/2022.10.06/: Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар мэргэжлийн судлаач, шинжээч, төслийн нэгжийнхэн тайлбар өглөө.
Энэ төсөл дөрвөн суманд хэрэгжинэ. Бид иргэдэд мэдээлэл өгч байгаа ч зарим хүн биднийг огт сонсдоггүй, бусдыгаа турхирдаг, биднийг эсэргүүцдэг. Бид хэнийг ч нутгаас нь хөөгөөгүй, хэнийг ч живүүлэх гээгүй. Малчдыг нутаг уснаас нь салгаагүй. Голын голдирол дагуу, хууль зөрчин буусан айлууд бий.
Увс аймгийн Улиастай багийн төвд цөөн барилга бий. Гэтэл багийн төвийг живүүлэх гэж байна хэмээн олон нийтэд буруу мэдээлэл өгч эхэлсэн. Багийг нүүлгэн, шинэ суурьшлын бүс бий болгоно. Багийн төвийг шинээр төлөвлөн, зураг төсөл хийж байна. Бүтээн байгуулалт нь ирэх онд эхэлнэ. Ойрын 5-10 жилд улсын төсвөөс энэ төслийг санхүүжүүлнэ.
Нүүлгэн шилжүүлэх ажлыг Газрын тухай, Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн дагуу хийнэ. Иргэн бүрд нэг удаа нөхөн олговор олгоно. Үл хөдлөх хөрөнгүүдийг нь үнэлж, иргэдтэй гэрээ байгуулах ажил эхэлсэн.
Санхүүжүүлэгч болох БНХАУ-ын Экзим банктай хэд хэдэн удаа уулзсан. Түүх археологийн олдворуудыг энэ онд нүүлгэн шилжүүлнэ хэмээн ЭБУЦС төслийн зохицуулагч Ч.Гантулга хэллээ.
Зөвлөх инженэр н.Сосорбарам "Бид гурван жилийн турш ажиллаж, байгалийн бүрэлдэхүүн болох ус, агаарыг судалсан. БОАЖЯ-наас зарласан тендерт 14 компани оролцон, хоёр компанийн нэгдэл шалгарч, энэ ажлыг гүйцэтгэсэн юм. 9000 га газар энэ төслийн нөлөөгөөр усан дор орно. Үүнийг ус бүхий газар гэж нэрлэдэг. Улсын тусгай хэрэгцээнд нийт 28 мянган га газар авсны дотор энэ 9000 га газар багтсан. Ховд гол, мод, модлог ургамал, ургамлан бүрхэвчид ямар нөлөө үзүүлэхийг эрдэмтэд судалсан. Манай улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд гурван жил ажиллан, дүгнэлт гаргав. Би өөрөө 600 орчим судалгааны ажил хийсэн туршлагатай. Ховд голд зургаан төрлийн загас бий. Хадран загас илүү тархжээ. Биологичид хадран загас Шижигтийн хавцлаас дээш түрсээ хаяж чадахгүй гэсэн.
Нийт 61 нэр төрлийн ургамал бий. Үүний хоёр нь ховор ургамал. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьснаар ургамалд нөлөөлөхгүй.
Цахилгаан станцыг Мянгат суманд 37 га газар барина. Улиастай багийн 100 орчим айлын газар усан дор орно.
Төслийн эерэг нөлөө маш их. Баруун аймгуудын эрчим хүч импортын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Цахилгааны шон унах гэх мэт гэнэтийн осол болоход Дөргөний УЦС аминд ордог.
Байгаль орчны үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, нутгийн иргэдийн саналыг авах талаар тусгасан. Үүний улмаас олон төсөл саатаж байна" гэсэн юм.