Хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлох тушаалын төсөлд санал авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлох тушаалын төсөлд санал авч байна

/2021.11.10/: Монгол Улсын засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршдог.

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоо 2020 оны эцэст 110393 болсон нь нийт хүн амын 3.3 хувь, 15-аас дээш насны хүн амын 5.1 хувийг тус тус эзэлж байна.

110393 даатгуулагч (иргэн)-аас 37865 (34.3%) нь нийслэлд, орон нутагт 67560 (61.2%) амьдарч байгаа бол, сэтгэцийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөр магадлал хийлгэсэн хүний тоо 4968 (4.5%) байна.

Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон 110 393 даатгуулагч (иргэн)-ийн 49.6 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 50.4 хувь нь 69 хүртэл хувиар буюу хагас (хэсэгчлэн) алджээ.

Хөдөлмөрийн чадвар алдсан 5 гол өвчний шалтгааныг

  • дотрын өвчин,
  • сэтгэцийн эмгэг,
  • мэдрэлийн өвчин,
  • гэмтэл согогийн өвчин,
  • нүдний өвчин, нийт 77.1 хувийг тус эзэлж байна.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг мөрдөн ажиллаж ирсэн.

Энэхүү өвчний жагсаалтыг шинэчлэх шаардлага гарсан учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын санаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т тус тус заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, НДЕГ-ын дэргэдэх ЭХМТК, МХЕГ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөл, төрийн бус байгуулагын төлөөлөл оролцсон.

Мөн энэхүү бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн төлөөлөл нэгтгэн орсон.

Одоогийн байдлаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа-351, мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг- 106 тус тус өвчний оношоор тогтоон мөрдөн ажиллаж байна.

Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэн (даатгуулагч)-д эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх, хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулах, ил тод болгох зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.

Энэхүү дүрмийг баталсны дараа Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т тус тус заасны дагуу “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг” Эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран шинэчлэн батлах шаардлагатай байгаа тул ажлын хэсгийн байгуулан ажиллаж байна.

Иймээс иргэд та бүхэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг шинэчлэн боловсруулсан төсөлд санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Эх сурвалж: ХНХЯ

Дорнод аймагт 11 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ
Дорнод аймагт 11 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.