Ц.Базаррагчаа: Сүрьеэтэй хүмүүс өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарладаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Базаррагчаа: Сүрьеэтэй хүмүүс өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарладаг

"Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлох, ялгаварлан гадуурхлын үнэлгээ"-г ХЭҮК, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтран хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын сүрьеэгийн нөхцөл байдлын талаар Монголын Сүрьеэтэй тэмцэх холбооны эрүүл мэндийн судалгааны удирдагч, Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа.

-Монгол Улсад сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ. Эрчилгээг хурдасгах боломжтой гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орнуудын нэгд тооцогддог. Олон улс дундаа Номхон далайн баруун эргийн бүсэд эхний долоод сүрьеэгийн дарамт өндөртэй орны тоонд орж байна. Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд олон эмэнд дасалтай сүрьеэг бууруулах баттай нотолгоог эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнгээр гарсан. 24 сарын эмчилгээг 9 сар болгосон судалгаа гарсан. ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулсан.

Зөвхөн эмчилгээний 9 сарын хугацаанаас гадна тарилгыг халж бүх эмчилгээг эм ууж хэрэглэх эмчилгээний горим практикт нэвтрээд байна.

-Манай Улсын хэдий хугацаанд эмчилдэг байсан бэ. Уух эмийн төрөл нь хэр байдаг вэ?

-2011 оноос олон эмэнд дасалтай сүрьеэг дэлхий дахинд болон манай оронд ДЭМБ-н зөвлөснөөр хоёр жилийн хугацаанд эмчилж байсан. Олон улсын олон төвт судалгаа хэрэгжсэнээр эмчилгээний хугацаа есөн сар боллоо. Хоёр дахь шатанд нь найман сараар завсарлагаат горимоор өдөр болгон тарьдаг байсан хугацаа дөрвөн сар болсон. Одоо бол шинэ эм гарснаар бүх эмчилгээг уухаар хэрэглэх боломжтой болоод байна.

-Хэчнээн хүн сүрьеэгээр өвчилсөн байдаг вэ?

-Монгол Улсад жилд дунджаар сүрьеэгийн 4,000 орчим тохиолдол илэрдэг. Энэ дундаа хүүхдийн сүрьеэ нь нэлээд тулгамдаж буй асуудал болж байна. Монгол Улсад хүүхдийн сүрьеэ нь дэлхийн дунджаас их буюу нийт сүрьеэгийн өвчлөлд 12 хувийг эзэлж байна. Ихэнх тохиолдолд 5-аас доош насны хүүхдүүдийг сүрьеэгийн өрхийн хавьтал болсон гэж үздэг. Гэхдээ хүүхдүүдийн онцлог нь сүрьеэг цааш дамжуулдаггүй. Мөн эмийн эмчилгээгээр хурдан хугацаанд эдгэрэх боломжтой байдаг.

Ялангуяа, өвлийн улиралд амьсгалын замын өвчний тархалт нэмэгддэг болохоор ханиалгахыг тэр бүр тоодоггүй. Гэтэл 14 хоног ба түүнээс дээш хугацаанд ханиалгавал сүрьеэ туссан байх магадлалтай учраас заавал эмчид хандаж, зохих шинжилгээг өгөх ёстой.

Мөн Нуугдмал буюу далд хэлбэрийн сүрьеэ гэж байдаг. Халдвартай, идэвхтэй сүрьеэтэй хүний эргэн тойронд байсан хүмүүс. Гэр бүлийн хавьталд, ханиалгахад сүрьеэгийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөх албагүй. Үүнийг далд хэлбэрийн сүрьеэ гэдэг. Өнөөдөр манай улсад далд хэлбэрийн, өрхийн хавьталтай сүрьеэтэй хүмүүсийн урьдчилан сэргийлэх богино хугацааны эмчилгээ хийдэг. Эргэн тойрондоо ямар нэгэн байдлаар сүрьеэгийн хавьтал болсон бүх хүн урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж өвдөхгүй байх боломжтой болсон.

-Сүрьеэгээс улбаалан, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхлын үнэлгээг хийхэд манай улсын нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүрьеэгээс улбаалан гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээг зургаан байгууллага хамтран, 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран хийлээ.

Сүрьеэ нь эмчлэгддэг өвчин. Гэтэл нийгэмд энэ өвчнөөс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол ажиглагдсаар байгаа нь харамсалтай. Тиймээс олон нийтэд чиглэсэн хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байна.

Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтын үнэлгээний үр дүнгээс харахад гэр бүл, ажлын орчин төдийгүй өөрийгөө нийгмээс тусгаарлах хандлага ажиглагдаж байна. Ингэснээр цаг тухайд нь эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх нэг шалтгаан болж байна. Судалгааны хүрээнд 614 орчим сүрьеэгээр өвчилсөн хүнтэй ярилцлага хийсэн. Хамгийн ноцтой асуудал нь сүрьеэтэй хүмүүс өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарладаг юм байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дорд үзэх асуудал байдаг. Тодруулбал, иргэдийн 48 хувь нь өөрийгөө гадуурхсан байна. Үүнээс болоод эмнэлгийн тусламж авч чадахгүй тохиолдол нэлээд байгаа. Түүнчлэн гэр бүлээс нэг хүн сүрьеэгээр өвдсөн тохиолдолд дам гадуурхалтад өртдөг гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. Нэг ёсондоо сүрьеэтэй хүнээс халдвар авах вий гэсэн айдсын улмаас санаатай болон санамсаргүй байдлаар ялгаварлан гадуурхал үүсгэдэг.

-Энэ ялгаварлан гадуурхалтыг бий болгохгүй байхын тулд юу хийх ёстой байдаг юм бол?

-Үнэлгээний хүрээнд засгийн газар болон холбогдох долоон яаманд чиглэсэн зөвлөмж гарсан. Хамгийн гол нь бүх байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. Иргэдэд чиглэсэн, сүрьеэгийн талаарх сургалт сурталчилгаа дутуу байгаа учраас айдастай байдаг. Тиймээс иргэдэд сүрьеэгийн талаар, энэ өвчин эмчлэгддэг бөгөөд эмээ уугаад 14 хоноход халдвар тараахгүй гэх мэт үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. Манай иргэдэд энэ төрлийн мэдээлэл их дутмаг байна.

-Ялгаварлан гадуурхлаас үүдэлтэйгээр сүрьеэгийн эрт илрүүлэг муу байх магадлалтай гэсэн. энэ талаар

-Олон нийт өөрсдөө сүрьеэтэй гэхээр л ядуу тарчиг гэсэн буруу үзэл бодол тогтсон байдаг. Энэ нь сүрьеэтэй хүмүүсийн 25 хүртэлх хувьд нь тусламж үйлчилгээ авахад нь саад болдог. Ийм гадуурхал байгаа учраас эмчилгээ оношлогоонд очихгүй байна гэсэн үг. Энэ нь эрт илрүүлэгт, эмнэлэгийн тусламж авахгүй байхад нөлөөлдөг.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Маргааш 23 хэмийн дулаан байна
Маргааш 23 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.