Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал, өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаатай ярилцлаа.
-Энэ сарын 3-ны өдөр ӨЭМТ-ийн эмч, ажилчид ЭМЯ-ны гадаа жагссан. Тус жагсаалын гол шаардлага юу байсан бэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 205 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. 2022 онд эрүүл мэндийн салбарт бүхэлд нь шинэчлэлт хийж, бүх шатны эмнэлэг гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Энэ дагуу ӨЭМТ-үүд ч гэсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-тай гүйцэтгэлийн гэрээ байгуулж, санхүүжилтээ авч байна. Гүйцэтгэлийг нийт 13 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Эдгээр шалгуурыг хангасан тохиолдолд санхүүжилтыг хоёр хувааж олгохоор тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл нэг иргэнд ногдох санхүүжилтийн 80 хувийг сар бүрийн 15-ны өдрийн дотор, үлдсэн 20 хувийг гүйцэтгэлийг нь үнэлж өгөхөөр гэрээ байгуулсан.
Гэвч ӨЭМТ-үүд батлуулсан төсвөө авч чадахгүй жилийн турш холбогдох албаныхантай уулзаж байна. Бид 1-3 дугаар сарынхаа батлагдсан төсвийн 50 хувийг аваагүй. Мөн 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийн санхүүжилтийн 20 хувийг авч чадаагүй. Тиймээс өрхийн эмнэлгийн эмч ажилтнууд санхүүжилтээ бүрэн авах, бүтэн ажилласан урамшууллаа авах зорилгоор хэд хэдэн шаардлага тавьсан.
Гүйцэтгэлийн санхүүжилт нэмэгдэж байгаа гол шалтгаан нь цалин, хүний нөөцөө нэмэх, илүү олон иргэнд хүрч ажиллах байсан. Гэтэл одоо 20 хувь нь орохгүй болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм тариа, бензин шатахуун авах, байрны зардлаа төлж чадахгүй маш их өр хуримтлагдаж байна.
-ӨЭМТ-үүдийг ямар шалгуур үзүүлэлтээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг вэ?
-Тухайн аймаг, дүүргийн засаг дарга, ЭМДЕГ, ӨЭМТ гурав гурвалсан гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулж буй тухайн өрхийн эрүүл мэндийн төв нийт 135 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой байдаг. Үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон тохиолдолд аймаг, дүүргийн засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг жилд хоёр удаа тухайн өрхийн эмнэлэгт шалгалт хийж, шалгуур үзүүлэлтээ хангаж буй эсэхийг дүгнэдэг. Хэрэв 70-аас дээш хувьтай дүгнэгдвэл гэрээ цааш нь үргэлжлүүлнэ. Харин үүнээс доош хувиар үнэлэгдвэл Өрхийн эмнэлгүүдтэй хийсэн гэрээгээ шууд цуцалдаг.
-Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт хэр байдаг вэ?
-Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт нийт 1,5 их наяд төгрөгийн төсөв суулгасан байдаг. Үүнээс ӨЭМТ дээр 114 тэрбум төгрөг л тавигдсан. Өөрөөр хэлбэл нийт төсвийн 7,6 хувь нь л ӨЭМТ-д ногдсон байдаг. Иймхэн санхүүжилтээр бид 2,4 сая хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр аль ч өрхийн эмнэлгийн өрөө багтах зайгүй хүнтэй байгаа. Бүх эмнэлэг битүү оочертой байна. Баячууд “Бид нар өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэггүй” гэдэг. Хэрэв эдгээр хүмүүсийг хасвал бид багадаа 1,8 сая хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарын бүхий л ажлыг ӨЭМТ-үүд хийдэг. Тэгчхээд нийт төсвийн наймхан хувийг өгч, дээрээс нь маш их зүйл шаарддаг.
Гэтэл томоохон эмнэлгүүд зөвхөн нэг сард 4-5 тэрбум төгрөгийг авдаг. Нийт ӨЭМТ-ийн жилийн төсвийг нэг сард хэд дахин нугалж авч байна. Өрхийн эмнэлгийн ажилчид цалингаа ч гүйцэт авч чаддаггүй. Ингээд бодохоор эрүүл мэндийн салбар ӨЭМТ-үүдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэхээс өөр аргагүй байна.
