С.Чинзориг: “Монголбанк“ “Найман шарга“ дээрх валютын ханш 150 төгрөгийн зөрүүтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: “Монголбанк“ “Найман шарга“ дээрх валютын ханш 150 төгрөгийн зөрүүтэй байна

/2022.10.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-2022 онд баталсан Мөнгөний бодлогын баримт бичиг маш хангалтгүй байна. Иргэдийн амьжиргаа, ажил эрхлэлт, орлого маш их хүндэрчихлээ. Энэ оны эхэнд валютын ханш 2850 төгрөг байсан бол одоо 3300 төгрөг болсон байна. 20 гаруй хувиар өсчихлөө. Монголбанкнаас ханшийг тогтворжуулна гэж гадаад валютын 40 гаруй хувийг долларын интервенц хийхэд зарцуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл яагаад ханш тогтворжихгүй байна вэ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ.

Хоёрдугаарт, Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Албан болон албан бус гэсэн хоёр ханш байна. Монголбанкнаас зарласан ханшаас Найман шарга дээрх валютын ханш 150 орчим төгрөгийн зөрүүтэй байна. Үүнийг яаж арилгах вэ. Цаашид хоёр өөр ханштай яваад байх юм уу.

Гуравдугаарт УИХ-аас нефт, мах, гурилын үнийг тогтворжуулна гэж хууль баталсан. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна вэ. Засгийн газар ямар ажлууд хийж байна. Гурилын үнэ нэмэгдчихээд байна. Баталсан хууль чинь үр дүнд хүрэхгүй байгаа юм уу.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Ханшийг тогтворжуулна гэж Монголбанкнаас интервенц хийдэггүй. Монголбанк 7 хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг.

Импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн байна. Өссөн шалтгаан нь импортоор авах бараа бүтээгдэхүүний тоо өсөөгүй, харин үнэ өссөнтэй холбоотой. Цар тахлын нөхцөл байдал, тээвэрлэлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдлын улмаас бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэж улмаар үнэ өссөн. Эдгээр нь шатахууны үнэ өссөнтэй холбоотой. Үүний улмаас импортын барааны төлбөр тооцооны үнэ нэмэгдсэн. Тиймээс тодорхой хэмжээнд нөөцөөсөө валют гаргаад явж байгаа. Валютын нөөцөд нэлээд анхаарал хандуулах шаардлагатай болсон. Бидний хувьд бүх хэрэгцээтэй валютыг нийлүүлж чадахгүй байгаа. 100 хувь харилцагчийн хүсэлтийг биелүүлэх валютыг банкуудад гаргаж өгч чадахгүй байгаа.

Тиймээс өнгөрсөн хугацаанд ханш нэлээд өсөлттэй байсан. Банканд хийгдэж байгаа төлбөр тооцоо бэлэн бусаар хийгддэг. Харин ББСБ-ын хувьд бэлнээр арилжаа явагддаг. Тиймээс бэлэн болон бэлэн бус арилжааны хооронд тодорхой хэмжээний зөрүү үүсдэг. Ерөнхийдөө гадаад төлбөрийн тэнцэлтэй байгаа энэ төвөгтэй цаг үед ханшийн зөрүү ажиглагддаг. Гэхдээ бүх зүйл хэвийн болоод ирэхээр ханшийн зөрүү өөрөө арилчихдаг.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хууль батлаад үнэ тогтворжихгүй. Дэлхий даяар үнэ өсөж байна. Улс орнууд ямар ч хамаагүй аргаар инфляцаа бууруулах бодлого барьж ажиллаж байна. Ямар ч үнэ цэнээр хамаагүй эдийн засгаа тогтворжуулах бодлого барьж байгаа. Ний нуугүй хэлэхэд хууль батлаад үнэ тогтворжино гэдэг асуудал амьдрал дээр хэзээ ч байх боломжгүй. Үүнийг бид мэдэж байх ёстой гэдгийг хэлье.

УИХ-аас нефт, мах, гурилын үнийг тогтворжуулна гэж хууль баталсан. Энэ жил өвөл нэлээд хүнд болох учир хүмүүс малаа их хэмжээгээр нядална. Тэгэхээр хууль байсан байгаагүй махны үнэ бууна гэж хууль баталж байх үед ярьж байсан. Гурилын үнийн тухайд мөн адил Монголбанкнаас зээл олгосон ч үр дүн гарахгүй гэдгийг хэлсэн. Харин ирэх жил үр дүн нь гарна гэж ярьж байсан гэдгийг хэлмээр байна гэв.

Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 86.7 хувьтай явж байна
Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 86.7 хувьтай явж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.