Л.Жавхлан: Айлын эрх хүүхэд 70 хүрсэн ч зангаа тавихгүй байх нь бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Жавхлан: Айлын эрх хүүхэд 70 хүрсэн ч зангаа тавихгүй байх нь бий

“ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЦАГ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАВАЛ, СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ”

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Л.Жавхлантай уулзаж ярилцлаа. Нийгэмд тулгамдаад байгаа сэтгэл гутрал, сэтгэл зүйн асуудлаар бидний яриа өрнөсөн юм.

-Сэтгэл гэдэг эрхтэн байна. Бусад эрхтэн шиг мэдрэгдэхгүй болохоор өвдсөнөө ч мэдэхгүй байгаад байх шиг. Нийгэм цаг үеэсээ хамаараад дийлэнх хүмүүс сэтгэл гутралтай болоод түүнийгээ ихэнх нь мэдэхгүй яваад байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ямар нөхцлөөс үүссэн гэдгээс л хамаарна. Биологийн шалтгаан буюу дааврын өөрчлөлтөөс үүсэж болно. Нөгөө талдаа тухайн хүний дасан зохицох чадвараас их хамаарна.

Эрх дураараа өссөн хүнд хүндэвтэр даалгавар өгөхөөр, өөрийгөө сэтгэл гутралд орлоо гэж үздэг. Мөн өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, аливааг хүндрүүлж боддог хүмүүс сэтгэл гутралд амархан өртдөг. Органик шалтгаантай гэмтлүүд ч байж болно.

Хөгшрөлт мэдрэлийн эсийн үйл ажиллагааны алдагдлаас хамаарч, өтөл насандаа ч сэтгэл гутралд орох тохиолдлууд байдаг. Тэгэхээр сэтгэл гутрал аль ч шинжээр үүсч болно. Дасан зохицлын алдагдлаас эхлээд эргэшгүй өөрчлөлтөд орох хэмжээний нөхцлүүд сэтгэл гутралаар илэрч болно. Харин эргэх өөрчлөлт үү, эргэхгүй өөрчлөлт үү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тархинд гадны шалтгаантай болон органик гэмтлүүд үүсэх тохиолдлууд бий. Цус харвалтын хордлогоос, эсвэл ямар нэгэн мэдрэлийн эсэд механикаар гэмтэл учруулж болохуйц гэмтлүүд үүсдэг. Үүнээс болоод тэнэгрэл, солиоролд орох ч нөхцөл үүсэж болно. Мэдрэлийн эсийг ургуулна гэсэн ойлголт байхгүй учраас, түүнийг бүрэн эмчлэх боломжгүй. Харин сэтгэцийн өөрчлөлтийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх боломжгүй тайван нөхцөлд аваачих боломжтой. Тэгэхээр ямар шалтгаантай, ямар байдлаас үүссэн өвчин бэ гэдгийг ойлгох, оношлох нь маш чухал.

-Ээжүүдийн 70 хувь буюу 30 ээж тутмын 20 нь сэтгэл гутралтай байна гэсэн судалгаа гарсан байсан? Хүүхдээ өсгөөд нийгмээс тусгаарлагдаад ирэхээр сэтгэл гутралд өртөөд байна уу. Энэ байдлаас хэрхэн гарах вэ?
-Хувь хүний онцлогоос хамаарна уу гэхээс массын хэмжээнд авч үзвэл өрөөсгөл ойлголт л доо. Төрсний дараах гормоны асуудал ч байж болно. Гормонд мэдрэг хүмүүс дааврын өөрчлөлтөд ороод сэтгэл гутралд орсон байж магадгүй. Нөгөө талаараа хүмүүстэй харилцаа үүсгэдэг, гадагшаа чиглэсэн зан төлөвтэй хүмүүст хоёр жил гэртээ сууна гэдэг хүнд асуудал байж болно. Магадгүй айлын эрх хүүхэд ч байж болно. Ингээд бодохоор ерөнхий шинж тэмдэг шүү. Толгой дарааллан гэдэг шиг массаараа лав биш.

