Оюутолгойн гүний уурхайн талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн гүний уурхайн талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

/2022.01.25/ Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох, хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Энэ нь гүний уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж буй түүхэн өдөр гэсэн үг. Энэ талаар бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

1. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан эдийн засагч Р.Амаржаргал:

/2022.1.25/ Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох, хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Энэ нь гүний уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж буй түүхэн өдөр гэсэн үг. Энэ талаар бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Цувралаар орох ярилцлагын эхэнд Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Р.Амаржаргалаас авсан тодруулгыг хүргэж байна.

-Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Гүний уурхай эхэлж буй энэ үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ?
-Хөндлөн малтлагын нарийн ширийнийг мэдэхгүй. Хэрвээ ажил явж байгаа бол эрхбиш ямар нэгэн тохиролцоонд хүрсэн байлгүй дээ.

-Энэ нь олон улсад ямар мессэжийг өгөх бол?
-Олон улсын томоохон төсөл урагшлаж байгаа нь тодорхойлолтоороо хөрөнгө оруулагч нарт сайн мэдээ болно. Гэхдээ гараад явсан бусад хөрөнгө оруулагчид буцаад иртэл нэлээд хугацаа шаардах байх даа. Мөн хөрөнгө оруулагч нар зөвхөн Оюутолгойн төслийг шалгуур болгох нь юу л бол. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ерөнхий орчин, ялангуяа тогтвортой орчин хэр бүрдэж байгааг анзаарах болов уу.

-Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Гүнийн уурхай ажиллаж эхэлснээр манай эдийн засагт үзүүлэх шууд болон дайвар нөлөөлөл нь эерэг гэсэн судалгаа дүгнэлт эртнээс яваа. Миний хувьд эцсийн бүтээгдэхүүний буюу хил давуулж буй хүдэр зэргийн тоо хэмжээ, агууламж, бүтцэд маш нарийн хатуу хяналт тавьж чадах уу гэдгийг одоо сайн анхаарах ёстой гэж бодож байна. Говийн эко систем тун эмзэг, ялангуяа ус ашиглалтын асуудал онцгой анхаарал татах ёстой. Техник, технологийн аюулгүй байдлын асуудал ч хөндлөнгийн тогтмол хяналтанд байх ёстой.

-Оюутолгой төслөөр дамжин орж ирэх орлогын зарцуулалтад ямар хяналт байх ёстой гэж та бодож байна?
-Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн үе шиг эффектэй хөрөнгө оруулалт нэг дор энэ төсөл дээр одоо орж ирэхгүй. Төсөл бүрэн хэмжээгээр өгөөжөө өгч эхэлтэл зай ч бий. Гэхдээ ирэх орлогыг төсвөөр дамжуулан үр өгөөжтөй зарцуулах, ийш тийш цамаан загнаж цацаад байхгүй байх баталгаатай эрх зүйн болон бусад орчин чухал юм аа.

2. ШУТИС-ийн багш М.Дагва:

-Оюутолгойн огтлох малталтаа эхлүүлж албан ёсоор гүний уурхайн үйл ажиллагаа эхэллээ. Үүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Босоо ам 1-ийг 2004 онд анх нэвтэрч эхэлснээс хойш бараг 20 жилийн дараа далд уурхайн олборлолт эхэлж байна. Энэ олон жилийн турш үргэлжилсэн судалгаа, тооцоо, барилга, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг үзэж, замд таарсан саад бэршээлүүдийг даван гарч чадсан нь гайхалтай. Энэ завшааныг ашиглаад Оюу Толгой төсөлд хувь нэмрээ оруулсан дотоод, гадаад бүх хүмүүсд хувиасаа баяр хүргэж, амжилт хүсье.

