/2021.10.13/ Афганистаны төв хэсэгт орших Бамианы орох хаалган дээр Хазарчуудын хүндэт ахлагчийн дэлбэрэлтэд өртсөн хөшөөний дээгүүр Талибаны хар, цагаан туг далбаа мандаж байна.
Долоон долоо хоногийн өмнө радикал Исламистууд засгийн эрхэнд гарснаасаа хойш цөөнхүүдийг хэрцгийгээр хавчин дарлаж байсан сүүлчийн засаглалын үеийнхээсээ илүү зөөлөн, илүү хүртээмжтэй засаглалыг удаа дараа амласан.
Гэвч эндхийн Хазара нийгэмлэгийн гишүүд тэдэнд итгэхгүй байна.
"Бүгд айж байна" хэмээн ажилгүй болсон 26 настай сэтгүүлч Наджва ярьж байна. "Тэдэнд итгэх боломжгүй юм. Хазарачуудын хувьд, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бидэнд цаашид ямар ч найдвар байхгүй"
Наджва болоод бусад Хазарачууд Талибанчуудыг ирж буй сургаар уул руу дүрвэн зугтсан боловч долоо хоногийн дараа эргэн иржээ.
Бамиян кино академийн гишүүний хувьд Нажваг бусад үе тэнгийнхэн шигээ Франц руу дүрвэн гарах боломжтой байсан ч цөлд нуугдсан тэрээр чухал дуудлагыг хүлээж авч чадаагүй байна.
- Хулгай ба аллага -
Афганистаны шинэ эрх баригчид бүх нийтийн өршөөл үзүүлж, шинэчлэл хийхээ амлаж байгаа боловч Талибанчууд 1996-2001 онд эрх барьж байх үедээ цөөнх болон эмэгтэйчүүдийг харгис хэрцгий хэлмэгдүүлж байсанаа давтах вий гэсэн айдастай байна.
Нажва хэлэхдээ "Хулгай, аллага үйлдэгдсэн гэдгийг бид мэднэ” гэв.
Афганистаны 38 сая орчим хүн амын тавны нэг хувийг бүрдүүлдэг Хазара нар тус улсад олон зууны турш хавчигдан амьдарч ирсэн. Тэд сүүлийн хэдэн арван жилийн турш Афганистаны хэд хэдэн засгийн газрын үед аллага хядлагад ихээр өртсөн байна.
Лалын шашинтнууд Хазара нарыг хэд хэдэн удаа бөөнөөр нь хөнөөсөний нэг жишээ бол 1998 онд Мазари-Шариф хотод Хазара голдуу 2000 орчим энгийн иргэд цаазлагдсан хэмээн хүний эрхийн байгууллагууд мэдэгджээ.
Наймдугаар сарын 15-нд Талибан бүлэглэл засгийн эрхэнд гарсанаас хойш их хэмжээний аллагын мэдээлэл гараагүй байгаа ч энэ долоо хоногт нийтэлсэн Эмнести Интернэшнл байгууллагын мөрдөн байцаалтын наймдугаар сарын 30-ны өдөр Дайкунди мужид Талибаны цэргүүд хуучин засгийн газрын бууж өгсөн есөн цэрэг болон Хазарачууд нийлсэн 13 хүнийг хөнөөсөн болохыг тогтоожээ.
"Дайсан биш"
Гэвч Бамианы засаг даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн шинэ дарга Муса Насрат Хазарачуудад айх зүйл байхгүй гэж мэдэгджээ.
"Эхэндээ хүмүүс айж байсан нь үнэн. Өмнө нь зугтсан бүх хүмүс буцаж ирсэн" гэж тэр Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Бид тэдэнд: "Энгийн амьдралдаа эргэж ор. Бид та нарыг хамгаалахаар энд байна. Бид шийтүүдийн дайсан биш " гэж хэлсэн гэв. Түүний хэлснээр, Талибаны дайсан бол огцорсон Ерөнхийлөгч Ашраф Ганигийн "авлигад автсан засгийн газар" гэнэ. Харин одоо "бид ялсан. Энх тайван тогтох болно".
