Хэдэн жилийн өмнө Хятад АНУ-ын хооронд худалдааны дайн ид өрнөж байсан бол энэ удаад технологийн дайн болон өөрчлөгдөөд байна.
Хятад улс технологийн дэвшил, ололтуудаараа дэлхийд тэргүүлэх амбицтай байгаа ч АНУ-ын тавьсан төрөл бүрийн хориг тэднийг ахиж дэвших замд томоохон саад болох бололтой.
Тус улсын тэргүүн Ши Жиньпин энэ сард тохиох намын 20 дугаар их хурлаар албан тушаалдаа гурав дахь удаагаа үргэлжлэн томилогдох нь бараг тодорхой болоод байгаа энэ цаг үед дотоод гадаадын олон чухал асуудлууд шийдэл нэхсэн хэвээр байгаа юм. Эдгээрийн нэг нь технологийн хувьд хараат бус их гүрэн болж хөгжихөд нь хамгийн их тотгор учруулж байгаа АНУ-Хятадын технологийн дайн билээ.
Ши Жиньпиний хувьд засгийн эрхэнд гарснаасаа хойш Хятад улс хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, блокчэйн зэрэг өндөр ач холбогдолтой технологийн салбарыг дотооддоо хөгжүүлэхэд анхаарч ирсэн ба сүүлийн үед ухаалаг төхөөрөмжийн чип дотооддоо үйлдвэрлэх, технологи, түүхий эдийн хувьд гаднаас хараат байдлыг зогсоохыг ихэд чухалчилж байгаа.
Өнгөрсөн сарын эхээр хийсэн Хөгжил Шинэчлэлийн төв хорооны хурал дээр Хятад улс инновацийг эрчимтэй дэмжих, хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр “Ирээдүйн хөгжилд өндөр ач холбогдол үзүүлэх, анхдагчийн давуу талаа ашиглаж болохуйц технологийн судалгаа хөгжүүлэлтэд онцгойлон анхаарах нь чухал” гэжээ.
Шинэ тутам хөгжиж буй технологийн салбарт анхдагч байх нь тийм ч амар даваа биш. Тэр тусмаа улсынх нь эдийн засгийн өсөлт удааширсан, мөн АНУ технологийн салбарт хориг тавиад байгаа нь Хятадын хувьд томоохон сорилт болох төлөвтэй байна.
Судалгааны түвшинд буюу цаасан дээр Хятадын технологийн хөгжил эрчимтэй урагшилж байгаа бөгөөд жишээ дурдвал, Baidu компани хэрэглэгчид гар утсаараа дамжуулан хандах боломжтой квантын компьютер бүтээсэн, усны давалгаа ашиглан эрчим хүч гаргах дэлхийн хамгийн том станцыг барьж байгаа, 2028 он гэхэд цөмийн нэгдэх урвалыг эзэмших боломжтой болсон зэрэг томоохон ололтууд байгаа. Мөн тус улс иргэний агаарын тээвэрт зориулсан хайперсоник технологи хөгжүүлж байгаа мэдээлэл ч бий.
Гэвч эдгээр технологийн дэвшилүүд амьдралд хэрэгжиж, эдийн засгийн өгөөжөө өгч буй байдал нь тун хангалтгүй байна. Ялангуяа хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт олигтой амжилт гаргаж чадахгүй байгаа юм.
Хятадын төрийн өмчит хувьцаат компани болох Semiconductor Manufacturing International Corporation (SMIC) энэ оны долоодугаар сард 7 нанометрийн чип үйлдвэрлэх боломжтой болсноо мэдэгдсэн нь томоохон үйл явдал байсан боловч АНУ-ын хоригт орсноор энэхүү нарийн бүтэцтэй чипийг үйлдвэрлэх түүхий эдээ худалдан авах боломжгүй болжээ. Тиймээс бүтээгдсэн чипээ олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй болж, хуучин технологидоо найдахаас өөр аргагүй болов.
Бээжингийн зүгээс чип, хагас дамжуулагчийн технологийн хөгжүүлэлт удаан явагдаж байгаад тун адгуу, сэтгэл хангалуун бус байгаа ба тус улсын чип үйлдвэрлэлийн салбарыг санхүүжүүлдэг хамгийн том сан болох Хятадын Хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтын сангийн өндөр албан тушаалын 6 хүнийг авилгын хэргээр шалгаж эхэлснээ наймдугаар сард зарласан юм.
Сүүлийн саруудад болж өрнөсөн үйл явдлуудаас үзэхэд Хятад улс гадны технологиос хараат байдалтай нэг хэсэгтээ л явж магадгүй болоод байгаа бөгөөд АНУ Чипний санхүүжилтийн тухай хууль баталж, дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх 53 тэрбум ам.долларын санхүүжилт баталснаар энэ салбарын үйлдвэрлэгчид Хятадыг бус АНУ-ыг сонгох таагүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгджээ. АНУ-ын баталсан дээрх хуулиас Хятадад хамгийн эмзэг тусах заалт нь “АНУ-ын Засгийн газраас чип үйлдвэрлэх, зохион бүтээхээр санхүүжилт авсан компани Хятадад 10 жилийн дотор ямар нэгэн үйлдвэрлэл явуулахгүй” гэсэн заалт юм.