Далд уурхай ийнхүү олборлолтоо эхлүүлснээр Оюу Толгой хэмээх энэхүү уул уурхайн мега төсөл зах зээл дээрх ямар ч савлагааг тэсэн, урт хугацаанд амжилттай ажиллах нөхцөл маш өндөр хувьтайгаар баталгаажиж байна. Үүний ач холбогдол, нөлөөг маш олон талаас нь харж болно. Далд уурхай ашиглалтанд орсноор Оюу Толгойг ашиглах, эс ашиглах тухай сэдэв өнгөрсөн 20 жилтэй хамт түүх болон үлдэж, Оюу Толгой тойрсон кластерийн талаархи сэдэв ирэх 20 жилийн гол сэдвүүдийн нэг болж хувирна. Ханбогд сум гэхэд өнөөдөр Монгол Улс дахь хамгийн олон компанитай сум. Оюу Толгойг онилсон компаниуд цаашид улам бүр итгэлтэйгээр Монголд, Өмнөговь аймагт, Ханбогдод хөрөнгө оруулалт хийнэ.

-Уул уурхайн салбарт ямар мэссэж өгөх бол?
-Оюу Толгойд өнөөдөр ил уурхай ажиллаж жилдээ 150 – 160 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэж байгаа нь хүчин чадлаараа дэлхийд 30-р байр хавьцаа эрэмблэгдэнэ. Харин далд уурхай ашиглалтад орсон тохиолдолд 5 жилийн дотор жилдээ хагас сая тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх хүчин чадал эзэмшинэ гэдгийг дэлхийн уул уурхайн салбарынхан бүгд мэдэж байгаа. Жилд хагас саяас дээш тонн зэс олборлодог уурхай дэлхийд гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Тэдний эгнээнд орно. Уул уурхайн том төслийг унагаадаг биш, хэчнээн сорилттой байсан ч үргэлжлүүлж чаддаг улс орнуудын нэг юм байна гэж биднийг харна.

Дотооддоо бол бид амиа аргацаасан олон жижиг уурхайгаас хөгжлийн түнш болох дунд ба том уурхайнуудтай улс болох шилжилтийг хийж байгааг олон нийт тэр бүр анзаарч хараагүй байж магадгүй. Гэхдээ энэ үйл явц алгуур боловч зогсолтгүй өрнөж байгаагийн нэг илэрхийлэл нь Оюу Толгойн далд уурхай бүтээн байгуулалтаас олборлолт уруу шилжиж байгаа энэ жишээ юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тоос шороо намдаж, дотроос нь бодит дүр зураг тодрон харагдана.

3. Эдийн засагч Ч.Хашчулуун:

-Ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?
-Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ үйлдвэрийн 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг. Уурхай бол угаасаа Монголын өмч байсан. Ингээд аваад үзэхэд, төрийн өр багасч, төрийн компанийн үнэ цэнэ нэмэгдэж байгаа. Энэ нь нийт Монголын эдийн засгийн ирээдүйн талаархи хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөх боломжийг олгож байна.

-Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Нийт нэмэлт зардал 1.4 тэрбум ам.доллар гэж талууд үзэж байгаа. Гүний уурхай олборлолт эхлэх хүртэлх энэхүү зардлыг хөрөнгө оруулагчид хариуцах санал тавьсан. Энэхүү нэмэлт хөрөнгө оруулалт орж ирснээр Монгол Улсын төсөвт 200 гаруй сая ам.долларын НӨАТ орж ирнэ. Мөн 800 сая ам.долларыг Монголын компаниудад дотоодын худалдан авалтад зарцуулж, 4 мянга гаруй монголчууд хоёр ба түүнээс дээш жилийн хугацаанд тогтвортой ажлын байраар хангагдана. Энэхүү 1.4 тэрбум ам.долларыг эдийн засгийн үржүүлэгчийн нөлөөгөөр тооцвол 3.2 тэрбум ам.доллар болох юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг тэлэх боломж нэмэгдэж байгаа гэсэн үг. Ковид цар тахлын үед буюу 2020 онд сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээгээр агшсан эдийн засагт энэ эерэг мэдээ дохио, хөрөнгө оруулалтын бодит урсгал орж ирэх нь нэн чухал байгаа.

Видео: Оюу Толгойн гүний уурхайн нээлтэд Ерөнхий сайдын хэлсэн үг
Видео: Оюу Толгойн гүний уурхайн нээлтэд Ерөнхий сайдын хэлсэн үг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.