэг сургуулийн жилийн урсгал зардал дунджаар 1 орчим тэрбум төгрөг юм байна. Ер нь энэ мөнгө хэр хангалттай вэ?
-Энийг ярихад бас их хэцүү. Одоогоор үүнийг тооцоолсон нарийн судалгаа манайд байхгүй. Хангалттай эсэхийг тогтоох судалгаа мэр сэр хийгддэг. Үүнийг тогтоохдоо агуулгаар нь мэдэж болно. Тухайн хичээлийн агуулгын стандартын дагуу хичээл ороход хэдий хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ гэдгийг нарийвчлан тооцоолж болно.
Логикоор бодоход дээрх төсөв хүрэлцдэггүй байх. Өөр нэг үндэслэл нь багш нартай уулзахаар төсөв нь ерөөсөө хүрдэггүй гэж байнга хэлдэг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.