Чип үйлдвэрлэлийн салбарт өрнөж буй энэ тулааны цохилтод өөр бусад стратегийн чухал салбарууд ч өртөж байгаагийн нэг нь хиймэл оюун ухааны хөгжүүлэлт. Тодруулбал, энэ салбарын хөгжүүлэгчид Nvidia компанийн график картын өндөр хүчин чадлыг ашиглан, хиймэл оюун ухаан, машин сургалтаа үр дүнтэй явуулж байгаа билээ. Тэгвэл АНУ Nvidia компанийг өндөр хүчин чадалтай A100 болон H100 чипүүдээ Хятадад борлуулахыг хориглосноор Хятадын хиймэл оюун ухааны салбарт томоохон ухралт авчирах нь тодорхой болов. Учир нь дээр дурдсан чипнүүдийг орлуулах өндөр багтаамжтай чип Хятадад одоогоор үйлдвэрлэгдэж эхлээгүй байгаа. Мөн 1997 оноос эхлэн гадагшаа чип экспортолж эхэлсэн БНХАУ-ын экспорт энэ оны 8-р сард анх удаагаа огцом буурсан үзүүлэлттэй байна.
Хэдий АНУ болон барууны орнуудын зүгээс хоригтой тулгарч байгаа ч технологийн компаниуд зах зээлээ бодоод Хятадад өөрсдийн чипийг зарах сонирхолтой хэвээрээ байгаа ажээ. Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг АНУ-ын хоригийг давах ямар нэг шийдэл олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол өндөр нарийвчлалтай чип бүтээх EUV литограф машин үйлдвэрлэлээр дэлхийд ноёлогч Нидерландын ASML компани мөн Хятадын SMIC-т тоног төхөөрөмж нийлүүлэхгүй байх хоригт орсон хэдий ч Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
БНХАУ-ын нийт худалдааны эргэлт тогтвортой харагдаж байгаа ч АНУ-тай зөрчилдөх олон асуудал үүсээд байгаа нь технологийн худалдааны салбарт таагүй нөлөөлж байгаа. Ши Жиньпин удирдагч хэдийгээр Хятад улс дэлхий нийтийн худалдаанд хариуцлагатай тоглогч хэвээр байж, олон улсын нийлүүлэлтийн хэлхээний баталгаатай байдлыг хангаж чадна гэж мэдэгдсэн ч Apple болон тэдний бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч Foxconn зэрэг компаниуд геополитикийн эрсдэлээс сэргийлж, аль болох нийлүүлэлтийн хэлхээгээ Хятадаас холдуулж эхэлсэн билээ.
Гэсэн хэдий ч Хятад улс технологи ашиглан, тэргүүлэл олж авах боломжтой салбарууд байгаагийн нэг нь блокчэйн юм. Тухайлбал, блокчэйн сүлжээ ашиглан юанийг олон улсын нөөцийн тэргүүлэх валют болоход дэмжлэг үзүүлэх замаар АНУ-ын долларын давамгайллыг бууруулах боломжтой нь харагдаж байна. Тэд mBridge нэртэй, блокчэйнд суурилсан олон улсын валютын гүйлгээний платформд Хятад, Хонг Конг, Тайланд, АНЭУлсуудыг холбож, 40 хоногийн хугацаанд туршилтын журмаар ашиглахад нийт улс хоорондын 160 гүйлгээгээр 150 сая юань буюу 21 сая ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэжээ.
Бээжин хэдийгээр юанийг олон улсын нөөцийн валют болгох хүсэл эрмэлзэл ихтэй байдаг ч тус улсын баримталдаг мөнгөний хатуу бодлогоос болоод юань олон улсад төдийлөн их хэрэглэгдэж чаддаггүй бол харин блокчэйн технологи, цахим юань ашигласнаар дээрх зорилгоо биелүүлэх боломж харагдаж байна.
Хятадын орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн харъяа Дэлхийн улс төр судлалын хүрээлэнгийн захирал Ли Яан өнгөрсөн сард нийтлэл бичихдээ ОХУ-ын банкуудыг дэлхийн нийтийн санхүүгийн гүйлгээний SWIFT сүлжээнээс хасч, тусгаарласан явдал нь Хятад улсын хувьд тохиож болзошгүй олон улсын санхүүгийн системийн эрсдэл юм гэжээ. Мөн тэрээр Орос Украины дайнд үзүүлж буй Элон Маск тэргүүтэй технологийн томчуудын үйлдлийг Хятад улс анхааралтай ажиглах шаардлагатай гэж цохон тэмдэглэсэн байна.
Удахгүй болох намын их хурал өндөр технологийн салбар дахь энэ олон асуудалд ямар нэгэн шийдэл санал болгохгүй нь тодорхой байгаа боловч Хятадын төрийн бодлогыг зангидах хүн нь тогтвортой хэвээрээ үлдэнэ гэдэг нь харин тодорхой болоод байгаа юм.
Эх сурвалж: scmp