Цэдэвдорж Сарантуяа гэдэг бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр Монголд ШУТИС-ийг гидрогеологич мэргэжлээр төгсөж, Япон Улсад Байгаль орчны инженерийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Одоо Японд Нийгата мужийн барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг нэгэн компанид инженерээр 7 дах жилдээ ажиллаж байна.
БАРИЛГА БАРИХЫН ӨМНӨ ЖИЛ ГАРУЙ ХУГАЦААНД ХӨРСНИЙ СУДАЛГАА ХИЙДЭГ
-Японд барилга барихын өмнө ямар бэлтгэл ажлуудыг хангасан байдаг вэ?
-Барилга барихын өмнө тухайн компани барилгынхаа зураг төслийг бидэнд харуулдаг. Үүний дараа барилгыг барихын тулд хөрсөнд ойролцоогоор хэдэн метрийн гүнд судалгаа хийх эхний төлөвлөгөөгөө гаргана. Дараа нь барилгадаа таарсан хөрсний судалгаа хийдэг. Япон орны хувьд шавар, элсэрхэг хөрс ихтэй, сул хөрстэй учир маш сайн судалгаа хийхгүй бол дараа нь том асуудал болно. Тиймээс хөрсний судалгааг заавал хийх ёстой. Ер нь барилга болон зам барихын өмнө томоохон судалгаанууд хийдэг.
-Судалгаанд ямар хугацаа зарцуулах вэ?
-Хэр том барилга барих вэ гэдгээс, мөн хэдэн метрийн гүнд хүртэл судалгаа үргэлжлэх вэ гэдгээс шалтгаална. Судалгааны үндсэн дээр барилгыг хамгийн бат бөх хөрсөн дээр барина. Ихэвчлэн нэг жилийн хугацаа зарцуулдаг.
-Жишээ нь, нэг барилгын геологийн нөхцлийг тодорхойлох судалгаанд хэдэн хүн оролцох вэ?
-Гурван инженер, туслахууд гээд багадаа 6-7 хүн ажиллана. Мөн зөвлөх инженер, гүйцэтгэх инженер гээд хоёр хүн заавал байдаг. Тэгээд тухайн компанитайгаа байнгын харилцаатай байх шаардлагатай. Ойролцоогоор нэг жилд тав орчим удаа хуралдана. Бусад хугацаанд ажлын төлөвлөгөө, судалгааны төлөвлөгөө, ажлын явц гэх мэт нарийн мэдээллүүдийг байнга өгч, нягт холбоотой ажилладаг. Ялангуяа өрөмдлөгийн талаар мэдээллийг өдөр бүр өгдөг.
-Монголын барилгын компанитай хамтарч ажиллаж байсан уу?
-Тийм зүйл байхгүй. Японд л ажиллаж байна.
-Ажлаа чи өөрөө хайж олсон уу?
-Японы ихэнх их дээд сургууль суралцагчдаа татахын тулд төгсөгчдийнх нь хэдэн хувь ажлын байраар хангагдаж чаддаг вэ гэх үзүүлэлт гаргадаг. Тийм болохоор магистрын ангид орсны дараа “Сургуулиа төгсөөд ажилд орох уу” гэж асуудаг. Ажилд орно гэсэн хүүхдүүдийг сургуулийн ажлын байранд зуучлах төвдөө бүртгэдэг. Ингээд энэ төвийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд оюутнууд төгсөхөөсөө өмнө ажилд ордог. Миний хувьд ажилд зуучилдаг газар над руу холбогдсон. “Монгол хүн юм байна, ямар мэргэжлээр ажилламаар байна” гээд санал асуусан. “Боломжтой бол Монголтой холбоотой мэргэжлийн ажлаа хиймээр байна” гэхэд “Өөрөө судлаад, жагсаалт бичээд ир” гэсэн. Бичээд очтол сургуулиас холбогдож өгсөн. Тэгээд жагсаалтынхаа хамгийн нэг дугаарт гэж эрэмбэлсэн компанидаа орсон. Сургуулийнхаа холбож өгсөн компанид орох эсэх нь тухайн хүнээсээ бас их шалтгаална
-Монголдоо ирж очдог уу?
-Ирж очдог.
-Монголд баригдаж байгаа барилгыг хараад хувь хүний хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Хувь хүний хувьд Монголын барилга гаднаас нь харахаар өнгө зүс муутай, хямд материалаар хийгдсэн байдаг.
-Хөрсний хувьд дээр нь байшин барихад газар хөдлөлтөд тэсвэргүй геологийн нөхцөл юу вэ?
-Хамгийн тэсвэргүй нь элсэрхэг хөрс. Түүнийг хамгийн аюултай гэж үздэг. Учир нь элсэн дээр барилга барилаа гэхэд газар хөдлөлтийн чичиргээнд элс шигшчихнэ. Тиймээс л нарийн судалгаанууд хийгддэг.
