/2021.11.15/: Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-ийн Бага хурлын 41 дүгээр чуулганд оролцож үг хэллээ.
Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс хичээл зүтгэл гарган ажиллаж, зорилтуудыг түргэн шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилго бүхий “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан болоод дараах таван салбарын хүрээнд хийгдсэн онцлох ажлуудыг дурдав.
• ЮНЕСКО нь улс орны суурь мэдээллийн тайлан, Боловсролын бодлогын тойм шинжилгээг боловсруулж, өдгөө Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй боловсролын багц хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан,
• Тогтвортой хөгжлийн дөрөв дэх тулгуур болсон соёлын салбарт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг чухалчлан 11 дүгээр сарыг “соёлын бүтээлч сар” болгон зарласан бөгөөд салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах “Музей”, ”Кино урлагийг дэмжих тухай” хуулиудыг УИХ-аас баталсан.
• Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь манай улсын нийгэм, эдийн засгийн чухал хэсэг бөгөөд нүүдэлчдийн өв соёл болон хотжилт нь бүтээлч үйлдвэрлэлийн бүхий л салбарт бүтээлч илэрхийллийн шинэ эрин үеийг эхлүүлэн шинэ туршлагыг бий болгож байна. Бидний цаашдын зорилго бол энэхүү тогтвортой нөөцийг ашиглаж, эрчимтэй, ёс зүйтэй бүтээлч эдийн засгийг бий болгох явдал юм.
• Монгол Улсын Засгийн газар соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх, соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгууд дахь сөрөг нөлөөллийг бууруулахад хувь нэмэр оруулна. Мөн байгалийн болон соёлын өвийн хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалан хамгаалж, илүү тогтвортой ирээдүйг бий болгох алсын хараагаар Монгол Улс Дэлхийн өвийн хорооны сонгуульд анх удаагаа нэр дэвшиж байгааг мэдэгдэж гишүүн орнуудыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
• Монгол Улс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг дээдлэн ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд тэгш бус байдлыг бууруулах үүрэг амлалт өгөн ажиллаж байгаа бөгөөд залуучуудын оролцоо, жендэрийн тэгш байдлыг дэмжихэд анхааран ажиллаж буйг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын онцлох ажил болгон дурдав.
Эх сурвалж: Соёлын яам