Уул уурхайн салбарт тулгарч буй 10 ТОМ ЭРСДЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн салбарт тулгарч буй 10 ТОМ ЭРСДЭЛ

/2022.03.21/: Ernst and Young компаниас дэлхий даяар уул уурхайн салбарт учирч болзошгүй 10 том эрсдэлийг дараах байдлаар тодорхойлжээ.

Уул уурхай, металл олборлолтын салбарт шинээр бий болж буй түйвээлтүүд салбарын өнгө төрх, үйл ажиллагааг хурдацтайгаар өөрчилж, дагаж хөгжих шинэ замыг зурж байна гэж Ernst and Young компаниас жил бүр уламжлал ёсоор нийтэлдэг уул уурхайн салбарын боломж ба эрсдэлүүд эмхэтгэлд дурджээ.

Цаг уурын өөрчлөлт болон оролцогч талуудын хүлээлт өсч байгаа нь хамгийн том өөрчлөлтийн хүчин зүйл болж байна. Байгаль орчин болоод нийгмийн хүчин зүйлс анх удаа эрсдэлүүдийн жагсаалтыг тэргүүлж, үүний араас decarbonization буюу нүүрсхүчлийн хийг бууруулах асуудал болон ашиглалтын лицензтэй холбоотой асуудлууд удаалжээ.

COVID19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хоёр шинэ эрсдэл нэмэгдсэн нь тодорхойгүй эрэлт болоод бизнесийн шинэ загварууд юм. Гэхдээ шилжилт өөрчлөлт хийх замаар урт хугацааны үнэ цэн бүтээж, нийгэмдээ эргээд хувь нэмрээ оруулах хүсэлтэй уул уурхайн тоглогчдын хувьд эрсдэлээсээ боломж нь илүү байгааг мөн эмхэтгэлд дурджээ.

10. Бүтээмж ба зардал

COVID19 цар тахлын дараа эрэлт өссөн ч, нөгөө талдаа үйл ажиллагааны орцууд, тээвэрлэлт, хүний нөөц, нүүрстөрөгчийг бууруулах хөтөлбөр гээд олон хүчин зүйлүүд зардал нэмэгдэхэд нөлөөлөв. Иймд зардал бууруулахын сацуу бүтээмжээ нэмэгдүүлэх нь урт хугацаанд үнэ цэн бий болгохоор хичээж буй уурхайн тоглогчдын хувьд богино хугацааны давуу тал бий болгоход шаардлагатай тэнцвэржүүлэх үйл ажиллагаа болж байна. Уул уурхайн бүтээмжид нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл нь тогтворгүй байдал бөгөөд үүнийг оновчтой удирдахын тулд:

  • Тодорхойгүй байдлыг багасгахын тулд геологийн загварчлалаа сайжруулах
  • Байгууллагын санхүү, хүний нөөц, техникийн гүйцэтгэлдээ дүн шинжилгээ хийх замаар хийгдэж болзошгүй өөрчлөлт, сайжруулалт, засвар үйлчилгээг урьдчилан тооцоолох, найдвартай байдлыг дээшлүүлэх
  • Тасралтгүй үр дүнтэй ажиллахын тулд үйл ажиллагааны сахилга батыг сайтар мөрдүүлэх
  • Зах зээлийн өөрчлөлтөд соргог хариу үйлдэл үзүүлж байхуйц цогц үйл ажиллагааны загвар нэвтрүүлэх шаардлагатай.

Бүтээмж нэмэгдүүлэх санаачилгууд нь хүн дээр төвлөрч, технологийн дэмжлэгийг оновчтой ашигласнаар амжилттай хэрэгжиж, олборлолтын үйл явцдаа сөргөөр нөлөөлөлгүйгээр тогтвортой, бүх шатны сайжруулалтыг хийх боломжтой юм.

9. Бизнесийн шинэ загварууд

Item--1

Улам бүр хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд зургаан төрлийн загварыг уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа тусган ашиглах боломжтой. Орчны өөрчлөлтөөс шалтгаалаад уул уурхайн компаниуд одоо ашиглагддаг бизнесийн загварууд тэдний бизнесийн зорилготой уялдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж үүсч байна. Тогтворгүй өөрчлөлтийн үед үнэ цэн бүтээхийн тулд уул уурхайн компаниуд дараах загваруудаас авч хэрэгжүүлж болох юм.

