Монгол банк: Инфляцыг 2022-2024 онд 4-8%-д барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол банк: Инфляцыг 2022-2024 онд 4-8%-д барина

/2021.10.18/ Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ.

Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна. Өнгөрсөн онд огцом агшсан манай эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3%-иар өсчээ. Гэсэн хэдий ч хөл хорио, хилийн хязгаарлалт, вирусын тархалттай холбоотойгоор эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт хоёрдугаар улиралд муудсан боловч 2021 оны эцэст эдийн засаг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлттэй байна. Өсөлтийн цаашдын төлөвийг авч үзвэл, уул уурхайн салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжлэх бол уул уурхайн бус салбар макро бодлогын арга хэмжээнүүд болон гадаад сэргэлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байна. Гэхдээ вирусын шинэ хувилбарын тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан адилгүй, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байгааг Монгол банкнаас мэдээлж байна. Төв банк инфляцыг 2022-2024 онд 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хэдийгээр өнгөрсөн онд инфляц бага түвшинд хадгалагдсан хэдий ч 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн суурь үнийн нөлөө, нэг удаагийн шинжтэй, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн голлох нөлөөгөөр инфляц нэмэгджээ. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өсөх хэдий ч 2022 оны сүүлийн хагаст тогтворжих хүлээлттэй байгаа аж.

Иймд эрэлтийн шалтгаантай инфляцийг зөв таних, нөгөө талаас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байхаар мөнгөний бодлогын шийдвэрийг гаргах нь зохимжтой гэж Монгол банк үзэж байна. Эдийн засаг 2021 онд 5.1%-иар өсөх хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт 2020 оны хоёрдугаар улиралд төсөөлснөөс бага гарсан. Тодруулбал, уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспорт буурсан, төмрийн хүдрийн олборлолт буурсан, мөн Оюутолгойн баяжмалын алтны агууламж төсөөллөөс бага байсан нь нөлөөлсөн. 2021 оны сүүлийн хагаст уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспорт “Ковид 19” вирусын тархалттай холбоотойгоор буурсан юм. Энэ уул уурхайн салбарын өсөлтийг удаашруулахаар байгааг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дурджээ. Хэрэв хөл хорионы дэглэм суларч, дахин хөл хорио тогтоохгүй, Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих бодлого үргэлжлэн хэрэгжихээр байгаа зэргээс шалтгаалан уул уурхайн бус салбарын өсөлт оны сүүлийн хагаст аажмаар сэргэх хүлээлттэй байгааг Монгол банкныхан дурдлаа.

No description available.

Б.Жавхлан: УИХ-ын гишүүд 4 тэрбумын зарцуулалтыг мэдэх эрхтэй
Б.Жавхлан: УИХ-ын гишүүд 4 тэрбумын зарцуулалтыг мэдэх эрхтэй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.