/2023.03.09/ Одоогоор бид Messenger нэртэй аппликэйшн ашиглан чаатаар харилцдаг бол удахгүй энэ үйлчилгээг Facebook аппликэйшнд нэгтгэх нь. Meta компанийн зүгээс Фэйсбүүк үйлчилгээний ирээдүй гэрэлтэй байгаа бөгөөд олон зүйл хийхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн блог нийтлэлдээ энэ талаар дурдаж, Мессенжер үйлчилгээг Facebook аппликэйшнд нэгтгэх туршилтууд хийгдэж эхэлсэн гэжээ.
2014 онд Facebook(Meta) компанийн захирал Марк Цукерберг Мессенжер үйлчилгээг Фэйсбүүк үйлчилгээнээс салгаж тусад нь аппликэйшн болгон хөгжүүлэх нь хэрэглэгчдэд илүү таатай, амар байх болно гэж мэдэгдээд Messenger нь тусдаа аппликэйшн болон салж байсан түүхтэй. Харин одоо Meta компани дээрх үйлдлийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ өөрчлөлтийн талаар анх өнгөрсөн оны 6-р сард The Verge мэдээллийн сайтын Алекс Хийф мэдээлж байсан төдийгүй өнгөрсөн оны 12-р сард анхны туршилтууд хийгдэж эхэлж байгааг олон нийтийн сүлжээгээр дагнасан зөвлөх Мэтт Наварро анх олж мэдээд, олны хүртээл болгож байсан юм.
Алекс Хийфийн таамаглаж байгаагаар TikTok үйлчилгээ хүчээ авч, ширүүн өрсөлдөөн өрнүүлэх болсноор Facebook өрсөлдөөнд ялагдахгүйн тулд үндсэн аппликэйшн дотроо шууд чаатаар харилцах үйлдлээ буцаан сэргээхээс өөр аргагүй болсон байж магадгүй юм. Гэхдээ хүмүүс Facebook дээр ирсэн чаат ашиглах боломжтой хэрэглэгчийн тоо хэд байх талаар ямар нэг баримжаа мэдээлэл өгөөгүй байна.
Мөн дээрх блог нийтлэлдээ Facebook платформ илүү олон хэрэглэгчтэй болсон талаар ч дурдсан байв. Фэйсбүүк платформын удирдах ажилтнуудын нэг Том Аллисон “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа шиг Фэйсбүүк үйлчилгээний хэрэглэгч цөөрсөн зүйл огт байхгүй. Фэйсбүүк үйлчилгээ огтхон ч эрчээ алдаагүй, харин ч эсрэгээрээ илүү хөгжиж, илүү олон хэрэглэгчтэй болж байгаа. Яг одоогоор өдөр бүр 2 тэрбум идэвхитэй хэрэглэгчид Фэйсбүүк үйлчилгээг ашиглаж байна. Хүмүүс дан ганц гэр бүл, ойр дотныхонтойгоо харилцахаас гадна орчин тойронд нь юу болж байгаа талаар мэдээлэл авах, цаг үеэсээ хоцрохгүйн тулд манай үйлчилгээг ашиглаж байгаа” гэжээ.
Гэвч тухайн 2 тэрбум хэрэглэгчийнх нь хэд нь өдөр бүр Фэйсбүүк рүү орж, нийтлэл үүсгэж, коммэнт бичдэг нь тодорхойгүй байна. Инстаграм хэрэглэдэг өсвөр насныхан болон залуус өөрийнх нь Инстаграм постыг Фэйсбүүк дээр давхар нийтлэх гэдэг сонголтыг идэвхижүүлж байгаагаа ч анзаарахгүй сонгож орхидог бөгөөд үүнийг олж мэдсэн инстаграм хэрэглэгч залуу үеийнхэн үүнд тийм ч таатай хандахгүй байна. Тэдний үзэж байгаагаар Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо цөөрч, идэвхи буурсан учраас ийм өрөвдөлтэй арга хэрэглэж, хүмүүсийн нийтлэлийг Инстаграмаас Фэйсбүүк рүү сэмээрхэн зөөж нийтэлж байгаа байх гэжээ.