Хазарачуудыг тайвшруулахын тулд шинэ захирагчид Бамиан мужийн тагнуулын албаны дарга шиит Махди Мужахидыг томилжээ. Тэрбээр ажлынхаа эхний өдөр "Манай нийгэмд айх зүйл байхгүй” хэмээн мэдэгджээ.
Гэхдээ олон нийтийн айдсыг тайвшруулахын тулд илүү их зүйл шаардлагатай.
33 настай хувийн сургуулийн захирал Абдул Данеш Яр хэлэхдээ "Бид тэдэнд итгэж чадахгүй байна. Манай улсын түүх Хазарачуудыг хядсан, албадан гаргаснаар зэргээр дүүрэн байдаг” гэжээ.
Яр, энд байгаа бусад хүмүүсийн нэгэн адил, 20 жилийн турш тэмцсэнийхээ дараа наймдугаар сард яаралтай цэргүүдээ татсан АНУ болон түүний холбоотнуудыг урвасан гэж бодож байна хэмээгээд "Бид тэдний үнэт зүйлд итгэдэг байсан ч тэд биднийг орхисон" гэж хэлээд хэрэв боломжтой бол "хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө" эндээс явах болно гэдгээ хэлэв. Түүний хэлснээр Талибанчууд "хэзээ ч өөрчлөгдөхгүй" гэнэ.
"Тэдэнд хэн ч итгэхгүй"
Талибанчууд засгийн эрхэнд эргэж ирсэн тухай мэдээ нь Бамиан хотыхонд онцгой цохилт болсон. Учир нь хорин жилийн өмнө лалын шашинтнууд засгийн эрх барьж байхдаа эртний алдарт аварга том Буддагийн хөшөөг дэлбэлсэн юм.
Тус мужийн нийслэл нь Талибанчууд засгийн эрхээ алдсанаас хойших хорин жилийн хугацаанд хамгийн их олон улсын тусламж авсан хотуудын тоонд багтдаг байна.
Эндхийн их сургуульд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс олон байсан бөгөөд дугуй, волейбол зэрэг спортоор хичээллэдэг байв.
Бамиан хотыг 2005-2013 онд тус улсын анхны эмэгтэй захирагч Хабиба Сарабигаар их бахрахдаг бөгөөд Сараби одоо Турк улсад дүрвэн амьдарч байна.
Талибанчуудтай "асуудлыг шийдвэрлэх" зорилготой шинээр байгуулагдсан нийгэмлэгийн гишүүн, 41 настай нутгийн яруу найрагч Абдулхак Шафад "Одоогоор тэд муу зүйл хийгээгүй байна" гэж хэлжээ. Гэхдээ улс орнууд Талибаны удирдагчдыг хүлээн зөвшөөрч эхэлбэл байдал хурдан муудаж болзошгүйг тэрээр анхааруулж байна. "Ирээдүйг урьдчилан тааварлах аргагүй" гэж тэр хэлэв.
Хотын үүдэнд Ражабали Сахебзадагийн төмсний талбай нь 1995 онд Талибанчуудад олзлогдон нас барсныхаа дараа Хазаруудын удирдагч, Талибаны эсрэг нэрт тэмцэгч Абдул Али Мазаригийн дурсгалыг хүндэтгэн барьсан хөшөөний балгасны хажууд байдаг байна.
Хуучин босогчид Афганистанд хяналтаа тогтоосноос гурав хоногийн дараа тус хөшөөг дэлбэрсэн бөгөөд Талибанчууд хөшөөг сүйтгэсэн гэдгээ үгүйсгэсэн гэж 25 настай тариачин хэлээд "Тэдэнд хэн ч итгэхгүй" гэв.
Эх сурвалж: Wionews