Нийгэмд авч байгаа мэдээлэл нь нэг талыг баримталсан туйлын зөв байх ёстой гэсэн өнцгөөс хандчихаар хүмүүс алдаа хайдаг. Ажлаа мундаг хийгээд явж байгаа өрх толгойлсон ээжүүд олон байгаа шүү дээ. Хүүхдээ өөрөө харах уу, цэцэрлэгт өгөөд ажлаа хийх үү гэдэг нь тухайн хүмүүсийн сонголтын асуудал. Хийе гэсэн хүнд арга нь олдоно гэдэг шиг өөрөө л хүсвэл аргыг нь олох боломжтой. Хүүхдээ харангаа гэрээрээ бичил бизнес эрхэлж, үйлдвэр байгуулаад амжилттай ажиллаж байгаа ээжүүд ч зөндөө бий. Памперс гэдэг зүйл гэртээ сууж байсан ээжээс л гарсан нээлт ш дээ. Тэгэхээр хүн болгонд боломж бий. Тэр боломжийг ашиглах уу, үгүй юу гэдэг нь тухайн хүний сонголтын л асуудал.

Нөгөө талдаа бүх юм нь бэлэн, хэт хялбарчилсан зүйлс биднийг хөдөлгөөнгүй сэтгэлгээний ядмаг байдал руу аваачдаг. Сэтгэлгээ ядмаг болохоор орон зай хоосон давчуу мэт санагддаг тал бий. Юу ч хийж чадахгүй хэн ч биш юм шиг мэдрэмж төрөхөөрөө хүн сэтгэл гутралд ордог. Үнэхээр сэтгэл гутралтай хүн ч байгаа.

Хэрэв сэтгэл гутралд орсон бол эмнэлэгт ханд, арга хэмжээ ав. Сэтгэл гутралтай, нойргүйдэл болсон эсвэл бөөцийлүүлэх гэсэн хүмүүс ч энэ дунд байгаа. Зарим талаараа бусдаас алдаа, өө эрдэг юу ч таалагдадгүй тогтворгүй хүмүүс ч бий. Энийг бид хэцүү үйлчлүүлэгч гэж хэлдэг. Олон дунд янз янзын үйлчлүүлэгч байдаг. Хүн болгон өөр өөрсдийн өнцгөөс хардаг учраас томоохон тайлбар өгөхөд учир дутагдалтай байдаг. Тиймээс нөхцөл байдалд нь тааруулах ёстой болохоос бүгдийг яг нэг хэвээр үнэлж болохгүй.

-Хамт амьдарч байгаа хүмүүсийн харилцаа хандлагаас сэтгэл гутралд орох эсэх нь хамаарах уу?
-Хамаарна. Гэртээ сууж байгаа эхнэртэйгээ үнэн сэтгэлээсээ харьцаад үз. Маш хэцүү ажил хийж байгаа. Эмэгтэй хүн гэхээрээ л анхнаасаа хүүхэд асраад үзсэн байдаггүй. Анх удаа хүүхэд асарч, анх удаа ээж болж байгаа. Эрэгтэй хүн ч ялгаагүй анх удаа өрх толгойлоод бүгдийг шийдээд явж байгаа. Бие биенээ ойлгоод мэдэр л дээ. Нөхөр нь тодорхой хугацаанд хүүхдээ хараад эхнэрээ ажил хийлгэж яагаад болохгүй гэж. Ажлын гүйцэтгэлээ тооцоод хэн нь илүү орлого олж байгаагаа ажлыг нь хийлгэж болно шүү дээ. Хоёулаа гүйцэтгэл сайтай бол хүүхдээ хувийн цэцэрлэгт юмуу өдөр өнжүүлэхэд өгөөд ажиллаж болно. Түүнээс биш, чи эмэгтэй хүн байж хүүхдээ харах ёстой гэсэн юм байхгүй. Гол нь мэдрэмжээрээ ойлголцох ёстой. Хувь хүний сэтгэлийн болоод, мэдрэмжийн, хүслийн асуудал болохоор яг ийм байх ёстой гэсэн хуульчилсан юм байхгүй. Гэр бүл үүсгэж байгаа хүмүүсийг цогцоор нь авч үзэх ёстой болж таардаг. Хадмууд болон эцэг эхүүд ч үүнд хамаатай.

