/2023.12.6/ Хуульч Ө.Эрдэнэ-Очир: “Төрийн албан тушаалтан буруу шийдвэр гаргаад төрд хохирол
учруулаад, татвар төлөгчдийн мөнгийг үрэгдүүлснийг буруутай албан тушаалтнаар
буцаад төлүүлэх ёстой хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байсан. Энэ асуудлаар бид
Үндэсний аудитын газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, анх удаа стратегийн өмгөөллөө
эхлүүлж байлаа.”
Нийтийн гэх тодолготой бүхэн рүү гар дүрж, иргэдийн төлөө гэх нэрийн дор хүний эрхийн зөрчил
энгийн үзэгдэл болж буйтай эвлэрэхийг хүсээгүй залуу хуульчид “Онч шийдэл” төрийн бус
байгууллагыг байгуулсан түүхтэй. Нэг ангийн дөрвөн залуу хуулийн дагуу, хуулиар зэвсэглэн
нийтийн эрх ашгийн төлөө ажиллан 10 жилийг ардаа үдсэн байна.
Нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэг хувь хүнээс цаг зав, мэдлэг
туршлага, тууштай байдал зэрэг олон зүйлийг шаарддаг. Тэдний өнгөрсөн хугацаанд хийсэн
стратеги өмгөөллөөс онцлон танилцуулбал:
СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ-1
Үндэсний аудитын газрыг хариуцагчаар дуудсан тэдний анхны шүүхийн шийдвэр “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлэлгүй Монгол улсын Үндэсний аудитын газар эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоосон” байна.
Ийнхүү шүүхээс Аудитын газрыг “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчид учруулсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгах” шийдвэрийг гаргаснаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг тогтолцоо бүрдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж чаджээ.
Энэ шүүх хурлын дараа төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож
зөрчлийн болон эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд 376.9 тэрбум төгрөг, иргэний эрх зүйн бусад маргааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохиролд 348.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Иргэний хэргийн шүүхээр 13 хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаагаас гадна Төрийн албаны зөвлөл болон шүүхийн шийдвэрийн дагуу 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна.
СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ 2:
ЖДҮ Сангийн журам, ил тод байдал, хариуцлагыг тогтолцоог сайжруулахад ТББ-ын хуульчдын
баг ажиллажээ. Тэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг хариуцагчаар татан, шүүхэд
маргаан үүсгэсэн байна.
Шүүхэд хандсны дүнд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам” 2020 оны А/129 тушаалаар хүчингүй болсон аж. Улмаар нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар ЖДҮ-ийг дэмжих зээл олгох шинэ журамтай болсон нь хаалттай хүрээнд, улс төрийн хамаарал бүхий цөөн тооны хүмүүст хөнгөлөлттэй зээл олгогдох ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг таслан зогсооход үр нөлөө үзүүлсэн.
Нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар ЖДҮ дэмжих зээл олгогдох болсноор зорилтот, жижиг
дунд бизнес эрхлэгчдэд уг зээл очиж, хэдэн мянган ажлын байрыг бий болгосоор байна.
Огноо |
Олгосон санхүүжилтийн дүн |
Зээлдэгчийн тоо |
Бий болсон ажлын байр |
2019 |
45,544,716,253 төгрөг |
431 |
2865 |
2020 |
22,816,441,400 төгрөг |
249 |
1689 |
2021 |
810,000,000 төгрөг |
12 |
74 |
2022 |
20,474,754,277 төгрөг |
156 |
1043 |
2023 |
27,387,703,081 төгрөг |
208 |
1002 |
СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ-3
Ө.Эрдэнэ-Очир: “Хүний хуулийг зөрчиж болох ч байгалийн хуулийг зөрчиж болохгүй гэдгийг энэ зун бидэнд ойлгуулсан...”
2023 оны зун болсон үерийн гамшиг, эрсдлийг урьдчилж харсан хуульчид бол “Онч шийдэл” ТББ-ынхан байсан аж. Тэд 2022 оны 7-р сарын 27-нд “Акуа гарден”-ны газар, барилгын зөвшөөрөл”-тэй холбоотой хэргээр Нийслэлийн засаг дарга болон Ерөнхий архитектор, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудыг шүүхэд дууджээ.
Энэ хэрэг одоо ч гэсэн дуусаагүй явж байгаа боловч дараах тодорхой үр дүнг гаргаад явж байгаа аж. Тодруулбал,
- Хариуцагч хотын дарга Д.Сумъяабазар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 8-р сарын 30-ны өдөр А/1000, А/1002 дугаар захирамж гаргаж, А/1000 дугаар захирамжаар Эм энд жи констракшн ХХК-ийн барилга нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон тул барилгыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв. А/1002 тоот захирамжаар Эм энд жи констракшн ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, онцгой хамгаалалтын бүс үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн тус компанид эзэмшүүлсэн 29094 м.кв газраас 7844 м.кв газрыг хассан шийдвэр гаргав.
- Энэхүү маргаан үүссэний дараа Хотын дарга Д.Сумъяабазар нь голын онцгой хамгаалалтын бүсэд байршилтай 1642 барилгын А даалгавар цуцлах шийдвэр гаргасан нь онцгой хамгаалалтын бүс үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдах ёстойг нийгэмд харуулав.
- Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгын хүрээнд Прокурорын байгууллагаас 2023 онд голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах шаардлага бүхий 18 нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байна.
Гэрэл зургийг: Б.Заяажаргал
Сэтгүүлч: С.Бэрцэцэг, О.Батхишиг (Бодлогод залуусын хяналт ТББ-аас Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Иргэний орон зайг хамгаалахад залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчид)