/2022.12.28/ Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаа 2022 оны арванхоёрдугаар сараар дуусгавар болно.
Сошиал орчинд ипотекийн зээлийг хойшлуулах эсэх асуудлаар хоёр тал болон маргаж байна. Талархууштай нь, иргэдийн дийлэнх нь "Зээлээ төлөх нь зөв" гэсэн байр суурьтай байгаа ажиглагдана.
Харин МАН-ын бүлэг өөр байр суурьтай байгаа бөгөөд тэд "Зээлийг чинь төлүүлэхгүй, хойшлуулмаар байна" хэмээн зүтгэж буй юм.
Эдийн засагчид ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах нь эрсдэл өндөртэй гэдгийг сануулсаар байна. Эдийн засагч Л.Оюун Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Зээлийн төлөлтийг хойшлуулах нь буруу. Энэ зээлийн төлөлтийн эх үүсвэрээр бусад зээлийг санхүүжүүлдэг" гэжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч асан, эдийн засагч Н.Золжаргал "Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцийг өсгөж, ажлын байр, хөрөнгө оруулалтыг бууруулах эрсдэлтэй" хэмээн жиргэжээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Иргэд зээлийн төлөлтөө хойшлуулах тусам тэдэнд очих эрсдэл нь нэмэгдэнэ. Энэ асуудлыг хөндвөл “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжих хугацааг сунгах асуудал давхар яригдана. Тиймээс асуудлыг нухацтай ярилцана" хэмээж байгаа юм.
МАН-ын бүлэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долоодугаар сар хүртэл хойшлуулах гээд байгаа нь УИХ-ын сонгуулийн хугацааг наашлуулах болов уу гэсэн таамаглалыг батлах нэг сэжүүр болж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар, УИХ-ын хугацааг наашлуулж, УИХ-ын гишүүдийн тоо бусад намын оролцоог нэмэх магадлалтай хэмээх хардалт төрж байна.