НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг бууруулах төслийг хэрэгжүүлсэн.
Халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулахаар, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.2-ын 3 дахь зорилтод “2021-2025 онд 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16 хүртэл бууруулах” зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд ДЭМБ-ын ХБӨ/Зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN)-ыг нэвтрүүлж, хүн амд зөвлөгөө өгөх арга хэмжээг өргөжүүлэх”, мөн Эрүүл мэндийн сайдын санаачилсан 8/20-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зүрх судасны өвчний бууруулах талаар тус тус заасан.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу МонПЭН загвар төслийг нь 2019 оны долдугаар сараас 2020 оны аравдугаар сар хүртэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын эрүүл мэндийн төвд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн 15 сарын хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, СХД-т 1.4 дахин буурсан төдийгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан амжилттай үзүүлэлттэй байв.
Иймд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар энэхүү загвар төслийг цаашид МонПЭН санаачилга хэмээн болж өргөжүүлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нийт 132 төвд хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн юм.
Энэхүү МонПЭН санаачилгын хүрээнд сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, цахим програмыг хөгжүүлж, эмч нарын ачааллыг бууруулах, шаардлагатай сургалтын материалаар хангах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Өнөөдөр МонПЭН санаачилгыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх техникийн ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдсан бөгөөд 2021 оны есдүгээр сарын дундуур албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллахаар болов.
Эх сурвалж: ЭМЯ