/2021.09.23/ Энэ Засгийн газрын үед монголчууд үзээгүйгээ үзэж, үхэр цам харайхаа шахаж байна. Засгийн газар нь Улсын их хурлаас баталсан Цар тахлын тухай хуулиа зөрчихийг харлаа. Стратегийн гол бүтээгдэхүүн тасарч иргэд нь хонож өнжин шатахуунд дугаарлахыг үзлээ.
Долоо хоног бүр дуулиан шуугиантай байдаг нийслэлийн энэ долоо хоногийн хамгийн их чих дэлссэн сэдэв ШАТАХУУН байв. Улаанбаатар хот даяараа шатахууны хомстолд орж сайд нь ч тэр, бензин импортлогч ААН-үүд нь ч тэр нэг нэгэн рүүгээ бухаж, буруугаа чихсээр хүндхэн долоо хоног өндөрлөх дөхлөө.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон уснаас цэвэр гарахын тулд үзэж гарав. Шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлж чадаагүй нь ААН-үүдийн буруу. Ахиж ийм асуудал үүсвэл бензиний асуудлыг төр хувьдаа хариуцдаг болно хэмээн цухас дурдаад өнгөрлөө. Гэхдээ энэ нь олныг аргацаах “ХӨӨРХӨН” заль байсан гэж хэлж болно.
Үүний хариуд ААН-үүд цар тахлын улмаас литр тутамдаа 200-аас багагүй төгрөгийн алдагдал хүлээж байгаагаа хэлж өөрсдийгөө өмөөрөв. Тэд бензиний үнийг нэмэхгүй байх тал дээр төрөөс “шахаж шаардсан” учир өнөөдрийг хүртэл ийнхүү нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн алдагдалд орсоор л яваа аж.
Гэхдээ тэднийг ийнхүү маргалдаж байх зуур иргэд шатахуун түгээх станц дээр “АЛАЛЦАЖ”, бензин авахын төлөө юу ч хийхээс сийхгүй нөхцөл байдалтай байлаа. Өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас хийсэн мэдээллийн дараа ёстой л түм түжигнэж, бум бужигнаж эхэлсэн. Шатахууны үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй гэж олон нийтийг тайвшруулсан ч араас нь шууд л нөөцийн хомстолд орсон хэмээн тэднийг “алалцуулах” үндсийг тавив.
Манайхан ч сурсан зангаа тавилгүй гурил, будаа нөөцөлдөг шигээ шатахууныг ч бас “нөөцлөх” гэлээ. ЗГ-ын хэлж буйгаар иргэд гэртээ байгаа онгорхой, тагтай таггүй юу л байна бүхий л саваа барьж очиж нөөцийн хомстол үүсгэсэн аж.
Шатахуунаас болж иргэд маргалдаж, нэгнийгээ “П”-ээрээ дуудалцацгааж байна. Түүнчлэн шатахуун авахын тулд шөнөжингөө дугаарласан иргэд “оочер дайрлаа” хэмээн хоорондоо нударга зөрүүлж буй бичлэг ч олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ байршжээ.
ИРГЭД МАШИНЫХАА БАНКЫГ БЕНЗИНЭЭР ДҮҮРГЭХ НЬ
Г. ЁНДОН САЙДАД "АЙМААР" САНАГДДАГ
Өнөөдөр өглөө ч гэсэн 30 мянган төгрөгөөр шатахуун авахын тулд машиндаа хоносон жолооч нартай 08:00 цагийн үед очиж уулзахад бүгд л бухимдангуй учир шалтгаанаа тоочиж байлаа.
Иргэн Р.Өлзийбаяр, “Шөнө 12 цагт ирээд машиндаа хоносон. Одоог хүртэл оочерлож байна. Өчигдөр 10 цагаас хойш шатахуун өгөөгүй. “Бензин бууна. Одоо 08:00 цагт шатахуун буугаад 10 цагт иргэдэд өгнө” гэж хэлсэн. Нэгэнт ирчихсэн юм чинь өгтөл нь энд байна. Миний хувьд машинаар бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг.
Авсан бензинээ хэмнэж хэрэглэвэл 2,3 хоног холхичих байх гэж найдаж байна” хэмээн учирлав.
БГД-ын тавдугаар хороонд байрлах “Сод Монгол” компанийн ШТС-ын гадаа хоёр эгнээ болон зоссон 100-аад машин оочерлож байв. Цагдаа нар аргагүйн эрхэнд станц руу орох замыг хааж чанга яригчаар “Шатахуун дууссан” хэмээн зарлаж, ирсэн иргэдийг буцааж байлаа.
“Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын гадаа дугаарлаж хоносон иргэн Э.Өлзийхутаг, “Өчигдөр 11 цагаас хойш энд оочерлосон. Өглөө даараад нар бараадаад зогсож байна. Олон цаг зогссон учир хаяад явах хэцүү. Угаасаа ч бүх жолооч нарын шар гэрэл асчихсан. Эндээс хөдлөх л юм бол энд тэнд унтраад замын “БӨГЛӨӨС” болно.
