/2022.12.20/: Тууль нь нүүдэлчин ард түмний соёлын биет бус өвийн баялаг сан хөмрөгийн дотор хүндтэй байр суурийг эзэлдэг.
Тийм ч учраас ЮНЕСКО туулийн үнэ цэнэтэй байдал болон байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ач холбогдлыг өндрөөр үнэлэн “Монгол Тууль”-ийг 2009 онд Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ.
Монгол болон хөрш зэргэлдээх улс орны эрдэмтэн судлаачид болон туулийг сонирхон судалдаг олон улсын эрдэмтэн судлаачдын санаачилга, хүчин чармайлтаар “Төв Азийн тууль симпозиум”-ыг 1997, 2013 онд 2 удаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. “Төв Азийн Тууль” I, II симпозиум, их наадамд Монгол Улсаас гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казахстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, туульчид оролцож байсан юм.
Өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачид маань туулийн өвийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил гүйцэтгэсэн нь туулийн өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс соёлын биет бус өвийг хамгаалах хүрээнд туулийн олон талт баялаг байдлыг бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг.
Монгол Улсын төр болон эрдэмтэн судлаачдын зүгээс туулийн өвийг хамгаалах чиглэлээр багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч оршин тогтнох чадварыг дордуулж байгаа асуудал цөөнгүй байна. Ялангуяа туулийн өвийг өвлөн уламжлагчдын тоо өдөр ирэх тусам цөөрч, туулийн орон зай алсрах зэрэг санаа зовоож буй цөөнгүй асуудал байна. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх тул Соёлын яамнаас туулийн баялаг байдлыг түгээн дэлгэрүүлэх болон оршин тогтнох чадварын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр туульчид, эрдэмтэн судлаачидтай хамтран энэхүү симпозиумыг зохион байгуулж байна.
Цаашид “Монгол Тууль” өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, өвлөн уламжлагчид, судлаачид болон оролцогч талуудтай бүхий л чиглэлээр хамтран ажиллах юм.
Эх сурвалж: Соёлын яам