“БАГАДАА ЭРХ БАЙСАН ХҮН АЛИВААД ШАНТРАМТГАЙ ХАЛИРАМТГАЙ БАЙДАГ”

-Сэтгэл гутралд орсноо хүмүүс ихэвчлэн мэддэггүй. Сэтгэл санааны байдлыг оношилдог тест бүхий аппликэйшнуудын онош хэр бодитой вэ?
-Өрөөсгөл л дөө. Би маргааш шалгалттай гэж бодоход надад түгшүүр илэрнэ. Яг тэр үедээ сайтаар ороод үзвэл би түгшүүртэй гарна. Тэгэхээр би түгшүүртэй хүн гэсэн үг юмуу. Тухайн үеийн сэтгэлзүйг л хянана уу, гэхээс тэр хүний тогтмол сэтгэлзүйг хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл тухай үеийн сэтгэлзүй гутралтай гарвал, байнгын гутралтай хүн байна гэж ойлгож болохгүй. Суурь хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл гээд маш олон зүйлүүдээс хамаарч байдаг учраас үзэж, үнэлж, дүгнэж байж оношилдог.

-Айлын эрх хүүхэд гэж та 2 ч удаа яриандаа дурьдлаа. Багадаа эрх байсан хүн сэтгэл гутралд өртөх магадлал өндөр үү? Ялгаатай харагддаг уу?
-Тод харагдана. Хүмүүс харахыг хүссэн зүйлээ л хардаг учраас тэрийг анзаардаггүй л дээ. Мэргэжлийн эмчийн хувьд бид олон хүнтэй харьцаад сурсан учраас мэдэгддэг. Далан нас хүрсэн ч эрх зан нь байж л байдаг. Айлын эрх хүүхэд аливаад халирамтгай, шантрамтгай байдаг. Аль эсвэл намайг тоосонгүй, надад тусалсангүй гэх зэргээр харилцааны зөрчилтэй байдаг. Гэхдээ бүгд тийм гэсэн үг биш. Тийм байх магадлал өндөр. Уг хүний сэтгэлгээ, ухамсар, аливаад сэтгэлтэй байх зэрэг чанарууд хамгийн чухал. Аливаа зүйлд сэтгэлгүй бол бүх зүйл тэр хэмнэлээр явдаг. Тэгэхээр хүнээсээ л хамаарна гэдэг нь тэр.

-Сэтгэлзүйн эмчилгээ хийлгэ үзүүл гэхээр арай ч тиймдээ тулаагүй гээд хүндээр хүлээж авдаг. Тэгсэн хэрнээ лам бөөд үзүүлээд асуудлаа шийдчихлээ гэж боддог. Угтаа бол сэтгэлзүйч сэтгэл засалчаар оношлуулж шаардлагатай бол эмчлүүлэх хэрэгтэй биз дээ?
-Би эрүүл байна гэж бодвол эрүүл л байдаг. Өвчтэй байна гэж бодвол өвдөөд байдаг. Тухайн хүний итгэл үнэмшлийн дагуу эрүүл болгож чадаж байвал, үгүйсгэх аргагүй. Үр дүн нь эерэг байвал, үзмэрч дээр очиж яагаад болохгүй гэж. Сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, сэтгэл засалч эмч, сэтгэл судлаач гээд өөр өөр үүрэг рольтой тус тусдаа статус гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Сэтгэл засалч эмч нь сэтгэцийн эмчийн чадахгүй зүйлийг чадаж байдаг. Сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүдээ мэддэг учраас үүнтэй холбоотой эмэн эмчилгээг давхар авч явна. Өвчтөнийхөө диаграмм, диагноз болон бусад зүйлсийг хянаж чаддаг. Эмэн эмчилгээ шаардлагатай бол заавал сэтгэл засалч эмчид хандах болно. Сэтгэл судлаач ч бас өөр. Хийх ёстой судалгааны ажлуудтай. Хүмүүс яагаад бухимдалтай байна. Ямар асуудлаас болоод жагсаал хийв, зэргээр нийгэмд тулгамдсан асуудлыг массын хэмжээнд авч үзэн анализ хийдэг салбар. Харин сэтгэлзүйч нар сэтгэлзүйн асуудлууд буюу тухайн үеийн сэтгэлзүйн асуудлыг өргөн хүрээнд авч үздэг. Ихэнхдээ эрүүл сэтгэцтэй харьцдаг. Эрүүл сэтгэц гэхээр сэтгэцийн тулгамдсан асуудал буюу эмэн эмчилгээ авахааргүй сэтгэцийн асуудлуудыг хэлээд байгаа юм. Сэтгэлзүйчид хүн хоорондын зөрчил хүний өөртөө итгэх итгэл гэх зэргээр олон зүйлийг шийдэж өгдөг. Тэгэхээр нэг нэгийгээ дэмжиж хоорондоо ажиллах ёстой салбарууд.

“СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ШИЙДВЭР БИТГИЙ ГАРГА”

-Нийгэмд гэр бүл салалт маш их байна. Салалтын дийлэнх шалтгаан нь араар тавилт буюу гэр бүлээс гадуурх харилцаа нөлөөлж байх шиг. Араараа тавиулсан хүн автомашины осолд орсонтой адил хэмжээний сэтгэл зүйн гэмтэл авдаг гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Араар тавилт автомашины осолд орсонтой адил гэмтэл авдаг гэдэгтэй би санал нийлэхгүй. Авто ослын дараах сэтгэлзүйн гэмтлийг тооцдог хэмждэг технологи систем монголд одоохондоо байхгүй. Тэрэнтэй адил гэмтэл авдаг гэвэл тэр хэмжээс гарсан байгаа. Сэтгэлзүйн талаас гэхээсээ илүү механик талаас нь хэмжих боломж бол байдаг. Тухайн осолд орсноор ажлын бүтээмж хэд хоногоор алдагдсан, ямар хугацаанд сэтгэл заслын эмчилгээнд орсон. Тэр хүн хөдөлмөрлөх чадамжтай байсан бол ямар хэмжээний орлоготой байх байсан зэргээр хохирлыг нь тооцдог.

Салалтын тухайд бол, хүмүүс хэн хэндээ сэтгэл хөдлөл, үзэл бодлоороо татагдаад хоорондоо нийлдэг. Хувьсаж өөрчлөгддөг зүйлийг хоорондоо таарамжтай байна гэж яаран дүгнэх нь утгагүй л дээ. Энэ байдлууд бүгдээрээ хувьсан өөрчлөгддөг.

Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр гэр бүлээ сонгоно гэдэг өрөөсгөл. Хоёрдугаарт гэр бүл болж байгаа хүмүүс хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлийг хэн нь ч ухамсарлаагүй байдаг. Гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг анхнаас нь хэн ч заадаггүй. Хүүхэд гарч ирлээ. Бүү мэд. Аль алинд нь хариуцлагын тогтолцоо байдаггүй. Хуулийн дагуу ээж дээрээ л үлдээд байх шиг байна. Түүнийгээ анх удаа л хүүхэдтэй болж байна гэж өмгөөлдөг. Хүн болгон л анх удаа гэр бүл болж, анх удаа хүүхэдтэй болдог. Шалтаг биш байхгүй юу. Гэр бүлд хүмүүжихдээ юун түрүүнд, өөрийн хариуцлагын тогтолцоог ойлгож, хийсэн зүйлийнхээ үр дүнг ухамсарлах хэрэгтэй байгаа юм.

Ямар ч шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөл өндөр оролцож болохгүй. Сэтгэл хөдлөлгүй шийдвэр нийгэмд хэр их байгааг та бүхэн бодоод үзээрэй. Айсан, түгшсэн, сэтгэл гутарсан үедээ шийдвэр гаргавал эрсдэл дагуулна уу гэхээс сайн зүйлд хүргэдэггүй. Сэтгэл хөдлөлөө хянаж сураагүйгээс нөхцөл байдал буруутах үр дагаврууд гардаг. Таны зөв, миний зөв гэж хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй хүнтэй сэтгэлээсээ харьц.