  • Хамтын үнэ цэнийн загвар: Үйл ажиллагаа явуулдаг нутгийнхаа иргэд, засаг захиргаанд өгөөжөөсөө шууд хуваарилах
  • Circular буюу шугаман бус бизнесийн загвар: Хог хаягдлыг бууруулж, хорт бодисын ялгарлыг боломжит хамгийн бага түвшинд хүргэх
  • Босоо интеграци: Үйл ажиллагааны чиглэлээрээ дараагийн түвшинд холбогддог компаниуд, тухайлбал, авто машин үйлдвэрлэгчидтэй нэгдэх буюу худалдан авах
  • Зах зээлийн хэвтээ интеграци: Салбартай холбогдолтой бизнесийн өөр салбарууд руу үйл ажиллагаагаа тэлэх, тухайлбал, шинэ технологи бүтээх, инноваци нэвтрүүлэх чиглэлээр г.м.
  • Хамтарсан бизнес: Салбарынхаа тоглогчидтой хамтарсан бизнес эхлүүлснээр нөөц, чадавхиа илүү бэхжүүлж, хувьцаа эзэмшигчиддээ илүү өндөр үнэ цэн бүтээж өгөх
  • Ирээдүйн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ: Энэ нь эрсдэл багатай санхүүгийн нөөц бүрдүүлэх арга зам юм.

Эдгээр загвар бүрээс аль нь компанидаа илүү тохирохыг олж мэдэхийн тулд загвар бүрийн үнэ цэн, эрсдэл, боломж нь хаанаа байна гэдгийг олж тодорхойлох, улмаар ирээдүйн зах зээлийн төлөв байдалд нухацтай шинжилгээ, төлөвлөлт хийх шаардлагатай.

8. Ажиллах хүч

Item--2

Оролцоог хангасан, байгууллагын орчны сайн соёл бүрдсэн, албан тушаалын өсөн дэвших боломж нь хангагдсан орчин байгууллагаа бүрдүүлснээр ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэлтэй ажиллах хүчний нөөцтэй болж чадна.

Цартахалтай холбоотой хил гаалийн хязгааралт болон компанийн нэр хүндийн асуудлаас болоод уул уурхайн зарим компаниуд өөрчлөлтийн эрин үед таарч тохирсон мэргэжилтэн олж чадахгүй байх тохиолдол бий. Нэгэнт хөдөлмөрийн зах зээл боловсон хүчний эрэлт их байгаа бол компаниуд илүү олон талт бүлгүүдэд хамаарах, тухайлбал, эмэгтэй, гадаад ажилчид, үндэстний цөөнх гэх мэт ажилтнуудад ээлтэй орчин бүрдүүлэх нь оновчтой. Байгууллагын соёлын хувьд эрүүл орчин болох нь маш чухал зорилт бөгөөд COVID19 цартахлаас хойш ажилтнуудын оюун санаа, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь ач холбогдолтойд тооцогдож байна. Оролцоог хангасан, цөөнхийн эрх ашгийг хүндэтгэсэн хөдөлмөрийн орчныг бүрдүүлэх нь уул уурхайн компаниудын хувьд бүр хөрөнгө оруулагчдын түвшинд анхаарах ёстой асуудал болж хувираад байгаа билээ.

Мөн өндөр чанартай онлайн сургалт, компанийн дотоод болон гадаад хамтын ажиллагааг сайтар хөгжүүлж, мэдээлэл солилцсоноор уул уурхайн боловсон хүчний томоохон асуудал болох цахим боловсролын зөрүүг арилгах боломжтой.

7. Цахим технологи ба инноваци

Item--3

Уул уурхайн салбарынхан бүтээмж, аюулгүй байдлыг дээшлүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд инноваци нэвтрүүлсээр ирсэн.

