/2021.10.21/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд нар гишүүдийн асуусан асуултад хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ жилийн төсөв гурван зүйлд чиглэж байна гэж ойлгож байна. Нэгдүгээр, Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг явуулна гэсэн асуудал байна.
1. Эрүүл мэндээ хамгаалах чиглэлд төсвийн байнгын хорооны зүгээс дутагдалтай, шүүмжилмээр байгаа зүйл байна уу?
2. Мөн эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд дутагталтай зүйл байгаа юу?
3. Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Энэ төсөв батлагдлаа гэхэд багш нарт ирэх өгөөж нь юу вэ?
ЭМ-ийн сайд С.Энхболд: Хуулийн төсөлд нарийн мэргэжил эзэмшиж байгаа резидент эмч нарын цалингийн асуудлыг оруулж өгсөн. Хэрэв төсөл батлагдах юм бол эмч, эрүүл мэндийн ажилтны цалинг дор хаяж 20 хувиар нэмэх боломжтой. Хөдөө орон нутаг, сум тосгоны эрүүл мэндийн төв, ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэмжийг асуудлыг оруулсан.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Энэ жилийн төсвийн гол зүйл бол боловсролын салбарын шинэчлэл юм. Бид өнгөрсөн хугацаанд боловсролын хүртээмжийн асуудлыг маш их ярьсан. Харин чанарын асуудлыг орхигдуулсан. Тиймээс хувьсах зардлын аргачлалыг өөрчлөх хэрэгтэй. Ирэх онд хүүхдийн сурлагын ахиц амжилтаар багшийн цалинг тооцдог болно. Үр дүн, гүйцэтгэлд суурилсан тогтолцоо руу шилжинэ.
Тиймээс багш нарын цалингийн бүтцийг өөрчилнө. Ингэхийн тулд өртгөө зөв тооцдог болъё. Ингэснээр хувьсах зардлын зарцуулалтын аргачлал зөв болно гэж үзэж байна.
Түүнчлэн багш нарын халааснаас гардаг урсгал зардлыг хувьсах зардалд оруулж өгдөг болно.
Улаанбаатар хотод байдаг сургуулийн 50-60 хүүхдэд хичээл ордог багшийн ачаалал, хөдөө орон нутгийн сургуулийн багшын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай. Хөдөө орон нутгийн сургуулиуд хувьсах зардал их авдаг. Харин нийслэлийн сургуулиудынх маш бага байдаг. Тиймээс нэг хүүхдэд ноогдож байгаа хувьсах зардлыг тухайн сургуулийн онцлогт тохируулан тооцдог байх хэрэгтэй байгаа юм.