/2021.09.27/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум модыг тарьж ургуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ.
Энэ талаар Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүүгийн ярианаас авсан ишлэлүүд:
-Монгол Улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн бөгөөд мод тарихад байгалийн бүс, бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатай байдаг.
- Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын мониторинг судалгаанаас үзэхэд Монгол оронд тарьсан моддын 50 хүрэхгүй хувийн амьдралттай байгаа тооцоолол байдаг. Манай улс Бонны сорилтод элсэж, 600 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан. Харин Ойн тухай хуульд жилдээ 10 мянган га талбайг ойжуулна гэж заасан байдаг. Гэтэл ойжуулсан талбайн хэмжээгээр аваад үзэхэд жилдээ 5-6 мянган га талбайг ойжуулж байна.
- Судалгаа, шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь цөлжилтөд өртсөн байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бид амьдрах орчноо хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас гадна хүний нийгмийн оршин тогтнохтой холбоотой асуудал гэж ойлгож үзэх хэрэгтэй. Тэгэхээр цөлжилттэй зайлшгүй тэмцэх, цөлжилтийг сааруулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ёстой болоод байна.
- Тэрбум модыг тарихад юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай. Тухайн бүс нутгаас түүж бэлтгэсэн үр, үржлийн эрхтэний материалаар тухайн бүс нутагт нь тарьж суулгахыг хэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хэнтийд ургуулж бойжуулсан мод, сөөгийг Баян-Өлгийд тарьж болохгүй.
- Ургамлыг тарьж ургуулах тарьц, суулгацыг бэлтгэх бааз суурь болох мод үржүүлгийн газруудын техник, технологийн хоцрогдлыг арилгах хэрэгцээ үүссэн. Үүнээс ургуулсан үүдэн тарьц, суулгацын чанарын асуудал яригдана. Чанартай тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байж 50 биш, 100 хувь ургуулах боломжтой. Тарьц, суулгацын чанарыг сайжруулахын тулд судалгаа, шинжилгээг хийхээс гадна мод үржүүлгийн газруудын техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах шаардлагатай.
- Модыг тарих амархан. Харин түүнийг 20-25 жилийн турш арчилж, тордох, хамгаалах ажил хамгийн чухал бөгөөд орхигдсон асуудал юм. Мод тарихад усалгаа, арчилгааны асуудал хамгийн чухал. Ялангуяа ойг нөхөн сэргээх, ой байгаагүй газарт ой тарьж ургуулах зэрэг ажилд малын бэлчээрлэлтээс хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Малын талхагдлаас хамгаалах арга хэмжээг авахгүй бол хэчнээн ч мод тариад нэмэргүй.
- 1 тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж, бодитой тооцоолол хийж, үе шаттай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.
- Монгол хэлэнд ойжуулалт гэдэг нэр томьёо бий. Гэхдээ хоёр төрлийн ойжуулалт байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг нь ойн талбай хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болсон газрыг нөхөн сэргээх, нөгөө нь сүүлийн 10 жил, түүнээс урт хугацаанд ой байгаагүй газрыг ойжуулах, мод тарьж ургуулахыг хэлдэг.
Эх сурвалж: ЕТГ