Энэ салбарт бүтээмжийг нэмэгдүүлэхэд цахим технологи болон инноваци маш чухал гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Тухайлбал, өгөгдлийн шинжлэх ухааныг хэрэглээг нэмэгдүүлэх, загварчлал болон боломжит хувилбаруудын төлөвлөлтийг сайжруулах замаар зардал хэмнэсэн ухаалаг шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргах боломжтой юм.

Цартахлын нөлөөгөөр бид цахим технологи ашиглан ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах бололцоо их байгааг мэдэрсэн. Автоматжуулалт болон зайнаас удирдах хянах төвүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн компаниуд цар тахлын үеэр үйл ажиллагаа нь төдийлөн доголдоогүй тул удахгүй компаниуд энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх судалгаа гарсан байдаг.

Мөн уул уурхайн компаниуд хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалын холбогдолтой зорилтуудаа биелүүлэхэд технологийг өргөнөөр ашиглаж байгаа. Цахим инновацийг нэвтрүүлж чадсанаар компаниуд илүү ногоон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа солонгоруулах, тайлагналтын ил тод байдлыг сайжруулах боломж бүрдүүлж өгч байгаа билээ.

6. Тодорхойгүй эрэлт

Item--4

Үйл ажиллагааны хурд, сэтгэл чадварыг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарынхан үнийн савалгаа, орлох бүтээгдэхүүний аюул, эрэлтийн хэмжээний өөрчлөлт зэргийг зөв удирдах ач холбогдолтой юм.

Эрчим хүчний салбарт хийгдэж буй шилжилтүүдийн улмаас сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, цахилгаан эрчим хүч хадгалах техологитой холбоотой эрдэсүүдийн эрэлт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд уурхайчид маань санхүүгийн нөөц, ашиглалтын лиценз, геополитикийн эрсдэл зэрэг нийлүүлэлттэй холбоотой олон хүчин зүйлийг зөв уялдуулах шаардлагатай болдог.

Төслийг урт хугацаанд төлөвлөж хэрэгжүүлэх явцад орлох бүтээгдэхүүний аюул үүсэх нь бий. Технологийн дэвшил болон эрчим хүчний төлөв байдлын өөрчлөлтөөс болоод шинэ төрлийн эрдэсүүд эрэлт ихэсч, уул уурхайн компаниуд шинэ эрэлтэнд дасан зохицож амжихгүй байх тохиолдол ч байдаг. Цахилгаан машины батарей үйлдвэрлэлий түүхэн дарааллыг авч үзвэл энэ асуудал илүү тодорхой ойлгогдоно.

5. Санхүүгийн капитал

Item--5

Санхүүгийн капитал төвлөрүүлэх боломж нь өнөө үед компанийн нийгмийн хариуцлагатай холбоотой болсон тул уул уурхайн компаниуд энэ чиглэлд анхаарал хандуулдаг болоод байгаа. Эсрэгээрээ хүрээлэн буй орчин, нийгэмдээ халгаатай, засаглалын асуудлууддаа муу анхаардаг компаниудын хувьд санхүүгийн эх үүсвэр татах нь их бэрхшээлтэй асуудал болж хувирсан байна. Тухайлбал, нүүрстөрөгчийн ялгаруулалт өндөртэй компаниудын хувьд хувийн хөрөнгө оруулалтын сангуудаас л санхүүжилт татахаас өөр аргагүй болсон байх жишээний.

Бага хүүтэй, тогтвортой санхүүгийн эх үүсвэр олохын тулд уул уурхайн компаниуд санхүүгийн хувьд сайн үзүүлэлттэй, сахилга баттай байгаад зогсохгүй, санхүүгийн бус үйл ажиллагаанууд ч сайн байх шаардлагатай бөгөөд нийгмийн хариуцлагын түвшин өндөр байх тусмаа илүү олон эх үүсвэрээс санхүүжилт, зээл татдаг цаг үе иржээ. Хэрэв үнэхээр санхүүгийн эх үүсвэр дутмаг байгаа бол компаниуд хөрөнгө оруулалтын багцаа дахиж шинжлэх, өөрчлөгдөж буй эрэлтийн орчинд тохируулан компанийн стратегиэ эргэн харах нь зүйтэй юм.

