Б.Батзориг: Монгол хүний эд эрхтэн, амь нас, сэтгэл санаа ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батзориг: Монгол хүний эд эрхтэн, амь нас, сэтгэл санаа ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? 

/2021.12.8/ Хүний эрхийн Үндэсний комиссоос энэ сарын 10-ны өдөр “Хүний эрхийн Үндэсний Форум-2021”-ийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.

“Эрх чөлөө, тэгш боломж” уриатай энэ форумын үеэр “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэх эрх” сэдэвтэй илтгэлийг доктор, дэд профессор Б.Батзориг тавих юм. Тэрээр Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд түүнээс илтгэлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 37,173 иргэн, 86 хуулийн этгээд хохирч үүнээс 1,129 хүн нас барж, 10,513 хүн гэмтсэн байна. Гэмт хэргийн улмаас 198.1 тэрбум төгрөгийн хохирол учирч дээрх хохирлоос 74.5 тэрбум төгрөгийг буюу 37.6 хувийг нөхөн төлүүлжээ.

2018 онд 36,620 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 33,566 хүн, 57 хуулийн этгээд хохирч, үүнээс 934 хүн нас барж, 9,283 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 195 буюу 17.3 хувь, гэмтсэн хүн 1,230 буюу 11.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас 193.3 тэрбум төгрөгийн хохирол учирч дээрх хохирлоос 32.4 тэрбум буюу 16.8 хувийг нөхөн төлүүлжээ.

-Хүний эрхийн Үндэсний форумд Таны тавих илтгэл “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх” сэдэвтэй юм байна. Манай улсад гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөрөө авч чаддаг уу?
-2018 оноос Монголын криминологичдын холбооноос Нээлттэй нийгмийн хүрээлэнтэй хамтарч хохирол нөхөн төлүүлэх үндэсний тогтолцоо ямар байгааг судалсан. Судалгаагаар гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс эд материал болон сэтгэл санааны хохирлоо бүрэн төлүүлж чаддаггүй гэх үр дүн гарсан.

-Шалтгаан нь юу вэ?
-Хэрэг шүүх дээр очих үед ялгаатай асуудал үүсдэг. Зарим тохиолдолд хэрэгтэн “Би төлье. Хэд гарсныг нь тогтоочих” гэж байгаа юм. Гэтэл хохирогч өөрийн хохирлыг үнэлхээр хүлээн зөвшөөрөхгүй өөр үнэлгээ гаргаад ирнэ. Ингээд хоёр янзын үнэлгээ гараад ирнэ. Яагаад гэвэл, үнэлдэг нэгдсэн нэг арга байхгүй. Жишээ нь нэг хөөргийг янз бүрээр үнэлдэг. Уг нь нэг л янзаар үнэлэх ёстой. Хүчиндүүлчихлээ, зодуулчихлаа хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гэх зэрэг тохиолдол бүхэн өөр. Хүний амь нас, эд эрхтэн, сэтгэл санаа ямар үнэтэй вэ? Бага насны хүүхэд хүчиндүүлчихвэл яах вэ? Одоо бол хүний амь нас хохирсон тохиолдолд 2-40 сая төгрөгийн оршуулгын зардал л өгч байна. Тэр хүний хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг аргачлалыг манай улсад тогтоогоогүй учраас шүү дээ. Тиймээс хүн бүр янз бүрээр тогтоож, түүнээс нь болж гэмт хэргийн хохирогч болсон иргэд гомдоод байгаа юм.

-Хуулийн зохицуулалт байхгүй гэж үү?
-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулиудад 1993, 2002, 2008, 2017 онд өөрчлөлт орсон. Ялангуяа 2017 онд хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн заалтууд орсон. Тухайлбал, өмнө нь хохирлыг нь төлсөн ч төлөөгүй ч ялын хэмжээ нь ижил байсан учраас хохирлыг нь төлдөггүй байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор хохирлыг нь нөхөн төлчих юм бол ялыг нь багасгадаг болсон.

Хорих ял эдэлж байхад нь хохирлыг нь төлүүлэх боломж ч бүрдсэн. Дээрээс нь хохирлыг нь заавал тогтоо, нуусан хөрөнгийг нь ол, гадагшаа гараад явсан, мөнгө угаах хэлбэрээр хөрөнгийг нь хувируулчихсан хэргийг олж тогтоох зэрэг хуулийн зохицуулалт орсон байгаа. Гэтэл судалгаагаар хуулийн орчин нь шинэчлэгдсэн ч хуулийн байгууллага хуучин арга барилаар ажиллаад байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Хуулиар тогтоочхоод байхад яагаад хохирлыг нь барагдуулахгүй байгаа юм бэ?
-Хохирлыг тогтоох нарийн аргачлалыг нь хийхгүй байна.

-Хэн хийхгүй байгаа юм?
-Төрийн байгууллагууд хийх ёстой. Ямархуу байдлаар хийх ёстойг нь журамлаад цэгцлэх ёстой. Яагаад нэг зүйлийг хоёр өөр зүйлээр үнэлээд байгаа юм.

-Жолооч осол гаргаад зугатсан тохиолдолд хохирлыг барагдуулах Жолоочийн албан журмын даатгалаар төлүүлдэг. Үүнтэй адил зохицуулалт гэмт хэргийн хохирлыг төлүүлэхэд ажилладаг уу?
-Гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг барагдуулдаг сан гэж байгаа. Гэхдээ бүх хэрэг дээр өгөхгүй. Тодорхой дурдсан хэрэг дээр л өгнө. Гэтэл Эрүүгийн хуулинд заасан маш олон гэмт хэрэг байгаа. Сэтгэл санааны бодит бус хохирлыг яаж үнэлэх вэ? Зүгээр явж байсан хүний хөлийг нь хугалчихлаа. Тэр хүний хохирлыг яаж үнэлэх вэ? Эмнэлэгт хэвтсэний төлбөр гарах боловч тэр хүний амссан өвчин зовлон, ажил, алдсан боломж бүхнийг яаж тогтоох юм бэ гэдэг асуудал гарч байна.

