Ийм гарчиг өгсөндөө уучлал хүсэж байна. Муухай санагдаж, зэвүү чинь хүрсэн бол хэдхэн минут үүнийг уншаарай гэж хүсье.
Монголчууд бид өдөр тутамдаа ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэлийнхээ 80 хувьд газрын гүний ус ашигладаг. Бага гүний буюу хүн хэрэглэхэд тохиромжтой цэнгэг усыг бид 100 метр доторх гүнээс авч хэрэглэдэг бөгөөд бага гүний ус хур тунадсаар тэжээгдэж байдаг. Өөрөөр хэлбэл хур тунадас газарт шингэж бидний хэрэглэж буй гүний усыг тэжээдэг байх нь ээ. Тэгэхээр хөрс бохирдолтой эсэхээс, газар шороондоо бид юу булж, юу асгаж цутгаж байгаагаас бидний хэрэглэдэг гүний усны цэвэр эсэх тодорхойлогдох магадлалтай байх нь. Тэгээд л нийтлэлээ ийм сүржин даржин гарчигласан хэрэг шүү дээ.
Гүний усыг бохирдуулж болзошгүй бидний хамгийн сайн мэдэж байгаа хамгийн түгээмэл асуудал бол нүхэн жорлон.
ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш Б.Наранчимэг одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байршилтай гүний худгуудад судалгаа хийж л дээ. Тэгэхэд гүний худгийн усанд агуулагдах нитратын агуулга ДЭМБ-аас зөвлөсөн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 50 мг/л-ээс хэд дахин их байв.
Хамгийн багадаа 64 мг/л, хамгийн ихдээ 304 мг/л хэмжээтэй байжээ. Б.Наранчимэг багшийн хэлснээр нитрат ийм их хэмжээтэй гарч буй нь нүхэн жорлонтой л холбоотой гэнэ. Нитрат хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодис бөгөөд нитратын зуу гаруй төрөл бүгд хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ.
Ус бол угаас урсгал шинжтэй тул гэр хорооллын орчмын гүний ус тусдаа Туул голынх тусдаа, гүүрнээс урагшаа тусдаа ус байх ямар ч боломжгүй. Газар доорх усны урсгалын чиглэлээс хамаараад Туул гол болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүд нитратаар бохирдох эрсдэл бий гэсэн үг. Зөвхөн
Улаанбаатар гэлтгүй бүх л аймаг, сумдад гэр хороолол бий, гэр хороололд нүхэн жорлон бий. Бас хөрснөөс тусгаарлах юмгүй нэлийтэл асгаж, газар ухаж үүсгэсэн аварга том хогийн цэгүүд бий.
Мөн түүнчлэн, бензин, газрын тос, бохир ус цэвэршүүлэх байгууламж, бохирын шугамын эвдрэл, шатахуун түгээх станц, хөдөө аж ахуйн бордоог хэтрүүлэн ашиглах зэрэг гүний усыг бохирдуулдаг олон асуудал бий. Үйлдвэрлэл ихтэй бүс нутаг, хими цэвэрлэгээний газрууд, мотор цэвэрлэгээ, машин угаалгын газрууд, шатахуун түгээгүүрийн газраас газар доорх усанд органик бохирдол үүсэх эрсдэлтэй байдаг аж. АНУ-д хийгдсэн судалгаагаар, хөрсөөр дамжин газар доорх усыг бохирдуулагч 130 гаруй төрлийн бодисын 90 орчим хувь нь органик бохирдуулагч байдаг гэнэ. Органик бохирдол нь хорт хавдар үүсгэдэг тухай олон судалгаа бий. Монгол Улсад яг одоогийн байдлаар энэ талын судалгаа, газрын гүн дэх органик бохирдол хэр зэрэг байгааг тогтоосон зүйл үгүй юм.
За, тэгэхээр одоо бид яах ёстой вэ. Иргэн өөрөө хүсвэл хийж чадах хамгийн хялбар арга бол жорлонгоо өөрчлөх. Хүсвэл 20 мянган төгрөгөөр ч жорлонгоо өөрчилж болох тухай ШУТИС-ийн профессор Д.Басандорж хэлж байна билээ. Та үнэхээр хүсэж чадвал маш олон гарц, гаргалгаа шийдлүүд таныг хүлээж байгаа. Та
нэг хайгаад үзээрэй.
Харин дараагийн илүү чухал алхам бол яг энэ асуудлыг олуулаа хэлэлцэж, олуулаа ярьж, олуулаа хянадаг болох юм. Бидний уух усанд ямар стандарт байна вэ гэж холбогдох хүнээс нь асуудаг болъё, хог хаягдлын менежмент зөв зохистой байна уу лавлаж суръя, бохирдол үүсгэж болзошгүй дээр дурдсан газруудын
дүрэм журам стандартыг хамтдаа хянадаг байя, тэр тухай төрөөс шахаж шаарддаг байя.
Монгол Улс газрын гүний усаа газар нутгийнхаа дөнгөж 15 хувьд нь л судалж, нөөцийг нь тогтоосон юм гэнэ лээ. Газрын гүний усаа судалдаг, газрын гүний усаа хайрладаг, газрын гүний усаа бохирдуулдаггүй тийм ирээдүйг бид өнөөдрөөс эхлээд хамтдаа бүтээе. Өөрчлөлт оролцооноос эхлэх учиртай.
Э.Отгонтуяа