/2021.10.14/ Эмнэлгүүдийн удирдлагыг Төлөөлөн Удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр болж байна.
Улсын хэмжээнд дөрвөн ч улсын том эмнэлэг ийм зарчимд шилжсэн байна. Учир нь ковидын үетэй зэрэгцэн Эрүүл мэндийн салбар даатгалаас гүйцэтгэлээр санхүүжих шинэ тогтолцоонд шилжээд буй. Эмч эмнэлгийн ажилтнуудын үзлэг хийсэн өвчтөнүүдийнхээ тоогоор өөрөөр хэлбэл үр дүнгээр цалинжиж, эмнэлэг нь даатгалын сангаас санхүүжилтээ авч ажилладаг систем ажиллаж эхлээд байна.
Өмнө нь ЭМЯ-наас тухайн эмнэлэгт олох орлогын дүн өгдөг байсан бөгөөд илүү орлого төвлөрүүлсэн тохиолдолд улсын төсөвт татан авдаг байсан. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг жилд нь хэрэглэж дуусдаггүй өөрөөр хэлбэл иргэд төлсөн шимтгэлээ бүрэн ашигладаггүй байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Улсын төв хоёрдугаар эмнэлэг л гэхэд 1 тэрбум төгрөг төсөвлөхөөр заасан байсан бол өнгөрсөн жил 1.9 тэрбум төвлөрүүлж чаджээ. Тэр хэмжээгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь ийм үйлчилгээ үзүүлж чадсан хирнээ нэг ч орон тоо нэмээгүй байдаг.
Энэ нь эмнэлгүүдэд асар их нөөц бололцоо байгааг харуулсан тоо юм. Улсын эмнэлгүүд одоо төсөвт төвлөрүүлэх орлогоосоо давсан орлогоо дотооддоо хувиарлалт хийн өөрсдийн хүчээр цалингаа гүйцэтгэлээр нэмэгдүүлэх боломжтой болжээ.
Тэр ч бүү хэл гүйцэтгэлээр нь ажлуулах шинэ журмын дагуу эмнэлгүүд өөрсдийн хүсэлтээр ковидын эмчилгээ үзүүлэх, ор дэлгэх сонирхлоо илэрхийлж ажиллаж байгаа юм. Харин төлөвлөснөөс илүү олсон орлогоо эмч ажилчиддаа хэрхэн хувиарлалт хийх вэ гэдэг асуудал дагуулж байгаа. Тухайн байгууллагын даргын үзэмжээр шийдэх вий гэсэн болгоомжлол бий. Энэ асуудлыг эмнэлэг бүрт Төлөөлөн Удирдах Зөвлөл бий болгох замаар шийдвэрлэж байгаа юм байна.
Одоогоор Улсын дөрвөн том эмнэлэг ТУЗ-тэй болоод байна. ТУЗ хараат бус байж төсвийн хувиарлалтыг шударгаар хийх үүрэг хүлээнэ. Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хэлснээр ТУЗ байгуулах ажилд Эрүүл мэндийн яам шууд оролцохгүй байгаа боловч Засгийн газар яамдын төлөөллийг оруулж байгаа гэсэн юм.