Өөрчлөлтийн өмнөх УЛС ТӨР-ийн ТОХИРУУЛГА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрчлөлтийн өмнөх УЛС ТӨР-ийн ТОХИРУУЛГА

/2022.1.17/ Ойрын өдрүүдэд Нийслэлийн МАН хуралдаж хотын дарга улс төрийн суудлаа хадгалж үлдэх эсэхийг шийднэ. Энэ утгаараа нийслэлтэй холбоотой шүүмжүүд улс төрийн угшилтай байх нь гээд ойлгоход илүүдэхгүй.

Харин том агуулгаараа улс төрийн хүрээнийхэн Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, Намын санхүүжилтийн хуулийг хэлэлцэхийг хүлээж байна.

Энэ гурваас чухам хаанаас нь эхлэх вэ? “Тохируулга” ид хийгдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлэх гэхээр цэцэд хандаж эцэг хуулиа хөндөх шалтаг олох хэрэгтэй. Энэ асуудлаар эрх баригчид өөрсдөө дуугарах нь тохиромжгүй гэж үзэн УИХ дахь Хүн нам, Ардчилсан намын нөхдийг "сумлаж" байгаа. Тэдний дундах тохироог одоохондоо таашгүй.

Засгийн газар сайд нараа бүтэн томилохын тулд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр чухал. Эндээс асуудлаа хөвнө гэж тооцоолсон ч саналаа тоолоод нааштай шийдвэр гаргах нь эргэлзээтэй байгаа учраас гишүүдийг солих тухай яриа босов. Цэцийн гишүүдийг МАН хашир хуучин гишүүдээрээ сэлбэх түүн дотроо Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын нэрс яригдаж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр сөрөг хүчний ганц гялтайх санал болох парламентаас Ерөнхийлөгчөө сонгох саналыг энэ удаад эрх баригчид давхар зүтгүүлж байгаа.

У.Хүрэлсүх ард түмнээсээ сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч байх тохироотой.

"Давхар дээлтэй" сайд нарын асуудал цаг хугацааны хувьд хоолойд тулсан. Цар тахлын хуулийн үйлчлэл дуусахтай зэрэгцэн хоёр жил шүд зуун тэссэн УИХ-ын гишүүд зүгээр суухгүй. Үүнээс өмнө амжиж давхар дээлээр гишүүдээ “аргадахгүй” бол Засгийн газрыг огцруулах бүрэн эрх тэдэнд бий. Цар тахлын хуулиар хэдэн сар амь зогоох зуураа ажлаа хийсэн шиг хийж сайд нараа сэлгэхгүй бол Засгийн газрын хувь заяа бүрхэг эмзэг хэвээр байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяа "Үндсэн хуулийн өөрчлөлтийн гарт" атгаастай байна. Нөгөө талаас энэ бүхэн дан ганц эрх баригч намын асуудал биш болсон. Улс төр дэх тэнцвэртэй байдал алдагдаж сөрөг хүчин нь учраа олж чадахгүй байгаа нь хамгийн том АСУУДАЛ. Байдал энэ хэвээр үргэлжилвэл намуудын биш Монгол Улсын асуудал болоход ойрхон байгааг улс төр судлаачид анхааруулсаар байгаа.

Иймээс л дотоод ТОХИРУУЛГАА сайтар хийсний эцэст дээр дурдсан гурван хуулийн өөрчлөлт хийгдэж эхлэх нь зайлшгүй юм.

1673 тохиолдол бүртгэгдэж нэг иргэн нас барлаа
1673 тохиолдол бүртгэгдэж нэг иргэн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.