ОФФИС БОЛ ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ЦУГЛАДАГ ГАЗАР БИШ
-Одоо япон орны соёлын талаар ярилцъя. Өөрийн чинь хувьд Монголд нэвтрүүлвэл зүгээр юм даа гэх ямар санаа ажигласан бэ?
-Монголын бүтээн байгуулалтын хувьд наад зах нь автозамын асуудал, түгжрэл их байна. Тийм болохоор зам тээврийнхээ асуудлыг сайн шийдээсэй гэж боддог. Монголд Жайкатай хамтарсан төслүүд их хэрэгждэг. Би хааяа сайн дурын орчуулга хийдэг юм. Тэгэхэд япон хүмүүсийн яриагаар УБ хот төлөвлөлтөө эхлээд сайн хийх ёстой. Түүний дараа замаа төлөвлөх ёстой гэдэг. Хот төлөвлөлтөө замбараагүй хийчихээд, дараа нь зам татах гэхээр талбай байдаггүй. Оройтсон ч гэсэн одооноос төлөвлөлтөө сайн хийгээсэй. Тэгвэл дараагийн асуудлууд нь дэс дараалалтай явах юм шиг санагддаг.
-Япон хүмүүс ёс зүй, сахилга баттай гэдгээрээ гайхагддаг. Хувь хүний хариуцлагыг яаж суулгадаг юм бол?
-Манай хүүхэд цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгээс нь эхлээд зааж байгаа харагддаг. Жишээ нь, гулсууран дээр тоглолоо гэхэд дарааллаараа гулсах ёстой гэдгийг хүүхдэдээ хэлж ойлгуулж, хүүхдийн урдуур гулсахыг аав, ээж нь хориглодог. Заавал нэгнийгээ хүлээж тоглоно. Цэцэрлэгээсээ эхлээд сургалт сайтай. Бүх зүйл нь системтэй. Хэдэн настай хүүхдэд юу заах, тухайн хүүхэд ямар ур чадвартай болох вэ гээд бүх зүйлийг эцэг, эхчүүд нь хүртэл мэдэж байдаг.
-Монгол хүний хувьд соёлын зөрүү гарч байна уу. Хэт ёс журамтай энэ систем төвөгтэй санагддаг уу?
-Нэг их төвөгтэй санагддаггүй. Монголчууд орчиндоо хурдан дасдаг хүмүүс шүү дээ. Анх ирчихээд дэлгүүрт хайсан зүйлээ олохгүй бол шууд л худалдагчаас нь асуудаг байсан. Одоо бол эндхийн хүмүүст “уусаад”, олдохгүй байсан ч өөрөө хайгаад л явна. Хэд хэд тойроод бүр олохгүй бол л асуудаг. Учир нь бусдад саад болж болохгүй, хүн бүхэн өөрийн гэсэн цагтай, тохирсон, хариуцсан ажилтай гэж япончууд үздэг. Бусдын ажилд саад болж, цагаас нь хумслахгүй байх ёстой.
-Оффисын соёл ялгаатай юу. Хэр хатуу дүрэмтэй вэ?
-Оффисын соёлын хувьд надад Монгол илүү гоё санагддаг. Би энд ирэхээсээ өмнө Монголдоо жил гаруй ажиллаж байсан. Манай монголчууд хөгжилтэй ажилладаг. Өөр хоорондоо ярилцаж, инээлдэх нь чөлөөтэй. Харин Япончууд ажилдаа үнэнчээр улайрч ажилладаг учир илүү дутуу зүйл ярьж, маазардаггүй. Яг л бэлэн болгох ёстой ажлынхаа төлөө, зорилго тавиад ажилладаг. Хүмүүс бүгдээрээ энэ өдөр ажлаа хийж амжихгүй байх вий гэсэн айдастай байдаг. Харин ажлаа хийчихсэн бол цаг гаргаж болно. Оффис ер нь нам гүм, маш чимээгүй. Хэн нэгэн нь ярьсан ч нэгэндээ саад болохгүй, анхаарлыг нь сарниулахгүй хэмжээнд байдаг. Бас нэг зүйл нь гэртээ байгаа мэт тухалж, оффис дотроо углааштай ажилладаг.
-Гэхдээ өндөр хөгжилтэй орны иргэд шиг ажлын робот байх нь онцгүй гэх яриа байдаг.
-Мэдээж тийм шаардлагагүй байх. Хамгийн гол нь тийм болохгүй гээд хэтэрхий маазраад, хийх ажлаа хойш тавих нь зохисгүй. Хийх ёстой ажлаа хийх нь л зөв гэж боддог. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүлчихээд, үлдсэн бага сага цагаа хөгжилтэй өнгөрөөж яагаад болохгүй гэж. Манай ажлын япон охид “Оффист хөгжилтэй юм алга” гэж гомдоллох нь бий. Тэр үед нь би “Оффис бол хөгжилтэй байх гэж ирдэг газар биш” гэж тэдэнд хэлдэг юм.
ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ ЗАЛУУ ГЭР БҮЛД КОМПАНИ НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ
-Танайх шиг залуу гэр бүлийн хувьд орон сууц хэр олдоцтой вэ?
