/2024.04.02/: Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хөтлөн явуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулав. Хуулийн төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгасан байна.
Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, үүний дотор, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Тухайлбал, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө үүрэг хүлээхээр зааж, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн, үрчлүүлсэн, дагавар хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил байхаар зохицуулж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд танилцуулгадаа онцолсон юм. Мөн тэрбээр, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх үүднээс гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор, сайн дураар ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдаж болохоор зааж, хэрэв холбоотой бол гэрлэхийг хориглохоор заасан гэлээ. Хуулийн төсөлд туссан бас нэг шинэлэг зохицуулалт нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчдын харилцааг зохицуулсан явдал юм. Тэдэнд тавигдах шаардлага, эрх үүрэг, хамтын амьдралыг дуусгавар болгох, хүүхдийн асуудлууд зэрэг олон нарийвчилсан харилцааг энд тусгасан байна.
Түүнчлэн хуулийн төсөлд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан зааж, тэдний эрх ашиг, эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалт нэмжээ. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг төсөлд нарийвчлан зааж, түүний үндэслэл, нөхцөл, үүсэн гарах үр дагаврыг ялгаж шинэчлэн найруулсан байна. Шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийг хамтад нь заавал шийдвэрлэхээр зохицуулж, тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэхээр заасан талаар Дэд сайд Б.Солонгоо танилцуулсан юм.
Түүний дараа Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх 2018 онд хийсэн судалгааныхаа талаар Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Уг судалгаанд 10 аймаг, 30 сум, нийслэлийн зургаан дүүргийн 62 хорооны нийт 2016 өрх хамрагдсан байна. Судлаачид монгол гэр бүлийн бүтцийг статистикын албан ёсны тоо баримтууд болон урьд өмнө хийгдсэн суурь судалгаанд суурилан дан буюу эцэг эх, үр хүүхдүүдээс бүрдсэн, нийлмэл буюу өргөжсөн, ургийн хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдардаг, өрөөсгөл буюу эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүл гэж ангилжээ.
Мөн насны ангиллын хувьд ахмад, дунд, залуу гэр бүл гэж авч үзэхэд ахмад настай гурван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь нийлмэл гэсэн дүн гарчээ. Гэр бүлтэй адилтгах харилцаатай буюу хамтран амьдрагчдын эзлэх хувь 13.5 байгаа бөгөөд нийслэлд давамгайлж байгааг судлаач хэлж байлаа. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйлийг тодруулах зорилгоор нэн шаардлагатай зүйлсийн эрэмбийг 2010 оны судалгаатай харьцуулан гаргасан байна. Энэ тухай асуултад судалгаанд оролцогчид доорх байдлаар хариулсан байна.
Монгол гэр бүлийн доторх харилцааны хэв шинжийг нэгдэл нягтралын (салангид, нэгдмэл) байдлаар авч үзэхэд 50 хувь нь салангид, 19 хувь нь тусгаарлагдсан байдалтай бол 25 хувь нь нэгдмэл, зургаан хувь нь өндөр түвшний нэгдмэл гэсэн дүн гарсан байна. Харин дасан зохицох чанарын (тогтсон болон уян хатан) байдлаар авч үзэхэд 73 хувь нь хөшүүн, 20 хувь нь уян хатан хэмээн дүгнэгджээ. Эдгээрээс монгол гэр бүлүүдийн 91.3 хувь нь дунд түвшний тэнцвэртэй гэр бүлийн төрөлд хамаарч буй нь харагдсан бөгөөд ийм гэр бүлүүд өөрчлөлтөд дасан зохицох чадвартай ч харилцаа холбоо тааруу, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг гэсэн дүгнэлтийг судлаач нар хийжээ.
Гэр бүл салахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг судалгаанд оролцогчид анхаарал халамж дутагдах, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн нэрлэсэн бол бодит шалтгаануудыг үзэл бодлын зөрчил, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэхчлэн дурдсан байна.
Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулгаа дүгнэхдээ, монгол гэр бүлийн төр засгаас зохицуулалт, дэмжлэг хүссэн гол асуудал бол хөдөлмөр эрхлэх боломжийг өсгөх, орлого нэмэгдүүлэх явдал гэдгийг онцлоод, төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөгжлийн болон дэмжин туслах үйлчилгээг бий болгож, гэр бүлийн амьдралын мөчлөг бүрийн хэрэгцээнд суурилан хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Тэрбээр, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг өгүүлж, хуулийн хэрэгжилт, түүний шударга байдлыг иргэд урьд өмнөхөөс илүүтэй хүсэмжлэх болсныг тэмдэглэв.
Эх сурвалж: УИХ