4. Геополитик

Item--6

Уул уурхайчид худалдааны дайн, шинэ засгийн газрууд, байгалийн баялгийн нийгэмчлэл зэрэг олон асуудлыг хохирол багатай туулах шаардлагатай болдог. COVID19-тэй холбоотой геополитикийн асуудлуудаас дурдвал, хил гаалийн хяналт чангарсан, улс орнууд аль болох дотооддоо үйлдвэрлэх, өөрийн хэрэгцээгээ дотоодоосоо хангахыг чухалчилдаг болсон, мөн дэлхийн хамгийн том компаниуд дээр дэлхий нийтийн минимум татвар оногдуулах санаачлагыг олон орнууд дэмжсэн зэргээр глобальчлалын чиг хандлага өөрчлөгдөж, тоглоомын дүрэм чангарч байна.

3. Ашиглалтын лиценз

Item--7

Бүх оролцогч талуудад урт хугацааны үнэ цэн бий болгож өгч гэмээнэ аливаа уул уурхайн бизнесийн ирээдүй нь баталгаатай болдог цаг үе иржээ. Тухайлбал, уул уурхайн нийгэм, эдийн засгийн өгөөж, түүхэн дурсгалт газруудын хамгаалалт болон нутгийн уугуул иргэдтэй хэрхэн харилцаж байгаа зэргээс хамаарч, компаниудад ашиглалтын зөвшөөрөл олгох эсэх нь шийдэгдэж байна.

2. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах

Item--8

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах уян хатан стратеги боловсруулснаар бизнесийн ялгарал үүсгэх, нүүрсхүчлийн хийг тэглэх дэлхийн нийтийн зорилтыг хангах боломжтой. Хөрөнгө оруулагчид болон эрх баригчид түүхий нүүрсний салбарт хөрөнгө оруулахаас татгалзаж, нүүрсхүчлийн хийн татварыг нэмэгдүүлж байгаа энэ цаг үед уул уурхайн компаниуд энэ асуудлыг стратегийн бусад эрсдэлүүдтэй нэг түвшинд авч үзэх шаардлагатай.

Ирээдүйн хувилбаруудыг загварчилж, компанийн нөөц, технологи, хөрөнгө оруулалтын бүтцээ эргэн харж, илүү уян хатан төлөвлөгөө боловсруулж чадвал компаниуд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэж, бизнесийн ялгарал үүсгэхэд илүү хялбар болгож болно. Ихэнх компаниуд 1 болон 2-р зэрэглэлийн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж чадаад байгаа бол удахгүй 3-р зэрэглэлийн нүүрсхүчлийн хийн ялгаралд ч анхаарал хандуулах цаг үе ирээд байна. Эдгээр хорт ялгарлыг хяналтандаа авч чадах субьектууд энэ чиглэлд илүү их үнэ цэнийг бүтээх, тогтвортой хөгжлийн суурийг тавих бололцоотой юм.

1. Хүрээлэн буй орчин ба нийгэм

Item--9

Тогтвортой ирээдүйг бүтээлцэж чадах уул уурхайн компаниуд л ирээдүйд өрсөлдөөний давуу тал үүсгэж чадна. Хөрөнгө оруулагчид, оролцогч талуудын хувьд ESG буюу хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх уул уурхайн нөлөөллийн асуудал улам бүр ач холбогдолтой болоод байгаа учир уул уурхайн салбарынхан ч энэ чиглэлийн зорилтуудыг компанийн стратеги, шийдвэр гаргалт, хувьцаа эзэмшигчдийн тайландаа тусгахыг илүү их хичээх болжээ. Оролцогч талууд ялангуяа хүрээлэн буй орчны ургамал амьтны олон янз байдлын асуудал, усны менежмент зэрэгт онцгой анхаарал хандуулж, мөн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллөө нэмэгдүүлэхийг нийгэм олон нийт шахаж шаарддаг болсон тул компаниуд хуулиар оногдсон үүргээсээ гадна нийгмийн хариуцлагын хүчин чармайлтуудаа нэмэгдүүлэх болсон байна.

Эх сурвалж: Miningdigital.com

Өнөөдөр Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
Өнөөдөр Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.