-Нэг хүнд ногдох санхүүжилтийн хэмжээ хэд вэ?
-Насны ангиллаар нь тус тусад нь авч үздэг. Тухайлбал, 0-5 насны хүүхэд 57 мянган төгрөг. Жирэмсэн эх 48 мянга. Ахмад настнууд 40 мянга. 16-аас дээш насны хүмүүс 35 мянга төгрөг байдаг. Жилд нэг л удаа ийм хэмжээний мөнгө бодож өгдөг. Үүнийг 12 сард хувааж үзвэл нэг сард 4 мянган төгрөг ч хүрэхгүй.
ЭМДС эрсдэл хуваах зарчмаар ажилладаг. Зарим хүмүүс өрхийн эмнэлэгт үзүүлдэггүй байж болно. Тэгвэл тухайн хүний мөнгийг эмзэг, эрсдэлт бүлгийн хүмүүст хуваана гэсэн үг. Гэтэл ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэг үүнийг ч мэдэхгүй сууж байна.
-2023 онд ӨЭМТ-д оногдох санхүүжилт нэмэгдсэн үү?
-Өмнөх жилийнхтэйгээ яг ижил 114 тэрбум төгрөг тавигдсан. Отг нэмэгдээгүй. Бид өнгөрсөн жилжингээ санхүүжилтийн асуудал ярьж, хэрүүл хийсэн. Үнэхээр залхаж байна. 2023 онд ийм байдалтай баймааргүй байна гэж холбогдох хүмүүст хэлсэн. Энэ асуудлыг одооноос шийдэхгүй бол цаашид хэцүүхэн байхаар байна.
-Одоо байгаа санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий юу?
-Бидний зүгээс одоохондоо санхүүжилт нэмэгдүүл гэж шаардахгүй байгаа. Зүгээр гүйцэтгэлийн санхүүжилтээ л бүтэн авмаар байна. 2024 оноос энэ байдал өөрчлөгдөх байх л гэж найдаж байна.
-Өрхийн эмнэлгүүдийн ачаалал ер нь хэр байна вэ?
-Нэг өрхийн эмнэлэгт өдөрт 100-110 хүн үйлчлүүдэг. ӨЭМТ-үүд өдрөөр тусламж үйлчилгээ үзүүлж, дуудлагаар эмчилгээнд явдаг. Мөн томуу, томуу төст өвчин, ковид-19-ын вакциныг бүгдийг нь өрхийн эмнэлэгүүд хариуцан ажиллаж байгаа. Яг энэ цаг үед томуу өвчний бүх ачааллыг өрхийн эмнэлэг үүрч байна. Тиймээс амралтын өдрүүдэд ч гэсэн ажиллаж байгаа. “Гэрт ирээд үзээч өгөөч” гэж маш олон хүн ханддаг. Ингээд харвал ӨЭМТ-үүд маш их ачаалалтай ажиллаж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын бүх ажлыг бид нар хийж байна.
Маш их ачаалалтай, ихэвчлэн нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажилладаг учир бид тэр бүр шийдвэр гаргагчдад нөхцөл байдлаа ойлгуулж чаддаггүй. Мөн ӨЭМТ-үүдээр үйлчлүүлдэг иргэд ч гэсэн бодит нөхцөл байдлыг хэлж ярих боломжгүй байна. Бодлого тодорхойлдог хүмүүс нь ихэнхдээ том эмнэлгүүдээр үйлчлүүлдэг учраас үүсээд буй нөхцөл байдлыг огт мэдэхгүй. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн асуудал орхигддог.
-Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна. Энэ үед иргэд ӨЭМТ-үүдийн тусламж үйлчилгээ муу байна гэж голж байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Энэ асуудал хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, дүүрэг дээр очвол шууд хэвтүүлж, үнэгүй эмчилгээ хийлгэх боломжтой байдаг. Тиймээс иргэд өрх биш дүүрэгт очихыг илүүд үздэг. Гол шалтгаан нь энэ гэж хэлж болно. Эмийн санд ороод хэдэн ширхэг антибиотик, эм авахад маш их зүйл шаарддаг. Дээрээс нь үнэтэй байдаг. Тиймээс иргэд аль болох дүүрэг дээр очиж үнэгүй хэвтэх сонирхолтой байдаг.