Ажилдаа автобусаар явчихаж болно. Харин яг амин чухал буюу хүн өвдсөн үед машинаа асаагаад явах гэхээр бензингүй бол яах вэ. Хэдийгээр 30 мянган төгрөгөөр шатахуун авч байгаа ч гэсэн яаралтай үед хэрэг болох учраас энд хонож байна.
Манайх такси, шөнийн унаа юу ч байхгүй тийм л “ДАМПУУ ХОТ”. Тиймээс ар гэрийнхнийхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлж аргагүйн эрхэнд бололцоогоороо авах гээд зогсож байна. Болвол 30 мянган төгрөгнөөс илүүг авчих санаатай” хэмээн ярьлаа.
2020 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 447,413 бүртгэлтэй суудлын автомашин байдаг гэсэн тооцоо гарсан байна. Үүн дээр 98 чиглэлд 950 орчим автобусны иргэдэд үйлчилдэг.
Мөн иргэн О.Мөнхбат, “Өчигдөр УУХҮ-ийн сайд цэцэрлэгийн хүүхэд шиг юм ярьсан байна лээ. Маш олон үзэж, хүмүүсийн яриаг ч сонссон. Үүнээс нэг л зүйл ойлгосон. Бид нар бол томчуудын тоглоом болчихсон юм билээ. Үргэлж ард иргэдэд буруугаа тохдог.
Зохицуулалт хийж чадахгүй байгаа бол чаддагаар нь шатахууны үнээ тодорхой хэмжээнд нэм л дээ. Энэ чинь бас дарааллыг бууруулах нэг арга. Үнэ нэмэгдсэн ч хүмүүс бололцоогоороо аваад л байдаг.
Өчигдөр орой нэг залуугаас асуусан чинь “21:00 цагт ажлаасаа буугаад хариагүй явж байна” гэсэн. Ажиллаж ажиллачихаад гэртээ харихгүй энд хонох болж байна уу. ҮНЭХЭЭР УТГАГҮЙ.
Өнөөдөр ажлаа зохицуулчихсан учраас л энд одоог хүртэл байж байна. Нэгэнт хоночихсон юм чинь. Эхнэр хүүхэд дээрээ очмоор байна. Нойроо хугаслан байж хоночихоод бензингүй очвол шал утгагүй биз дээ. Мэдлэггүй хэдэн хүмүүсээс болж иргэд хохирч байна гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр, “ШТС-үүд саванд шатахуун өгөхөө болиод удаж байна. Тиймээс зөвхөн банкандаа л авна. Хамгийн сүүлд саванд шатахуун авч явж талбай дээр “ЗУЛЫН ГОЛ” болсноос хойш болиулчихсан шүү дээ. Тэрнээс өмнө ч өгөхөө больчихсон байсан. Ийм байхад иргэдийг их хэмжээгээр шатахуун нөөцөлснөөс болж хомстол үүсгэлээ гэж яриад байгаа юм. Бид нар хаанаа нөөцлөх юм бэ” хэмээн бухимдлаа.
“Сод монгол” ХХК-ийн БГД-ын тавдугаар хороонд байрлах ШТС-ын эрхлэгч шатахуун хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна гэлээ. Мөн тус дүүрэгт байрлах “Магнай трейд” компанийн шатахуун түгээх станцад АИ-92-оос гадна бусад бүх бензин дууссан. Үдээс хойш ирэх байх хэмээн түгээгч нь ярьлаа. Түүнээс яриа авах хоёр минутад 10 гаруй машины жолооч “Бензин байгаа юм уу” гэж асуусаар хоосон буцлаа.
Шатахуунд оочерлож байгаа хүмүүс бараг л бие биенээ таньдаг болчихсон юм яриад зогсож байсан юм. “НЭГЭНТ Л ХОНОЧИХСОН ЮМ ЧИНЬ” гэж ярьж буй хүмүүс тэдний дунд их. Харамсалтай нь бөөн юм болж авсан 15 хан литр бензин нь хоёр гурав хоноод л дуусч, ахиад урт дараалалд бензин хүлээж зогсох юм. Тэдний ихэнх нь амин чухал хэрэгцээтэй үедээ хэрэглэхийн тулд л ийнхүү хонон өнжин байгаа аж.
АМГТГ-ын уржигдар болсон хэвлэлийн хурлаар АИ-92 бензиний дөрөв хоногийн нөөцтэй байна гэсэн юм. Мөн хязгаарлалт тогтоовол энэ хугацааг 7-8 хоног болгож өдөр хоногийг аргацаах боломжтой гээд түс тас аваад хаясан. Үүний зэрэгцээ “фронтод” үүрэг хүлээдэг эмч, цагдаа, хил хамгаалах байгууллагынхнаа шатахуунаар таслахгүйн тулд хэмээн иргэдийг уяраахаа ч мартсангүй.
Төрөөс энэ мэт өдөр хоногийг аргацаасан шийдвэр гаргаж үр дүнд нь иргэд хоорондоо тэрсэлдэж, газар дор ортол бие биенээ хараасаар алаг хорвоогийн наран жаргаж байна. Төр, хувийн хэвшил нь нэг нэгэн рүүгээ буруу чихэж, аль “АМНЫ ФИГУР” сайтай нь мэтгэцээнд ялж харин иргэд дор нь хөл толгойгоо олохгүй л явна.