-Ер нь гэмт хэрэгтэн “Миний чихийг ав” гэчихээд шоронд хоригдчихож байгаа тохиолдолд хэн иргэний хохирлыг барагдуулах ёстой юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т иргэн хүн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй, 19 дүгээр зүйлд Монгол Улсын төр нь иргэнийхээ эрх эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байдаг. Гэмт хэрэгтэн иргэний хохирлыг барагдуулж чадаагүйн улмаас эрх нь зөрчигдсөн тохиолдолд хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө ТӨР хариуцна.

-Гэмт хэрэгтэн хулгайлсан, залилсан хөрөнгөө зарж үрэгдүүлсэн бол түүнийг шүүх тогтоохгүй юу?
-Хохирлын хэмжээг тогтоох асуудал бол шүүхийн асуудал биш. Яагаад гэвэл шүүх тэрийг нь тогтоодог байгууллага биш. Нотлох баримт байхгүй бол шүү дээ. Гэтэл тэр нотлох баримтыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокуроруудад байдаг. Ямар хохирол учирсан, хаашаа хувиргасныг тогтоох гэх мэт. Жишээ нь, мөнгө угаахтай холбоотой, Монгол Улсыг хар саарал жагсаалтад оруулж байж дэлхий, олон улс монголыг мөнгө угаахаас хамгаалах системтэй болгож өглөө шүү дээ. Бид өөрсдөө хийгээгүй.

-Гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирол нь олон жилээр үргэлжилдэг, гэмтэл нь хэдэн жилийн дараа сэдэрч эрүүл мэндийн асуудал үүсгэх нь ч бий. Харамсалтай нь иргэд маань хохироод л байдаг.
-Иргэд энэ талын мэдлэг муутай байна. Уг нь иргэний журмаар жил бүр хохирлоо нэхэмжилж болно. Иргэн хүн тархиндаа гэмтэл аваад гэмт хэрэгтэн нь шоронд явчихлаа. Шоронгоос гараад ирлээ. Гэтэл гурван жилийн дараа нөгөө гэмтэл нь сэдэрлээ. Тэр нь гэмт хэргийн замаар авсан гэмтэл гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тэр хүн шүүхэд гомдол гаргаж болно. Үүнийг хэрэгтнээс нэхэмжилж болно.

-Нөгөө хүн нь төлөх боломжгүй гэвэл яах вэ?
-Төлөх боломжгүй гэсэн шийдвэрийг нь шүүх гаргасан тохиолдолд, тэр нэхэмжлэл тэгээд л зогсоно. Гэтэл дээр өгүүлсэнчлэн МУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төр нь иргэнийхээ эрх эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байдаг гэж заасан. Энэ тохиолдолд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх сангаас гарах ёстой. Гэтэл тэр санд тийм зориулалт байхгүй. Зөвхөн тодорхой хэргүүд дээр, шүүхийн тогтоосон хэмжээнд л олгодог. Улс орон бүр гэмт хэргийн сантай байдаг. Энэ нь тэр хохиролтой холбоотой бүх төлбөрийг төлж байдаг.

-Гар хугалахад, хамар хугалахад хэдэн төгрөг төлнө гэсэн үнэлгээ байгаа юу? -Байхгүй. Тэгж тогтооход их төвөгтэй. Дуучин хүний хоолой руу нь цохих, бидний хоолой руу цохих өөр. Бидэнд бол хөнгөн гэмтэл, дуучин хүнд бол насны гэмтэл болно. Уран дархан хүний гарыг хугалах, жирийн хүний гарыг хугалах мөн л өөр. Үнэлэх боломжгүй. Тусгай нөхцөл байдалд, янз бүрийн аргаар үнэлдэг. Тэр аргыг л монголд нэвтрүүлэх хэрэгтэй.

-Үнэлгээний хороо гэж байхгүй юу?
-Хуулиндаа байхгүй. Шинжээч томилох ёстой. Гэтэл яагаад заавал шинжээч томилох ёстой гэж? Тэд яагаад янз янзаар гаргаад байгаа юм. Мөрдөгч үүнийг тогтоох боломжтой.

-Мөрдөгч нар нэмээд эдийн засгийн мэдлэгтэй байх шаардлагатай болчих юм биш үү?
-Ажил нь тэр шүү дээ. Хохирлыг тогтоох ёстой. Нарийн хийцтэй зүйл бол өөр. Гэтэл айлаас зурагт хулгайлсан тохиолдолд үүнийг шинжээч тогтоох шаардлагагүй. Хуулиараа боломжийг нь нээгээд өгчихсөн боловч ашиглахгүй байна. Дээрээс нь хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа гэж байгаа. Энэ бол ил тод үйлдэгдсэн, хэргээ хүлээсэн, гэм хорын талаар ямар ч маргаангүй хэргийг шийдэх арга. Найман жилээс доош хорих ялтай. Гэтэл энэ мэт хэргүүдийг хоёр гуравхан хоногт шийдчих боломж байсаар байтал нэг сар, түүнээс дээш хугацаагаар удаагаад байна.

Дата эх сурвалж: Кримонологийн холбооны вэбсайт

Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана
Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.