-Хэн хэндээ сэтгэлзүйн гэмтэл учруулахгүйн тулд гэр бүлүүд хэрхэн харилцах ёстой вэ. Уг нь инээмсэглэл, тэврэлт, үнсэлт, сайхан үг хэлэх гээд сэтгэл засах үйлдлүүд энгийн бөгөөд үнэгүй л байдаг шүү дээ?
-Тэврэлт, үнсэлт, санаа тавилт бол нэг талаасаа зөв. Энэ бүхнийг хиймлээр хийж болохгүй. Хиймлээр буюу дүр эсгэсэн нь мэдэгдэх л юм бол хийгээгүйгээсээ долоон дор үр дагавар авчирна. Хүнд ямарваа нэгэн үйлдэл хийх гэж байгаа бол чин сэтгэлээсээ л хий. Сэтгэлээсээ хийж байгаа үйлдэл бол үргэлж танигддаг, мэдэгддэг. Сэтгэлээсээ хэлсэн зэмлэлийн үг ч хүнд хэрэгтэй л байдаг. Хэдийгээр зэмлэж байгаа ч сэтгэл гаргавал түүнийг мэдэрдэг. Чин сэтгэлээсээ байна уу, үгүй юу гэдгийг амьтад хүртэл мэдэрдэг гэхээр хүнд зайлшгүй мэдрэгдэнэ. Даргын зэмлэл сэтгэлээсээ байдаг болохоор даргадаа хайртай хүмүүс байдаг ш дээ.

Нөгөө талдаа нийгэмд маш их үгүйлэгдэж байгаа зүйл бол амьд харилцаа. Утасны цаанаас харилцаж байгаагаа харилцаа гэж ойлгож болохгүй. Утасны цаадах харицаанд тухайн хүний үг хэл, дуу хоолой, нэмээд жаахан дүрс л орж ирдэг. Энэ дундаас сэтгэл хөдлөлийг үнэлэхэд төвөгтэй байдаг.

Энэ нь өөрөө ядмаг буюу дутмаг харилцааг үүсгэдэг. Хүн хүнээ бүрэн утгаар мэдрэх ямарч боломжгүй. Мэдээллийн шинж чанараар л мэдээд байна гэсэн үг. Мэдээллийн шинж чанараар мэдсэн хүн, нөгөө хүнийг дүгнэхдээ өөрийн төсөөллийг оруулдаг. Ингэхээр төсөөллүүд нь хоорондоо зөрчил үүсгэнэ. Гэтэл тэр хүн зөв төсөөлдөг хүн мөн үү. Амьд харилцаа гэдэг маань тухайн үед хэлж байгаа үг, биеийн хэлэмж, нүүрний хувирлаар авч үзэж болно. Бид кино үзэхдээ дуутай, дүрс өнгөтэй, 3d, 4d-гээр үзэхээр ямар мэдрэмж авдаг билээ. Гэтэл дүрснээс өөр зүйлгүй хар цагаан кино үзэхэд ямар байх вэ. Яг л үүнтэй адил.

-Гэр бүл ойр дотны хүн нас барвал хүн маш ихээр сэтгэл гутралд ордог гэх юм билээ. Гашуудлаа тайлж сэтгэлзүйн эмчилгээг заавал хийлгэх ёстой байдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Гашуудлыг тайлах хэрэгтэй. Гэхдээ гашуудал тайлахад учир бий. Гашуудахааргүй зүйл дээр зарим хүн гашууддаг. Байгалийн жамаар болдог зүйлд гашуудах нь өөрөө утгагүй асуудал. Ингэж ярихаар хүмүүс намайг харгис гэж ойлгож магадгүй. Мөнх амьтай хүн гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт бүгд л явна. Тухайн үйл явдалд бэлтгэлгүй байснаас л хүмүүст эмзэг тусаад байгаа юм. Бэлтгэлгүй байхдаа ажлаасаа халагдчих юм бол би ч бас гашуудна. Эцэг эх хайртай дотны хүмүүсээ алдах асуудал, дэлхий дээр хаа сайгүй болж байна. Тэр болгонд сэтгэл гутралд ороод байвал юу болох вэ. Хэн бэлтгэлтэй, хэн сэтгэлийн хаттай нь л үүнийг даван туулна.

Аав ээж минь өнгөрлөө гэж бодьё. Би өөрийгөө авч явах чадамжгүй, эцэг эхээсээ хэт хамааралтай амьдарч байсан бол асар их гашуудна. Учир нь түүнээс цаашхи миний амьдрал харанхуй харагдаж эхэлнэ. Хэн нэгнээс хамааралгүй бол жам ёсны асуудал гэж хүлээж авна. Харин хүүхэд насан дээрээ эцэг эхийгээ алдана гэдэг хорвоо ертөнцийг алдаж байгаатай адил хүнд тусдаг.

