/2021.12.09/: Монголын МСС-аас хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааг танилцуулах цахим уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Монгол Улсад орон даяар өрнүүлж буй “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд өчигдөр Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Хүн худалдаалахтай тэмцэх бодлого болон Компакт гэрээний дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгаа хамтрагч байгууллагууддаа танилцуулах цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд “Монголын МСС-аас дэд бүтцийн төслүүдэд нийгэм, жендэрийн асуудал, тэр дундаа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь Монголд төдийгүй олон улсад жишиг болно гэдэгт итгэлтэй байгаа тухай” МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатэма Сумар онцолсон бол, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтыг нээн хэлсэн үгэндээ “МСК-аас зөвхөн усны салбарын дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд туслаад зогсохгүй, дэд бүтцийн салбарт мөрдөгддөг үнэт зүйлс, дүрэм, журам, стандарт, сайн туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлж байгаад баяртай байна” гэдгээ хэлэв.
Оролцогчдын зүгээс уулзалтын үеэр Монголын МСС-ийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай түншлэн, барилгын салбарт хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн дарамттай тэмцэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд жишиг болохуйц сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, төрийн болон иргэний нийгмийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдав.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахлах Ч.Амарбаясгалан ажлын байрны хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчил хэргээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх зөв мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт, уулзалт зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх хуульч С.Дондов “Монгол улсад хэдийгээр энэ талаарх хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн ч, хэрэгжүүлэлт хяналт дутмаг байдаг. Монголын МСС-аас иргэний нийгмийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажиллаж буй санаачлагыг Монголд хэрэгжиж буй бусад төслүүд ч мөн адил хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаа тухайгаа хэлээд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүнчлэн, АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй уулзалтыг хааж хэлсэн үгэндээ: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас гаргасан жендэрт суурилсан хүчирхийлэл болон бэлгийн дарамттай тэмцэх бодлогыг МСК-ын санхүүжилттэй төсөлд мөрдөх шаардлагатайг онцлоод энэ тал дээр Монголын МСС тэргүүлэн ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: ЖҮХ