Экологийн дүрвэлтийг зогсоох арга: ТЭРБУМ МОД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экологийн дүрвэлтийг зогсоох арга: ТЭРБУМ МОД

/2021.12.31/ Мөнхбаатарын гэр бүл нутгаа орхин, хотод шилжин суурьшсанаар дөрвөн жил өнгөрчээ. Нэг приус “олж” унан амжиргаа залгуулдаг болсон Мөнхбаатар хотын түгжрэлд гацан суухдаа хааяахан нүд алдам тал, агь гангын үнэрийг санан бэтгэрнэ.

Мөнхбаатарын намаржааны хажууханд байсан гол хүүхэд байхад нь жигтэйхэн урсгалтай байсныг тэр тодхон санадаг. Гэвч тэднийхийг нүүхийн өмнөх жил хатсан сайр л үлджээ. Мал бэлчээрлэх газаргүй болж, олигтой тарга тэвээрэг аваагүй мал нь өвөлдөө хэдэн арваараа үрэгдэж, хаврын хахирыг давах гэж туйлдсаар эцэстээ хотод амьдрах сонголтыг аргагүйн эрхэнд хийсэн байна.

Үнэндээ хэн ч өсөж төрсөн газар нутгаасаа тийм ч амар нүүгээд явчихгүй. Өөрөөр хэлбэл, манай улсын байгаль цаг уурын өөрчлөлт, цөлжилтийн улмаас хүний эрх зөрчигдөж байгаагийн нэгэн тод илрэл бол экологийн дүрвэгчид юм.

Мөнхбаатарын дүрвэсэн нутаг бол Монгол орны зүүн бүсийн газар нутаг. Энэ орчимд зудын давтамж тогтмол нэмэгдсээр байна. Мал амьтан бүү хэл хүн амьдран суухад халшрам болжээ.

Цөлжилт ба түүнийг шийдвэрлэх арга зам фэйсбүүк хуудаст дараах зургийг байршуулжээ_

Малчдын амьжиргаа ба уур амьсгалын өөрчлөлт” судалгаанд “Уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны төлөв байдлын дээр зуд, ган хуурайшилт, аадар бороо, их хэмжээний цас, элсэн шуурга, үер зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Эдгээр гамшгаас үүдэлтэй иргэдийн амьжиргаанд учирсан хохирлын хэмжээ сүүлийн 20 жилд хоёр дахин өсөн, осол болон амь эрсэдсэн хүний тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн” гэжээ.

Цөлжилт нь зөвхөн хүний хүссэн газраа амьдрах эрхийг хөндөөд зогсохгүй тухайн бүс нутагт амьдарч байгаа томчууд, хүүхдүүдийн эрүүл хооллох, өсөж бойжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Цөлжсөн нутагт амьдарч байгаа хүүхдүүд өвөлдөө хатуу хахир хүйтэнд байгаа бол хавартаа нүүр нүдгүй шуурах элсэн шуурга, зундаа аагим халуун гээд цаг агаарын эрс тэс эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал дунд өнгөрөөж байна.

Ийм нөхцөлд хүүхдүүд бага насандаа өдөрт дөрвөөс дээш нэр төрлийн хоол хүнсийг хэрэглэх ёстой ч биелэгдэх аргагүй. Орон нутгийн хүүхдүүд мах, гурил, будаанаас өөр бусад хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг амин дэмийг огт хэрэглэхгүй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд дурьджээ.

ЦААШИД ЯАХ ВЭ?

Мөнхбаатартай ижил шалтгаанаар төрсөн нутгаасаа “дүрвэсэн” иргэд цөөнгүй. Тэдний нэг болох 70 настай эмэгтэй

“Манайх цөөн хэдэн толгой малтай байсан боловч 2009 оны зуданд бүгдийг нь алдсан. Түүнээс хойш амьжиргаагаа залгуулахад бэрх болсон.” хэмээн Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаанд дурьджээ.

Ийнхүү шилжих хөдөлгөөн хот руу төвлөрснөөр нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь амьдрахад хүрчээ. Шилжин ирэгсэд нь ихэнхдээ ядуу эмзэг бүлгийн тоог нэмэгдүүлж хот суурин газрын гэр хорооллыг тэлсээр байгаа нь харамсалтай. Цөлжилтөөс үүдэлтэй дам нөлөө ийнхүү улс орон даяарх олон асуудлын эх үндэс болж байна.

Хэт төвлөрлөөс үүдэлтэй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, хүүхдүүд маань ачаалал нь хэтэрсэн ангиудад хичээллэж байна. Нийгмийн дэд бүтцийн олон бэрхшээл,хүрэлцээ хүртээмж эндээс үүдэлтэй.

Ингээд бодвол цөлжилт, цаг уурын өөрчлөлт нь бидний өнөөгийн амьдралын бүтэхгүй бүхний нэгэн эх сурвалж яалт ч үгүй мөн ажээ.

2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтжээ. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзэлнэ. Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.

Энэ нөхцөл байдлаас гарах хамгийн дөт бөгөөд бидний нэгэн зорилгоор хийж чадах ажил бол ойжуулах, МОД ТАРИХ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс дэлхий дахинаа тод томруун зарласан Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн нь цөлжилтийг сааруулах төдийгүй эргээд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих, шаардлагатай амин дэм бүхий хоол хүнсээр хангагдах зэрэг олон эрхийг сэргээх боломж юм.

Эс бөгөөс ойрын хугацаанд Монгол орны нийт газар нутгийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлд ороод байна.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 13.00 цагт танилцуулна
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 13.00 цагт танилцуулна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.