Д.Энхтайван: Алтанбулаг боомт дээр нөхцөл байдал хэвийн, ОХУ-ын иргэд бөөгнөрөл үүсгээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтайван: Алтанбулаг боомт дээр нөхцөл байдал хэвийн, ОХУ-ын иргэд бөөгнөрөл үүсгээгүй

/2022.09.22/ Өчигдрөөс эхлэн ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Үүнтэй холбоотойгоор тус улсын иргэд Алтанбулаг боомтоор ихээр орж ирж, томоохон автомашины цуваа үүссэн байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомт дээрх нөхцөл байдал ямар байна вэ? Цахим орчинд тархаж байгаа шиг их машины бөөгнөрөл үүссэн үү?
-ХХЕГ-т ирсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомт дээр ямар нэг бөөгнөрөл үүсээгүй байна. Хил дээр ачаалал үүссэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд явж байна. Гэхдээ тус боомтоор хоногт ОХУ-ын 850-900 орчим иргэн орж, гарч байгаа. Өчигдрийн байдлаар 382 зорчигч орж ирж, 260 зорчигч хилээр гарсан байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр ОХУ-ын 600 гаруй иргэн хилээр нэвтэрч, гарсан гэсэн үг. Үүн дээр Монгол Улсын иргэд болон бусад гуравдагч орны зорчигчдын тоо бас нэмэгдэнэ. Ингээд нэгдсэн дүнгээр 4 мянга гаруй хүн хилээр орж гарсан байна.

Тэгэхээр дээрх тооны зорчигчоос хамаарч автомашины тоо ч мөн нэмэгдэнэ гэсэн үг юм. Хамгийн багадаа 300-400 тээврийн хэрэгсэл болно. Шууд шалган нэвтрүүлэх боломжгүй, бичиг баримт, машинд нь шалгалт хийх учир мэдээж тодорхой хэмжээний дараалал, хүлээлт үүснэ. Тиймээс зарим хүмүүс ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотойгоор урт дараалал үүсэж байна гэж бодсон байх магадлалтай юм.

-2021 оны хоёрдугаар сараас хойш буюу дайн эхэлснээс хойш тус улсаас орж ирсэн иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үү?
-Дээрх тоо тогтмол тоо гэж ойлгож болно. Бага зэргийн хэлбэлзэлтэй байх магадлалтай. Учир нь аялал жуулчлал, бизнесийн шугамаар орж ирж байгаа янз бүрийн шалтгаантай хүмүүс байдаг.

-Магадгүй цаашид ОХУ-аас олон тооны хүмүүс дүрвэж орж ирвэл манай талаас ямар зохицуулалт хийх вэ? Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-НҮБ-ын Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц гэж байдаг. Гэхдээ манай улс тус конвенцод нэгдэн ороогүй байна. Өөрөөр хэлбэл, дүрвэгсдийг эх орондоо байлгаж, зохицуулалт хийх эрх зүйн үндэс байхгүй. Харин Хүний эрхийн түгээмэл тунхаглалд манай улс нэгдэн орсон. Уг тунхаглалд хүн өөрийн амьдрах газраа сонгох эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс хилээр олон тооны дүрвэгсэд орж ирсэн тохиолдолд тухайн хүмүүсийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Тэрнээс биш “хил зөрчөөд ороод ирлээ, арга хэмжээ авна” гэж болохгүй. Хилийн зөрчил гэдэг бол өөр ойлголт. Тиймээс ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улс энэ эрхийг нь хүндэтгэх зарчим барьж ажиллана.

-Таны зүгээс иргэдэд хандаж хэлэх сэрэмжлүүлэг мэдээлэл байна уу? Өчигдрөөс хойш үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ шүү дээ.
-Албан ёсны баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэрнээс биш баталгаагүй мэдээллийг хараад шууд нөхцөл байдалд дүгнэлт хийж болохгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Хойд Солонгос: ОХУ-д зэвсэг нийлүүлээгүй, нийлүүлэхгүй
Хойд Солонгос: ОХУ-д зэвсэг нийлүүлээгүй, нийлүүлэхгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.