/2022.11.07/: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан хүн амь, дээрэм, хулгай, хар тамхины наймаа болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял эдэлж байсан иргэдийг цэргийн жинхэнэ албанд татан оролцуулах тухай хуульд гарын үсэг зурлаа.
Ингэснээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан болон шоронгоос саяхан суллагдсан олон зуун мянган хүнийг дайчлах боломжтой болж байна.
Цаашид насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвасан, тагнуул, терроризм үйлдсэн хүмүүс л цэрэг татлагад хамрагдаж боломжгүй болж байгаа юм. Мөн төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдсан, нисэх онгоц барьцаалсан, хэт даврагч үйл ажиллагаа явуулсан, цөмийн материал, цацраг идэвхт бодистой хууль бусаар харьцсан хэргээр ял эдэлж буй хүмүүсийг хасч байгаа аж.
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Батлан хамгаалах яам 300,000 албан хаагч элсүүлэх төслийн зорилт биелсэн гэж албаныхан мэдэгдсэний дараа бүх хэсэгчилсэн дайчилгааг түр зогсоосон гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч албан ёсны зарлигт гарын үсэг зурж байж хэсэгчилсэн дайчлах тушаал цуцлагдах аж. Тэр болтол тэрээр цаашид хэдэн ч хүнийг цэргийн албанд татах эрхтэй гэжээ.
Эх сурвалж: CNN