-Монголчууд маань бол шууд худалдаж авахыг илүүд үздэг шүү дээ. Харин япончууд өөрсдөө байр хөлсөлж их амьдардаг. Японд миний үеийнхэн гэрлээд хүүхэдтэй болсон ч байр хөлсөлж амьдардаг. Залуу байхдаа байшингаа бариулахаар байшин нь нас өндөр болсны дараа мууддаг гээд байшингаа бариулахад яардаггүй. Нэлээд нас яваад тэтгэвэрт гарах дөхөхөөрөө өөрсдийнхөө амьдрах байраа бариулдаг. Манай гэр бүлийн хувьд ялгаагүй хөлсний байранд амьдардаг. Үнийн хувьд хот хотоосоо шалтгаалаад өөр.
-Жишээ нь, танай гэр бүл орлогынхоо хэдэн хувийг түрээсэнд зарцуулж байна?
-20 орчим хувь. Хэрвээ тухайн гэр бүл түрээсийн байранд амьдардаг бол ажиллаж байгаа компаниас нь нэмэр болох мөнгө өгдөг.
-Хүүхэдтэй залуу гэр бүлд төрөөс нь ямар нэг тэтгэмж өгдөг үү?
-Гэр бүлд нь биш зөвхөн хүүхдэд зориулж хүүхдийн мөнгө гэж өгдөг. Хүүхэдтэй болвол тухайн айлд 2 жилийн хэрэглээний хогны уутны хэрэглээг нь мөн өгдөг. Дээрээс нь хүүхдийн мөнгө нь 0-3 настай бол 15 мянган иен, түүнээс дээш настай бол 10 мянган иен байдаг.
-Гадаадын иргэнд өгөх үү?
-Гадаадын иргэн гэсэн тусгай болон дутуу зүйл байхгүй. Тухайн газар татвар төлөөд амьдарч байгаа л бол япон иргэнтэй адилхан эрхтэй.
-Цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна?
-Хүрэлцээ ерөнхийдөө тухайн хотоос шалтгаалан хүн ам ихтэй бол хэцүү. Миний амьдардаг муж 3 сая хүнтэй. Хүүхдээ цэцэрлэгт оруулахаас өмнө эцэг эх нь өөрийнхөө амьдрал, ажлын нөхцлийг танилцуулсан анкет бөглөж өгдөг. Ээж нь хаана, ямар ажил хийдэг, үнэхээр хүүхдээ цэцэрлэгт өгөх зайлшгүй шаардлагатай юу гэх мэт асуултад хариулсан материал бөглөж өгсний дараа тухайн газарт оноогоор айлуудыг жагсаана. Тэгж тухайн айлд хүүхэд харж өгөх шаардлагатай эсэхийг тодорхойлж байж цэцэрлэгт оруулах эсэхийг шийднэ. Монголд есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлдэг бол Японд дөрөвдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлнэ. Ер нь бүх зүйл энэ сард хөдөлгөөнд ордог. Тиймээс хүүхэд шинээр цэцэрлэгт орох боломжит сар нь дөрөвдүгээр сар. Бүх компани хөдөлгөөнд орж, ажилтнууд энэ тэнд хуваарилагдаж, томилогдож ажилладаг. Тэр үед цэцэрлэгт сул орон тоо их гардаг юм.
МОНГОЛ ХҮН БҮХЭН ЖИЖИГ ГЭЛТГҮЙ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД
ОРОЛЦДОГ БАЙГААСАЙ
-Монголдоо ирж ажиллаж, амьдрах төлөвлөгөө байна уу?
-Төлөвлөгөө байна. Яг хэзээ гэдгээ сайн хэлж чадахгүй байна. Эх орноо их санадаг. Монголд ямар ч байсан очихоосоо өмнө өөрөө ямар ажил хийхээ бодно доо. Тухайн ажлын байраа олсны дараа очно.
-Ажлын байрнаас гадна агаарын бохирдол гэх мэт бусад бэрхшээлээс бэргэж байна уу?
-Хүүхэдтэй учир цэцэрлэг ямар бол, хоол нь ямар бол гээд санаа зовох асуудал их байгаа. Сошиал болон мэдээллийн хэрэгслээр монголд нөхцөл байдал ямар байгааг харж байгаа болохоор гайгүй сайжирч байх шиг санагддаг. Яваандаа бүр гоё болох байх. Хамгийн гол нь хүн бүхэн амьдралын жижиг асуудалд ч хариуцлагатай хандаасай. “Надад хамаагүй” эсвэл “За тэгж байгаад өөрөө гайгүй болох биз” гэж бодохгүйгээр аль болох өөрсдийн оролцоог нэмэж, шаардлага тавьж байгаасай гэж боддог. Хүмүүс өөрийнхөө аминд тулаагүй нийгмийн асуудалд жаахан хайнга хандаж байгаа мэт харагддаг. Бүгдээрээ шаардаж өөрчилж чадвал бүх зүйл сайжирч, хөгжих боломжтой шүү дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.