Бүх зүйл нь эцэг эхээр төсөөлөгддөг учраас сэтгэл зүйн хүнд гэмтэлд ордог. Харьцангуй бие даасан хүмүүс бол ондоо. Тухайн хүний нийгэмд дасан зохицох байдлаас хамаараад түүнийг хэрхэн даван туулах нь хүн болгонд өөр өөр байдаг. Хуучны хэллэгээр хал үзэж халуун чулуу долоосон хүмүүс харьцангуй цөөн байна. Нийгмийн сэтгэлзүй асуудалд ороод л байгаа бол нийгэм өөрөө бэлэнчлэх сэтгэлтэй байна гэсэн үг. Бэлэнчлэх сэтгэлгээ багатай байвал массаараа сэтгэлийн хаттай байна.

“ХУВЬ ХҮН ӨӨРТӨӨ АНХААРААД, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАВАЛ НИЙГМИЙН ӨВЧЛӨЛИЙН 30 ААС ДЭЭШ ХУВЬ ЭРҮҮЛЖИХ БОЛОМЖТОЙ”

-Сэтгэлзүйн гэмтэл авч сэтгэл гутралд орохгүй тулд яах ёстой вэ?
-Хувь хүн өөрөөсөө л эхэл. Өөрөөсөө эхлээд, асуудлаа шийдээд, ухамсарлаад эхлэвэл Монгол Улс хөгжих байх, дээшлэх байх. Өөртөө анхаардаггүй, өөрийгөө хүндэлдэггүй, хайрладаггүй, үнэлдэггүй хүн намайг үнэлсэнгүй гэж бусдад буруу өгөх ямар ч шаардлагагүй. Хүнийг хүндэлж, хүнтэй найрсаг байхын тулд эхлээд өөрийгөө хүндэлж хайрлаж, өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө цаг гарга, өөрийнхөө төлөө хичээл зүтгэл, зардал гарга. Хэн нэгэн таньд туслах албагүй. Халамж, тэтгэмжээ аваад дээшээ хараад хэвтээд л байвал, амьдаараа үхэж байгаагаас ялгаагүй. Жижигхэн ч гэсэн өөртөө хувьсал хийгээд, анхаарал тавиад явбал нийгэм эрүүл байх боломжтой. Ингэснээр нийгмийн өвчлөлийн 30-аас дээш хувь эрүүлжих боломжтой. Үнэхээр өвдсөн бол эмч нар туслахад бэлэн. Болж бүтэхгүй зүйлийг хараад л байвал болж бүтэхгүй зүйл хаа сайгүй байгаа. Болж бүтэж байгааг харья гэвэл болж бүтэж байгаа зүйлс ч бас байгаа. Харин ч бид хамгийн эрх чөлөөтэй, өөрсдийн дураар байж болох чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү.

-Халамж нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Халамж хүмүүсийг зүгээр суух, идэвхигүй амьдрахад нөлөөлдөг шүү. Ам руу нь хоол халбагадаж өгөөд л байвал халбагадуулаад л байхыг хэн ч хүснэ. Тэр байтугай тогтмол цалин ч нөлөөлдөг. Тогтмол цалин бол хамгийн том донтуулагч шүү дээ. Хийсэн ч бай хийгээгүй ч бай тогтмол цалингаа аваад л сууж байхыг хүсдэг. Шинийг сэтгэхийг ерөөсөө хүсдэггүй. Сэтгэхгүй байсан ч цалингаа авах юм чинь. Ер нь бол хүнийг хамгийн их уруудуулагч, донтуулагч зүйл бол тогтмол цалин байдаг. Угтаа бол өөрийнхөө чадлаар, хэр хэмжээгээрээ ахиж дэвших зохицуулалт нь хамгийн зөв юм.

Ярилцсанд баярлалаа.

Украины сүүлийн дайралтад амиа алдсан Орос цэргийн тоо 89 болжээ
Украины сүүлийн дайралтад амиа алдсан Орос цэргийн тоо 89 болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.