Нөгөө талаар өрхийн эмнэлэг дээр 7 төрлийн өвчинд өдрийн эмчилгээ хийж болно гээд заачихсан байдаг. Гэхдээ үүнд нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл багтдаггүй. Тиймээс амьгалын замын өвчнийг өдрийн эмчилгээнд оруулж өгөхийг сайдаас хүссэн байгаа. Хэрэв оруулчихвал ЭМДС-аас эмчлэх эм, тариаг нь үнэгүй аваад иргэдэд гэрт нь очоод эмчилгээ хийгээд өгч болно.
Хоёрдугаарт, өрхийн эмчийн мэдлэг ур чадварын асуудал яригддаг. Нэг жилд өрхийн эмнэлэгт ажилладаг эмч нарын 37,8 хувь нь ажлаасаа гарч, өөр хүнээр солигддог. Залуу эмч нар ресидент эмч болох, нарийн мэргэжил эзэмших сонирхолтой байдаг учраас ажлаасаа гардаг.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт хүний нөөцөөр бэлтгэгдэж буй эмч нарын ихэнх нь хувийн сургууль төгссөн байна. Ихэнх нь Улаанбаатар, Этүгэн, Их засаг, Монос, Глобал зэрэг сургуулийг төгсөөд ороод ирчихсэн. Гэтэл эдгээр эмч нар цар тахлын хоёр жилд цахимаар хичээллэж байсан хүмүүс байгаа юм. Үнэхээр чадваргүй эмч нар байгаа юу гэвэл бий. Энэ хүмүүс өрхийн эмнэлгийн 30-40 хувийг бүрдүүлж байна.
“Өрхийн эмнэлэгт эмч, сувилагч авна” гэсэн зар өнөөдөр хаа сайгүй байна. Эмч олдохгүй байхад дипломтой, сургуулиа төгсөөд ирж байгаа хүнийг ажилд авахаас өөр арга байхгүй шүү дээ. Тиймээс миний зүгээс эрүүл мэндийн салбарт хүний нөөц бэлтгэж буй хувийн их дээд сургуулиудад шалтгалт оруулж, үнэлгээ хийх хэрэгтэй гэсэн саналыг Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдод хэлсэн. Салбарын хүмүүсээ муу хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ эмээ ч бичиж чадахгүй эмч нар байдаг. Иргэдийн хэлж байгаа зөв. Чадваргүй эмч нар байна. Тиймээс эдгээр хүмүүсийг бэлтгэж, зах зээлд нийлүүлж буй сургуулиудын чанарын талаар нэн тэргүүнд ярих ёстой. АШУИС, Ач сургуулийг төгссөн хүмүүс өрхийн эмнэлгийн ажилчдын 7 хувийг л бүрдүүлж байна. Гэхдээ сайн муу эмч нар аль ч лавлагаа шатлалд байдаг. Нэгдүгээр эмнэлэг, дүүрэг, өрх дээр ч муу эмч нар бий. ӨЭМТ-д хүн амын ихэнх нь очдог учраас тэнд ажиллаж буй эмч нарын мэдлэг, ур чадвар илүүтэй шүүгдээд байдаг. Энэ бол бодлогын л гажуудал. Үүнийг яам л цэгцлэх ёстой.
-Цар тахлын үед хүний нөөцийн дутагдал ямар байсан бэ?
-Ер нь цар тахлын үед өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт маш бага байсан. Эмч нар 800-900 мянган төгрөгийн цалинтай. Сувилагч нар 500-600 мянган төгрөгийн цалин авдаг үе. Бага цалинтай байсан учраас ажиллах хүн олддоггүй. Ерөнхийдөө ӨЭМТ-үүд 50 орчим хувийн хүний нөөцийн дутагдалд орчихсон байсан.
-Ярилцсанд баярлалаа.