/2021.11.26/: Пүрэв гарагт Франц хойд эргийнхээ хяналтыг сайжруулахаа амласан боловч түр хуаранд байрлаж буй цагаачид Их Британий Ла-Манш сувгийг гатлахад ямар ч эмгэнэлт явдал тэдэнд саад болохгүй гэж мэдэгджээ.
Лхагва гарагт бага оврын завиар Афганистан, Ирак болон бусад улс орнуудад үүссэн ядуурлаас болон дайнаас зугтаж явсан 17 эрэгтэй, 7 эмэгтэй, 3 өсвөр насны хүүхэд завь нь унтарсны улмаас нас баржээ.
Цагаачид амиа алдсан нь Brexit-ээс үүссэн Их Британи, Францын хоорондох зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлж дайсагнахад хүргээд байна. Английн Ерөнхий сайд Борис Жонсон Франц буруутай гэж шүүмжилсэн бол Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин Их Британийг "цагаачлалын буруу менежмент"-ээс болсон хэмээн буруутгав.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын үйлдлийг хамгаалсан ба Франц бол олон цагаачдыг дамжин өнгөрөх улс төдий бөгөөд хууль бус цагаачлалын асуудлыг шийдвэрлэхэд Европын хамтын ажиллагаа шаардлагатай гэж мэдэгдэв.
Хорватын нийслэл Загребт айлчлах үеэрээ Макрон "Манай аюулгүйн хүчнийхэн өдөр шөнөгүй дайчлагдан ажиллаж байгааг гэдгийг хэлье" гээд Францын армийн нөөц цэргийн тусламжаар болон нисгэгчгүй онгоцоор эргийг ажиглан "бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэж амлав.
"Гэхдээ бид Бельги, Нидерланд, Их Британи, Европын комисстой хамтын ажиллагаагаа нухацтай бэхжүүлэх хэрэгтэй."
Жонсон пүрэв гарагт Макрон болон Европын бусад удирдагчидтай уулзаж, дүрвэгсдийн цувааг багасгах боломжтой таван алхамыг хэлэлцэхийг санал болгосноо мэдэгдэв.
Тэд ирэх долоо хоногт Францын эргээс ахин хууль бус олон завь гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хамтарсан эргүүл хийж, радар ашиглан хянаж Франц болон Европын холбоотой цагаачдыг буцаах гэрээ болон ижил төстэй хэлэлцээрийг нэн даруй хийх болно гэж Жонсон хэлэв.
Их Британи ЕХ-ноос гарах үед цагаачдыг анх орж ирсэн ЕХ-ны гишүүн улс руу буцаах боломж, тус холбооны системийг ашиглах эрхгүй болсон юм.
Манзар гэх 28 настай курд залуу зургаан сарын өмнө Иранаас гарч, Европ даяар явган алхсаар 20 хоногийн өмнө Францад ирсэн ба "Өчигдрийн болсон явдал үнэхээр харамсалтай бас аймаар явдал байсан. Магадгүй энэ нь аюултай, бас бид үхэж болох ч бид боломжоо ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол эрсдэл, эрсдэл гэдгийг бид аль хэдийн мэдсэн" гэжээ.
Кале хотын ойролцоох Францын эрэгт Британи-Францын хамтарсан эргүүл ажиллуулах саналыг Их Британи дахин гаргав.
Парис ийм уриалгыг эсэргүүцэж байгаа бөгөөд цагаачлал, аюулгүй байдлын асуудал чухал сэдэв тул ерөнхийлөгчийн сонгууль болохоос таван сарын өмнө шийдвэрээ өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна.
Европын холбооноос гарах нь хилийн хяналтыг сэргээнэ гэсэн үг гэж сонгогчдод үзэж байгаа бөгөөд цагаачлал нь Их Британий тулгамдсан асуудал болоод байгаа юм. Цагаачдын урсгалыг зогсоож чадахгүй бол Францын хилийн цагдаад үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ зогсооно гэж Лондон өмнө нь мэдэгдэж байжээ.
Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател Ням гарагт Кале хотод Франц, Бельги, Нидерланд, Германы дотоод хэргийн сайд нартай уулзах юм байна.
Жонсон Макрон руу илгээсэн захидалдаа дээрх уулзалтыг удирдагчдын дээд хэмжээний уулзалт болгон өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Пател баасан гарагт Парис руу албаны хүмүүсийг илгээж байв.
ЕХ-ны Цагаачлалын асуудал эрхэлсэн комиссар Йлва Йоханссон Францад санхүүгийн болон тус холбооны хилийн цэргийн фронт болох Фронтексээс тусламж үзүүлэхээ мэдэгдэв.
Ла-Манш сувгийг гаталсан цагаачдын тоо 2020 онд 8461, 2019 онд 1835 байсан бол 2021 онд 25,776 болж өссөн гэж ВВС засгийн газрын мэдээллээс иш татан мэдээлэв.
Лхагва гаригт болсон гамшгийн өмнө энэ жил 14 хүн Их Британид хүрэх гэж байгаад живсэн гэж Францын албаны хүн мэдэгдэв. 2020 онд долоон хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон бол 2019 онд дөрвөн хүн нас баржээ.
Эх сурвалж: reuters