/2022.10.20/: Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос чанаргүй сургалт явуулдаг гэх мэдээллүдэд тайлбар хийлээ.
Тус холбоо нь Монгол Улсад мэргэжлийн жолооч бэлтгэх 321, мэргэшсэн жолооч бэлтгэх 53 ААН байгууллагуудын гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага юм. Улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлөө тогтмол ажиллуулж явж байгаа байгууллага юм.
Монголын нэгдсэн Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх "Ойрын өдрүүдэд олон нийтийн тээврийн хэрэгслүүдээр жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой өрөөсгөл, олон нийтэд буруу ойлголт өгөхөөр мэдээллүүд гарсан. Зам тээврийн осолд холбогдож байгаа жолооч бүр мэдлэг чадвар муутай, жолооч бэлтгэх сургалт чанаргүй муу явагдаж байна гэсэн ерөнхий буруу ойлголт явж байна.
Манай улсад жолооч бэлтгэх сургалтын тогтолцоо нь сургалт болон шалгалт авах үйл ажиллагаа бүхэлдээ төрийн хяналтад явагддаг. Үүнээс харахад мэдлэг ур чадваргүй жолооч эрхийн үнэмлэх авах боломжгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолоочийн эрхийн шалгалт авах, үнэмлэх олголт хуулиараа цагдаагийн байгууллага хариуцдаг. Харин сургалтын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагаа нь 2015 оны Замын хөдөлгөөнй аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарагддаг болсон.
Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд тодорхой хөтөлбөрт цаг, сургалтад хамрагдаж, урьдчилсан болон улсын шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд жолооны эрхийн үнэмлэх авдаг. Жолооны эрхийн үнэмлэх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оролцох мэдлэг ур чадварын үндсэн баталгаа болдог. Жолооч хүний дүрмийн мэдлэг ур чадварын асуудал бол цаг үргэлж үүнийгээ сайжруулж байх үргэлжилсэн үйл ажиллагаа байдаг. Энэ нь хувь хүнээс хамаардаг.
Жишээ нь, та жолооч болчихоод дүрмээ эргээд судлахгүй бол гурван сарын дараа ахин шалгалт өгвөл тэнцхээргүй хэмжээнд очдог. Эсвэл жолооч болчихоод тээврийн хэрэгсэл барихгүй удвал машин барих ур чадвар нь байхгүй болж байдаг.
Зам тээврийн осол бол маш олон шалтгаантай байдаг. Нийтлэг шалтгаан нь явган зорчигчийн буруутай үйлдэл байдаг. Мөн техникийн замын нөхцөл байдал, байгаль цаг агаарын байдал зэрэг хөндлөнгийн олон хүчин зүйлс зам тээврийн ослын шалтгаан болж байдаг.
Манай улсын хувьд зам тээврийн ослын шалтгааны гол нөхцөл нь жолооч болон явган зорчигчийн буруутай үйлдэл гэсэн судалгаа байдаг. Тэгвэл зам тээврийн осол гарах үед мэдлэг ур чадвар гэхээс илүү биеэ авч явах байдал, анхаарал болгоомжлол, сахилга хүмүүжил, хувь хүний хандлагатай холбоотой. Иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо өөртөө шаардлагатай үед дүрмийн дагуу, харин хяналтгүй зохицуулагчгүй, камер байхгүй үед өөрийн дураар дүрэмгүй зорчих түгээмэл хандлага ажиглагддаг.
Зарим тохиолдолд жолоодож буй тээврийн хэрэгслийнхээ онцлог, мөн өөрийн хүсэл зорилгыг хэт урдаа барьж хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, дүрмийн заалтыг зөрчиж байгаагаа мэдсээр байж дураараа замын хөдөлгөөнд оролцож, гэнэтийн зам тээврийн осолд өртдөг. Мөн жолоо барьж явах үедээ аюулгүй байдлын эсрэг маш олон зүйлсийг хийдэг. Жишээ нь, жолоо барьж байх үедээ тамхи татах, утсаар оролдох, сэтгэл хөдлөл ихтэй, хэт уурласан, баярласан, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдлууд гардаг.
Манай улсад иргэд жолооч болох шаардлагатай болсон үедээ л дүрмийг судалж эхэлдэг. Жолооч болоогүй хүн зохицуулагчийн дохио мэддэггүй. Гэтэл зам дээр зохицуулагч түгжрэлийг арилгах гээд зохицуулаадбайдаг. Гэтэл явган зорчигчид зохицуулагчийн дохио мэдэхгүй учир ногоон гэрлээрээ л яваад байдаг. Зохицуулагч байгаа тохиолдолд гэрлэн дохио хамаагүй. Хамаарахгүй. Зохицуулагчийн дохиог дагана гэдгийг хэн ч мэддэггүй.